Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) сар тутмын ээлжит уулзалтаа зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож, Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлаж буй бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Оюутолгой төслийн үйл ажиллагааг зогсоох тухай асуудал байж болохгүй гэж тэрбээр мэдэгдэв. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г ирэх зургаадугаар сараас идэвхжүүлэх чиглэлд засгаас анхааран ажиллаж буйг хэллээ. Уул уурхайн салбарын гол сорилт болсон төмөр замын дэд бүтцийн талаар хэлэхдээ нийгмийг талцуулаад буй Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замын аль аль нь Монгол Улсад хэрэгтэй гэж байр сууриа илэрхийллээ.
Дашрамд, АмЧам Монгол байгууллагыг танилцуулахад АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн аж.
Сэтгэгдэл ( 0 )