“Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагуудад чиглэл өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр нарын хүмүүс “Эрдэнэс- Тавантолгой” ХК-д ажиллажээ. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй дэд захирлууд, хэлтэс, албадын дарга нар үйл ажиллагаа, хэтийн төлөв, зорилго зорилтынхоо талаар танилцуулсан байна.

 Өдгөө 800 орчим ажилтантай "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгасан. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн юм. Үүгээр тогтохгүй төрийн өмчит компанийн хувьцааг анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах өндөр зорилт тавин, бэлтгэл ажил 60 орчим хувьтай байгааг Б.Ганхуяг захирал хэлжээ.

 Дэд сайд Д.Загджав компанийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцсаны дараа удирдлагуудад нь зарим үүрэг чиглэл өглөө. Тэрбээр мөн ““Эрдэнэс- Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар хичээн ажиллаж байгаа нь маш том дэвшил. Цаашид нүүрсээ баяжуулан, чанарыг нь сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай. Та бүхэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа улам бүр сайжруулаарай. Та бүхэнд итгэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top