Инфографик: Экспорт, импорт өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Манай улс энэ оны эхний улиралд дэлхийн 120 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.8 тэрбум ам.доллар, импорт 1.3 тэрбум ам.долларт хүрлээ. Харин гуравдугаар сард экспорт 678 сая ам.долларт, импорт 448.2 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 191.7 сая ам.доллараар, импорт 114.7 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 444.5 сая ам.доллар, үүнээс экспорт 289.3 сая ам.доллараар, импорт 155.3  сая ам.доллараар тус тус өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний улиралд 351.9 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 134 сая ам.доллараар өсч, 485.9 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл гуравдугаар сард 229.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 77 сая ам.доллараар өссөн байна.

Экспорт оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 289.3 сая ам.доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 132.3 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 71.6 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 155.3 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 36.6 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 29.2 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 30 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 87.9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top