Жоомоо алах гээд гэрээ шатаав гэгчийн үлгэр болох вий...

2019 оны 04 сарын 22

Санхүүгийн салбарын хөгжлийн  “Өнгөрсөн, Одоо, Ирээдүй”-г хэлэлцсэн “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” зохион байгуулагдлаа. Эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв байдал, сорилтуудыг  дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зөвлөмжийг тодорхойлох нь чухал учраас салбарын мэргэжилтнүүд уг арга хэмжээнд ач холбогдол өгч буйгаа илэрхийлж байв. Тухайн цаг үеийн болон ойрын ирээдүйд эдийн засагт тулгамдаж буй  асуудлуудыг бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, зах зээлд оролцогчид хамтран судалгаа, шинжилгээнд  суурилан хэлэлцэх зорилготой  уг чуулганыг Төв банкнаас 2018 онд анх зохион байгуулж байсан. Харин энэ жилийн тухайд Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган зохион байгуулж,  “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ жилийн бодлогын чуулган, эрдэм шинжилгээний хурал нь санхүүгийн зах зээл, эдийн засаг, макро бодлогын түвшинд тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад чухал нэмэр оруулна гэж үзэж буйгаа Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн бол Монголын банкны салбарын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн түвшинд байна гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллагуудын зүгээс өгч буйг Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дуулгалаа.
 

Монголын банкуудын  холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат 90-ээд оноос хойшхи банкны салбарын талаар хэлэхдээ “Ерээд оны дундаас хэрэгжүүлсэн санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийн үр нөлөөний ачаар  өнөөгийн түвшинд хүрсэн байна гэсэн ойлголт өөрийн эрхгүй төрж байна л даа. Өмч, хуримтлал,   бүртгэл байхгүй тийм нөхцөлд л санхүүгийн систем анх үүсч, ажиллаж байв.  Тэр үед банкуудыг удирдаж байгаа хүмүүс нь зээл олгоод буцааж авна гэхээсээ илүү улсынхаа эдийн засгийн хөгжлийг яаж дэмжих вэ гэсэн сэтгэлгээгээр л үйл ажиллагаа явуулж байсан. Тийм л сэтгэлгээтэй, орчинтой  үед банкны хууль тогтоомжууд гарч, улмаар өмч хувьчлал, барьцаа хөрөнгийн бүртгэл гэсэн олон хүчин зүйлсийн  нөлөөгөөр өнөөгийн банкны систем бүрэлдэж, үйл ажиллагаа явуулж ирсэн” гэж  хэлж байлаа.

Мөн чуулганаар санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах суурь, дэлхийн санхүүгийн хямралын дараагаас макро зохистой бодлого нь санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, дархлааг бий болгоход чухал болохыг онцолж эхэлсэн тухай яригдав. Монголбанкнаас санхүүгийн салбарын эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх зорилгын хүрээнд макро зохистой бодлогын хэрэгслийг хяналт шалгалтын болон мөнгөний бодлоготой хослуулан ашиглаж эхлээд байгааг дурдаж байна. За мөн санхүүгийн зах зээлийн ирээдүй болсон Финтекийн талаар хэлэлцлээ. Манай орны хувьд финтек нь харьцангуй шинэ салбар боловч, энэ чиглэлээр цөөнгүй компаниуд үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Санхүүгийн салбарын технологийн шинэчлэлтэй уялдан гарч ирж буй энэ шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухлаар тавигдаж байна. Монголбанкнаас “Цахим мөнгөний журам” шинээр боловсруулж, баталсан нь финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжих эрх зүйн орчин болоод байгаа юм.

Чуулганаар хэлэлцэгдсэн гол асуудлуудын нэг нь зээлийн хүүд хязгаар тогтоох тухай асуудал байв. Ер нь бол зээлийн хүүг бууруулах боломж байна уу гэдэг асуудлаар эдийн засагчид, улс төрчид олон жил ярьж буй. Ярихын нөгөө талд  өндөр хүүний улмаас бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсээр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа  өсч өндийх боломж хумигдаж байгааг хэлэх эдийн засагчид бий. Тэгвэл зээлийн хүүд хязгаар тогтоох тухай асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх тухай асуудал энэ жилийн бодлогын чуулганыг угтан яригдсан нь, банкны салбарынхныг байр сууриа хатуу илэрхийлэхэд хүргэлээ. Гуравхан сая хүн амтай манай улсад  13 банк,  18 даатгалын компани,  500 ББСБ,  300-гаад Хадгаламж зээлийн хоршоо, 80-аад брокерийн компани, найман мянган ломбард, Засгийн газрын 29 тусгай сан байгаа нь гажуудлын маш том эх үүсвэр гэж Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болдоо хэлж байлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр 29 их наяд төгрөг байршчихсан тусгай сангуудаас хүүгүй болон гурван хувийн хүүтэй зээл олгодог зэрэг нь гажуудлын жишээ гэж тэрбээр хэлнэ лээ.

Ингээд чуулганаар яригдсан асуудлуудыг тодотгох үүднээс төлөөллүүдийн байр суурийг хүргэе.



УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: ХҮҮГ БУУРУУЛАХАД ЯМАР НЭГ БАЙДЛААР
ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Манай улсын валютын нөөц хасах  заачихсан ямар нөхцөл байдалтай байсныг бид бүгдээрээ мэднэ. Энэ бол ноцтой үзэгдэл. Тэгвэл  үүн дээр  сүүлийн хоёр гурван жилийн дотор арга хэмжээ авч ажиллаж, сүүлийн зургаан жилийн түвшнээр аваад үзэхэд валютын нөөцийг хамгийн дээд түвшинд буюу 3.7 тэрбум ам.долларт хүргэлээ. Энэ амжилтаар манай банк санхүүгийн салбарынхан  95 жилийн ойгоо угтаж байна. Бололцоогоо ашиглаж чадвал ямар үр дүнд хүрэхийг энэ жишээ харуулж байна. Нөгөө талаас эдийн засагт сайн үр дүн гарч байна. Ямар ч байсан 2019 оны эхний улирлын байдлаар Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл сүүлийн зургаан жилд анх удаагаа ашигтай гарч, 194 тэрбум төгрөгөөр давж гарлаа. Гэхдээ цаашдаа хийх ажлууд маш их байгаа.  Санхүүгийн салбараа хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй байна. Тиймээс  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэх жагсаалтад оруулаад явж байна. Дотоодоос хөрөнгө босгохын тулд IPO гаргаж байгаа компаниудыг дэмжих, энэ чиглэлийн инновацийг дэмжих бодлогыг дээд түвшинд  нэлээн  ярьж байна. Энэ чиглэлд тодорхой хэмжээний ахицууд гарна.  Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай асуудал яригдаж байгаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болоод бусад гишүүдийн санаачилсан хуулиудыг нэгтгээд хэлэлцэе гэж байгаа юм. Гэхдээ төр шууд автоматаар дээд хязгаар тогтоогоод, захиргаадаад хуучин систем рүү орно гэсэн асуудал биш. Ер нь зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Банкны зээлийн хүү өндөр байхаар ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо, ломбард нь хүүгээ 40, 50 хувьд хүргэж, дэлхийд байхгүй өндөр хүү тогтоочихоод байгаа учраас зээлийн хүүг бууруулахад ямар нэг байдлаар төрийн зохицуулалт хийх хэрэгтэй байна гэдэг дээр  ямар ч байсан  санал нэгдээд байгаа юм. Гэхдээ салбарынхныхаа  бодол санааг сонсоно. Шууд дээд хязгаарыг 18 гээд хатуу тогтоочихгүй. Гэхдээ энд иргэдийн болоод баялаг бүтээгчдийн хүсэлт байгаа учраас Монголбанкинд зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн. Эдийн засгийн байнгын хороо  хэлэлцсэн. Ингээд зах зээлээ, банк санхүүгийн салбарынхаа хөгжлийг бодолцоод асуудалд нааштай, бодлоготой  хандана гэдгийг хэлэхийг хүсч байна. Бидэнд хийх ажил их байна. Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн  байр суурийг барьж байгаа.
 

***
 

ХАС БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.БОЛДОО: ЗЭЭЛИЙН ХҮҮД ХЯЗГААР ТОГТООХ НЬ
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ  ҮХЛИЙН ЦОХИЛТ БОЛНО

-Зээлийн хүүг захиргааны аргаар тогтоох гэж буй явдал нь өөртөө  хийсвэр дайсан бий болгоод түүнийхээ эсрэг тэмцэл хийж байгаагаар  дүрслэгддэг Дон Кихотын тухай дундад зууны үеийн сонгодог зохиолыг санагдуулж байна л даа. Манай зарим нэг хууль тогтоогчид, популистууд мөн тэдгээрийг дэмжигч жирийн ард иргэд, бизнесийн хүрээний зарим нэг төлөөлөгчид зээлийн хүүд дээд хязгаар тогтоох ёстой гэж дайрч байгаагийн цаана “жоомоо алах гээд гэрээ шатаав” гэгчийн үлгэр болох вий. Учир шалтгааныг нь ойлгохгүйгээр зөвхөн үр дүн гаргахын төлөөх тэмцэл нь банкныхаа салбарыг шатаах аюулыг ойртуулаад байна. Хуулийн төсөл өргөн баригдчихсан байж байна. Сая М.Оюунчимэг гишүүн “Аюул учруулахгүйгээр хуулийг гаргах байх” гэж ярьж байна. Гэтэл аюул маш ойрхон байгаа. Сая Д.Ган-Очирын  илтгэл дээр гарсан шүү дээ. Монголын банкны салбарын үүх түүх, түүний нэг том ололт бол хөрөнгийн урсгалыг чөлөөтэй болгохын тулд банкны салбарын хууль тогтоомж ерээд оноос эхлээд маш тааламжтайгаар гарч байсныг дурдаж байна. Тэр дотроо хүүн дээр ямар нэг захиргаадалт хийхийг болиулсан. Үүгээрээ хөрөнгийн чөлөөт урсгалыг бий болгож, Монголын шинэ тутам байгуулагдсан банкны салбарт өнөөдөр 33 их наяд төгрөг төвлөрчихөөд байгаа. Ерээд онтой харьцуулахад, 0-ээс эхэлсэн гэж тооцвол Монголын ард түмний ийм их хөрөнгө банкны салбарын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд хуримтлагдаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд мотор, түлш шатахуун нь болоод явж байна. Тэгэхээр энэ хөрөнгийн чөлөөт урсгалыг зогсоох аюул өнөөдөр бидний үүдэнд ирчихээд байна.

-Яг ямар байшинг устгах гээд байна вэ.  Зээлийн хүү яагаад өндөр байна вэ?

-Зээлийн өсөлт ДНБ-тэй ямар харилцаа хамааралтай байдаг вэ гэдгийг харъя. Зээл нэг хувь өсөхөд, нэрлэсэн ДНБ 0.82 хувь өсч байна. ДНБ-ий бодит өсөлт  0.36 хувь. Нөгөө талаар банкны салбар доголдож, хямралд автаад чанаргүй зээлийн хэмжээ эрс өсвөл эсрэгээрээ эдийн засгийн өсөлтийг ухраадаг. Банкны салбар  эдийн засгийг гал шиг өрддөг. Дугуй шиг хурдлуулдаг мотор. Буруу замаар будаа тээвэл  эдийн засгийг  гал шиг шатааж чадна. Дугуй шиг осолдуулж чадна. Банкны салбарын хууль тогтоомжоо зөв гаргах хэрэгтэй. Зээлийн хүүний таазыг тогтоох биш гаргасан хуулиа чанд сахиулах ёстой. Банкны салбарынхан нь хуулиа мөрддөг байх хэрэгтэй.  Банк олон эзэдтэй. Бид ихэвчлэн банкны хувь нийлүүлэгчдийг яриад байдаг. Гэтэл 840 мянган хүүхэд өнөөдөр банкинд хадгаламжтай байна. Энэ хүүхдүүд бол банкны эзэд. Аж ахуйн нэгжүүдийн 300-гаад мянган данс байна. Энэ аж ахуйн нэгжүүд бас л банкны  эзэд. Нийт иргэдийн дансны тоо долоон сая болчихсон байна. Нэг хүн дөрвөн данстай байна.  Тэгэхээр бид  банкны салбарын энэ бүх эздийн хөрөнгө рүү орж, байшингаа шатаахын үлгэрийг үзүүлэх гээд байх шиг.

Зээлийн хүүнд эдийн засаг, бизнесийн орчин, инфляци, валютын ханш, төсвийн алдагдал, төлбөрийн балансын алдагдал,  УИХ,  Засгийн газраас бизнесийн салбарт хөндлөнгөөс зохисгүйгээр оролцож байгаа байдал, банкны салбарын  үр ашиггүй ажиллаж байгаа байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Зээлийн хүүг 17 хувь гэж бодоход 60 хувийг нь хадгаламжид төлдөг хүүний зардал эзэлж байна. Банкны үйл ажиллагааны өөрийнх нь зардал 23 хувь. Зээлээ төлдөггүй хүмүүсээс болж банк 6 хувийн эрсдэл үүрч байна. Банкны хувьцаа эзэмшигчид 11 хувийн ашиг олж байна. 17 хувийн хүүтэй зээл гэж бодвол хоёр орчим хувийн хүүг нь банкны эзэд ашиг болгож авч байгаа. Миний ажилладаг банкны жишээн дээр тоогоор илэрхийлэхэд, сүүлийн дөрвөн жилд хадгаламж харилцах эзэмшигчдэд 445 тэрбум төгрөг,  гадаад дотоодын зээлдэгчдэд хүү болгон 335 тэрбум төгрөг, улсын төсөвт 45 тэрбумын татвар, ажиллагсдыг цалинжуулахад 144 тэрбум төгрөг,  хувьцаа эзэмшигчдэд дөрвөн жилийн хугацаанд хуримтлагдсан байдлаар 80 гаруй тэрбум төгрөг очсон байх жишээтэй. Гэхдээ энэ ашгийг хувьцаа эзэмшигчид аваагүй, банкиндаа  эргэлдүүлж байгаа мөнгө. Тэгэхээр банк үр ашгаа яаж сайжруулах юм бэ гэхээр зардлуудыг бууруулах ёстой. Эдийн засгийн зөв бодлого байх ёстой. Валютын ханш тогтвортой, инфляци буурах ёстой. Төсвийн алдагдал буурах ёстой. Банкууд үйл ажиллагаагаа сайжруулах ёстой. Манайх мөнгө муутай орон. Байгаа багахан мөнгөө банк болон банк бус олон байгууллагуудад тараагаад тарамдуулаад хаячихсан. Тэгэхээр зээлийн хүү өндөр байхаас аргагүй. Санхүүгийн зах зээлд  оролцогчдыг оролцуулахдаа шалгуурыг өндөр болгож, хууль журмаа чанд сахиж чадахгүй байгаа оролцогчдыг зах зээлээс гаргах ёстой. Тэгж байж хөрөнгийн төвлөрөл бий болно. Зээлийн хүүг хуульчлаад тогтоох юм бол Монголын эдийн засагт үзүүлэх үхлийн цохилт болно гэж би хувьдаа үзэж байгаа. Эдийн засаг сул байгааг бид мэднэ. Энэ сул байгаа биет дээрээ үхлийн цохилт хийнэ. Захиргаадалтаар хүүнд тааз тогтооно гэдэг нь өнөөгийн инфляцийн найман хувь, төгрөгийн ханшийн 10 хувийн сулрал, улс төр эдийн засгийн эрсдэлийг “байхгүй бол” гэж муйхраар тушааж байгаатай агаар нэг эмгэнэлтэй явдал юм. Зээлийн хүүг хүчээр буулгах нь хадгаламжтай хүний мөнгийг хямд аваад мөнгөгүй хүнд хямд өгөх гэж байгаа хэрэг мөн. Хадгаламжтай хүн мөнгөө бодитоос бага хүүтэй хадгалуулчихаа л байчихна. Мөнгөө банкнаас татахаа бодно, мөнгө хомсдоно, зээлийн хүү өснө. Банкин дахь хадгаламж гадагшилж, зээлийн эх үүсвэрийн хомсдол хурцадна. Бичил, жижиг зээл, хэрэглээний зээл хумигдсанаар том компаниудын борлуулалт буурна. Ажилгүйдэл нэмэгдэнэ. Банкнаас гадагшилсан хөрөнгө валютад хөрвөж, төгрөгийн ханшийг сулруулна. Гинжин урвал явна. Засгийн газрын болон хувийн хэвшлийн гаднаас авсан ам.долларын зээлийн дарамт нэмэгдэнэ. Төлбөрийн тэнцэл, төсвийн хямрал нүүрлэнэ. Банкнаас гадагшилсан хөрөнгө үл хөдлөх хөрөнгөнд байршиж, орон сууцны үнэ огцом өснө. Банкнаас гадагшилсан хөрөнгө ББСБ, ломбард болон далд эдийн засаг руу орно. Татварын орлого буурна. Хөрөнгийн чөлөөт урсгал зогсоно. Системийн хямрал болно.

-Зээлийн хүүд ямар нэг хязгаар тогтоохгүйгээр шийдвэрлэх боломж юу байна вэ?

-Өдрийн зээлийг хязгаарлаж, хуульчилж болно. Төсөл нь яригдаж буй Харилцагчийг хамгаалах олон улсын зарчмыг хуульчилж, батлах ёстой. Банкны салбарт хийж байгаа аливаа хязгаарлалт банк бус санхүүгийн салбарт нэг адил мөрдөгдөх ёстой. Өнөөдөр мөрдөгдөж чадахгүй байна. Банк болон банк бус санхүүгийн салбарын хууль журмыг чанд сахиулах ёстой. Чанд сахиж чадахгүй бол зах зээлээс гарах ёстой. Зах зээлд оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Инфляцийг нам дор барих. Төгрөгийн ханшаа тогтвортой болгох. Төсвийн алдагдлаа бууруулах. Төр засгийг бизнесээс холдуулах. Ажлыг байрыг нэмэгдүүлэх энэ зүйлүүдийг хийж байж л,  хүүг бууруулна уу гэхээс илбийн аргаар захиргаадалтын шийдвэрээр буур гэхээр буурчихдаг зүйл байхгүй. Олон улсын өмнө ичгэвтэр, эмгэнэлтэй байдалд орно.

***

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН: ИНФЛЯЦИ ТАВАН ХУВЬ ДОТОР БАЙХАД
ЗЭЭЛИЙН ХҮҮ НЭГ ОРОНТОЙ ТООНД БАЙХ ЁСТОЙ

Зээлийн хүүг бууруулах асуудал үеийн үед төрийн бодлогын гол асуудал байдаг. Зээлийн хүү  бол манай эдийн засгийн төлөв ямар байгаагийн тусгал. Хүнээр бол халууны шил дээр гарч ирж байгаа заалт. Эдийн засаг цаанаа  асуудалтай байх юм бол санхүүгийн зуучлалын өртөг өндөр л байгаад   байдаг. Бид зээлийн хүүг бууруулна гээд захиргааны арга хэмжээ авах юм уу, хадгаламжийн хүүг буулгая, эсвэл банкуудын үйл ажиллагааны зардлуудыг бууруулъя, банкны эзэд ашгаасаа тодорхой хэмжээнд татгалзаж зээлийн хүүг бууруулах ёстой гэхчлэн шалтгаануудыг хэлдэг. Эдгээр шалтгаан бодит  мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ бол зээлийн хүүг дорвитой буулгах суурь шалтгаанууд болж чадахгүй. Хамгийн том шалтгаан бол макро тэнцвэр. Макро тэнцвэр гэдэг нь манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтайн хэрээр эмзэг байна. Гадаад худалдаа нь хоёр хөршөөсөө хамааралтай. Манай зээлжих зэрэглэл ямар байгаа билээ. Манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө  зээлж байна. Банкууд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс мөнгө татахад 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байна. Үүн дээр эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөрвүүлэх зардлыг нэмэх юм бол банкууд гадаад зах зээл дээрээс 12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна. Энэ нь  улсын эдийн засаг, зээлжих зэрэглэл ямар байгаа вэ гэдгийг харуулж байгаа юм. Үүгээр дамжиж банкуудад  ийм л хэмжээнд эх үүсвэр  олдож байна. Энэ эх үүсвэр дотооддоо шингэхээр ямар үр дүн дагуулах нь ойлгомжтой. Тэгэхээр төр өөрөө макро тэнцвэрээ хангасны дараа, инфляциа нам дор түвшинд 5 хувиас доош байлгаж чадсаны дараа, захиргаадалтын арга хэмжээнүүд авч болно. Төр үүргээ биелүүллээ, танай суурь өртгийг багасгаж өглөө, тиймээс та нар хэт өндөр хүү авах ёсгүй шүү гэж санхүүгийн зуучлагч байгууллагуудад хэлэх ёстой. Инфляци 5 хувь дотор байхад зээлийн хүү нэг оронтой тоонд байх ёстой гэсэн шат дараатай байдлаар арга хэмжээ авах ёстой юм. Тэгэхгүйгээр төр өөрөө санхүүгийн өртгийг нь өндөр болгочихоод,  араас нь зээлийн хүүг багасга гээд байх нь хэцүү л дээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(59.153.115.86) 2019 оны 04 сарын 23

Банкны зээл хадгаламжийн хүүгийн хэмжээг төрийн зүгээс захиргааны аргаар тогтоовол банкны үйл ажиллагаанаас хамаар ч харилцагчидад учирч болох бүхий л эрсдэлийг үүрэх хэрэгтэй болно. Харилцагчдийн өмнө хүлээсэн банкны үүрэг хариуцлагыг төр үүрч чадах уу.

0  |  0
монгол(59.153.115.86) 2019 оны 04 сарын 23

Зээлийн хүү өндөр гээд байгаа хүмүүс банкнаас авахаа больчихоод зах зээлээс хүсээд байгаа бага хүүтэй зээлээ авч болно Ер нь Банк хэнийг ч зээл ав гэж албаддаггүй . банкинд та бидний бидний хэдэн төгрөг байгаа нь үнэн түүндээ бага зэргийн хүү авдаг нь үнэн хүүнээсээ улсад татвар төлдөг нь бас үнэн гэтэл ”банкинд мөнгө хадгалуулаад хүү аваад баяжаад байна” гэж хар масст чиглэсэн урйа улс төрчидөөс гарч байгаа нь харамсалтай байна.хадгаламжийн хүү буурвал иргэд банкнаас мөнгөө татна.$ болгоно $ -н эрэлт нэмэгдэж ₮- сулрана. банк зээлийн эх үүсвэргүй болно.банкнаас зээл хүсээд ч олдохгүй

0  |  0
dsn(122.201.22.50) 2019 оны 04 сарын 23

Unen yum yrij surah heregtei! Bankuud bol ard olon oo l shulah bodlogo yvuulj bgaa shuu. Yum l bl gadaadiinhan sn bn gej dugnelee magtlaa gej hudlaa yrihaa boli!!! Bodit baidal bol shunaliin zuravsnaas hetreed yvj bn shuu!

0  |  0
zochin(66.181.161.114) 2019 оны 04 сарын 22

Битгий хуцаа

0  |  0
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
555(192.82.65.89) 2019 оны 04 сарын 22

ОДОО ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМ,,ЧӨЛӨӨТ УРСГАЛ ГЭЖ ХУДЛАА ХИЙСЭН ХИЙРХЭХЭЭ БОЛЬЦГООЁ,,,,САРЫН 240-300 ХУВИАР ХАДГАЛАМЖ ЗЭЭЛ,ЛОМБАРДУУД,,БАНКУУД ЖИЛИЙН 36-40 ЗЭЭЛ ӨГЧ БГАА НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ...ЭНЭ БОЛ 21 ОНООС ӨМНӨХ НАЙМААЧИН ХЯТАД МӨНГӨ ХҮҮЛЭГЧ НАРААС ДОЛООН ДОР ЮМ БОЛЖ БНА...ЭНЭ БОЛ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ӨРИЙН ТУЛАМ БОЛСОН 3 САЯ ИРГЭДЭЭ ХАРИН ТЭР ҮХЭЛРҮҮ ХӨТӨЛЖ БНА...МАНАЙ БАНК НЭРТЭЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ НАР ГАДААДААС ЖИЛИЙН 2-3 ХҮҮТЭЙ МӨНГӨ ОРУУЛЖ ИРГЭДЭЭ ШУЛАЖ БГАА НЬ НУУЦ БИШ ЮМ.ТЭД ХАРЬ ХҮНИЙ МӨНГИЙГ МОНГОЛД УГААЖ НУТАГ НЭГТЭНЭЭ ШУЛАЖ БГАА Э/З ЖИНХЭНЭ АЛУУРЧИД..ЭД НРААС ҮТЭР ТҮРГЭН САЛЖ ТӨРИЙН ХЯНАЛТ ТОГТООХ НЬ

0  |  0
Top