Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс 2011 оноос хойш дөрөвдүгээр сарыг бүхэлд нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар" болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү аяны хүрээнд, мөн Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэг нь “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор зохион байгуулагдсан юм. Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр барилгын салбар нь улс орны хөгжлийн түүчээ боловч эрсдэл өндөртэй салбарт тооцогддогийг онцолж, ажилтныг ажилдаа эрүүл очиж, гэртээ аюулгүй харих нөхцөлийг бүрдүүлэх нь салбарын хамгийн том амжилт болохыг тэмдэглэв.
Уламжлалт арга барилаас гадна энэ жилийн хэлэлцүүлэг хэд хэдэн шинэлэг сэдвээрээ онцлог байлаа:
-Хиймэл оюун ухаан (AI): ХАБЭА-н хяналтын тогтолцоонд хиймэл оюун ухааныг ашиглах боломжууд.
-Өндрийн ажиллагаа: Өндөрт гүйцэтгэх ажлын хяналт, аюулгүй байдлыг сайжруулах технологийн шийдэл.
-Урьдчилан сэргийлэлт: Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс хамгаалах сайн туршлагууд.
Хэлэлцүүлэгт салбарын инженер техникийн ажилтнууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд болон ирээдүйн боловсон хүчин болох оюутан залуус оролцож, санал бодлоо солилцсон нь салбарын хэмжээнд аюулгүй ажиллагааны мэдлэгийг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсан ач холбогдолтойг оролцогчид онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )