"Монос хүнс" шинээр 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор IPO гаргаж байна

2019 оны 04 сарын 22

"Монос хүнс" компанийн IPO гаргах арга хэмжээ өнөөдөр /2019.04.22/ болж байна. Хувьцааны захиалга 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тус компани хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна. "Монос хүнс" компани "Цэнэг", "Энхжин", "Экос" гэх мэт эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй зургаан брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч үйлдвэрийн хүчин чадлаас шалтгаалж, зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа аж.

Тиймээс IPO-оор татан төвлөрүүлэх хөрөнгөөр GMP стандартыг хангасан, бүрэн автомат Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулж, хүчин чадлаа 24 дахин нэмэгдүүлж, шинээр 32 нэр төрлийн эрүүл мэндийн шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байгааг компанийн зүгээс мэдэгдэж байна.

Сануулахад, Санхүүгийн зохицуулах хороо гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Монос Хүнс" компанид монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тусгай зөвшөөрөл олгосон. Үнэт цаас гаргагчийн андеррайтераар "Голомт Капитал ҮЦК" ХХК ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top