Боловсрол, эрүүл мэндийн жендэрийн үзүүлэлтүүдээр илүүрхэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Манай улсад сүүлийн жилүүдэд жендэрийн асуудлаар нэлээд ахиц дэвшил гарч боловсрол, эрүүл мэндийн жендэрийн үзүүлэлтүүдээрээ Ази, Номхон далайн орнуудтай харьцуулахад олон талаараа илүү байгаа аж. Гэхдээ дээд түвшний удирдах албан тушаал, бизнес удирдлагын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал байна. Түүнчлэн хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гэрийн ажил, гэр бүлийн гишүүдээ асрах үүргийг илүүтэйгээр үүрч байна. Ийм тэгш бус байдал нь тус улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, бүтээмжид нөлөөлж, хугацаа өнгөрөх тутам улам даамжирч байна гэж “Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” тайланд дурджээ.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд тэгш, бүрэн оролцоход тулгарч буй бэрхшээлийг арилгах, тэдэнд эдийн засгийн боломж, нөөц, бололцоог адил тэгш хүртээж, ялгаварлан гадуурхалтыг арилгаснаар аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж өсч, өрсөлдөх чадвар нэмэгдэж, улмаар улс орны эдийн засаг тэр дотроо өрх гэр бүл өсч дэвжихэд ихээхэн тустай байна гэж тодотгожээ.

Төрийн албан хаагчдын цалин, албан тушаалаар шат ахих тогтолцоог нэвтрүүлэх, хүүхэд асрах чөлөөг эцэг, эхэд хоёуланд нь олгох, хүүхэд харах үйлчилгээг сайжруулах, эмэгтэйчүүд цөөнөөр ажилладаг уул уурхай зэрэг салбаруудад эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаа явуулах зэргээр өргөн хүрээний арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь шинээр бизнес эхлүүлэх, түүнийгээ эрхлэн явуулахад нь аль болох хялбар байх бизнесийн журам зохицуулалтуудыг хийж өгөх хэрэгтэй гэсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top