2020-2023 он хүртэлх ЗГ-ын өрийн стратегийн чиглэлийн талаар мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2019.04.24/ болсон. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгийг хэлэлцэн УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Мөн 2020-2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг Засгийн газраас хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн 2020-2023 он хүртэлх Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг Засгийн газраас баталсан байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2020 онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд байна гэж тооцжээ. Инцляцийн төвшинг найман хувьд тооцож байгаа бол гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцсон байна. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцсон нь 2019 оноос 0.3 хувиар сайжрах үзүүлэлт аж. 2020 онд нийтдээ 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр оруулж ирэх ба Төрийн албаны тухай хууль, бусад хуультай уялдуулахаар тогтсон байна. Хөрөнгө оруулалтын зардлыг их тавьсан бөгөөд сонгуулийн жилээс урьтаж ажиллаж байгаагаа Сангийн сайд хэллээ. Тэрбээр Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын барилгын хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой гэлээ. Мөн төсвийн бүх зардлыг бууруулж тооцсон болохыг хэлж байлаа.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top