Арьсан урлалын үзэсгэлэн дэлгэгдэж, “Хүрэл буга” урамдав

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Хаврын сэрүүн өдөр сэтгэл дулаацуулам хачин тансаг үзэсгэлэн нээлтээ хийв. Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Ж.Доржсүрэн, Я.Эрдэнэчимэг, Р.Ариунболд нарын үе үеийн шавь нар хамтарч “Хүрэл буга 4” арьсан урлагийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өргөн үүдээ дэлгээд байгаа билээ. Дүрслэх урлагийн сургуульд Арьсан урлагийн ангийг 1971 оноос эхлэн нээж МУУГЗ багш П.Балдандорж, Ж.Доржсүрэн нар багшилж байсан юм. Улмаар уламжлалд тулгуурлан орчин үеийн хэлбэр хийцэд тохируулан, шинэлэг арга барилаар бүтээл болон бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн билээ. 1988 оноос тасраад байсан Арьсан урлагийн ангийг 1991 онд дахин нээж одоог хүртэл арьсан урлагийг заан сургаж 10 гаруй төгсөлтийн 200 гаруй уран бүтээлчийг төрүүлжээ. “Эмээл хазаар, ногт чөдрөөс эхлээд хувцас өмсгөл, ахуйн хэрэглээндээ арьсан урлалыг үндэсний хэв маягаа шингээн урладаг ардын урлагийн яндашгүй баялаг түүхтэй ард түмэн учир энэ соёл уламжлалаа үеийн үед өвлүүлэх учиртай” хэмээн Р.Ариунболд багш хэлж байна.

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлч Н.Мөнхтуулын “Цэцгийн дагинас” хэмээх ногоон дарь эх бүжиж буй мэт дүртэй залбирал сүсэглэл эгшнээ төрүүлсэн бүтээлээс эхлээд нар зөв даялан хөтөлсөөр Э.Бямбабаярын “Борголжин” хэмээх монгол хатны хөргийг арьсан урлалын уран зангилаат төрлөөр харуулсан бүтээл хүртэл өөр өөрийн гэсэн онцлог, ур хийц, өгүүлэмж, хүүрнэлтэй ер бусын ертөнцөөр зочлов. Уран бүтээлч Э.Амарзаяа “Баг”, “Зүүд манагч”, “Таван сарын бороо”, Б.Дамдинрагчаа “Элсний дотоод тал”, Г.Чинбаяр “Тожин азарга”, Ц.Солонго “Би монгол хүн”, “Сэтгэл гарахуйн орон”, Б.Нармандах “Говийн эгшиглэн”, “Муур” Р.Ариунболд “Таван сум”, “Дэлүүн болдог”, С.Эрдэнэтуяа “Цагаан Уул, “Дэнж”, Ү.Мэргэн “Тэнгэрийн чимэг” зэрэг 20 гаруй уран бүтээлчийн 60 гаруй бүтээл тавигджээ. Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн тэргүүн Дүрслэх урлаг судлаач П.Батжавын санаачилгаар тус үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Үндэсний уламжлалт өв соёл, дүрслэх урлагийн нэгэн төрөл арьсан урлагийг хөгжүүлэх зорилготой тус үзэсгэлэнд арьсан хөөмөл чимэглэлийн ханын зураг, арьсан барималын төрлөөр хийгдсэн бүтээлүүд байв.

Нээлтийн үеэр 2019 оны шилдэг цомын эзнээр Э.Бямбабаяр шалгарч, “Хүрэл буга” цомыг Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатараас гардан авав. Тэрбээр СУИС-ДДУС-ийг 2016 онд төгссөн ба энэ үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байгаа хамгийн залуу уран бүтээлч юм. “Эртнээс монголчууд арьс ширэн эдлэлийг амьдрал ахуйдаа хэрэглэж , тэр ч бүү хэл малгайн орой, дээлний товч шилбийг хүртэл зангидаж дээл хувцсаа гоёдог ганган чамин хэрэглээтэй, нүүдэлчин соёлтой үндэстэн. Энэ утгаараа ч арьсан урлалаа урлаг болготол шүтэж иржээ. Миний хувьд гоёлын уран зангилааг уран бүтээлдээ түлхүү ашиглаж байна” хэмээн тэрбээр хэлэв.
 

СУИС-ийн ДДУС-ийн үе үеийн төгсөгчдийн энэхүү бүтээл Орчин цагт арьсан урлагийн уламжлалыг шинэ техник технологийн онцлогтой хослуулан өвөрмөц сонин шийдэл бүхий арьс ширэн бүтээгдэхүүнийг сийлж хонхойлгон, уран зургийг металь эдлэлтэй хоршуулан урлагийн бүтээлийг эрэл хайгуул судалгааны үндсэн дээр урлахыг зорьсон нь харагдаж байв. 2015 онд байгуулагдсан “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлчид хилийн чанад дахь уран бүтээлчидтэй хамтран ажиллах, туршлага солилцох, харилцан суралцах талаар өргөн хүрээтэй үйл ажиллагаа эхлүүлсний тод жишээ бол 2017 онд Хөх хотод, 2018 онд Эрхүү, Якутск хотуудад үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчдийн уулзалт, үзүүлэх сургалт зэргийг амжилттай зохион байгуулсан байна.

Доржсүрэн багшийн нэрэмжит шагналыг уран бүтээлч Г.Бурмаа “Байгаль” хэмээх бүтээлээрээ хүртэв. Хүүхдийн урлан бүтээх төвийн Арт галерейн эрхлэгч тэрбээр тэрхүү галерейд хүүхдүүдэд арьсан урлагийн чиглэлийн дугуйлан ажилладаг тухай ч хүүрнэж байв. архитекторч, арьсан урлаач С.Чинзориг агсны нэрэмжит шагналыг түүний ээж Даариймаа уран бүтээлч Н.Мөнхтуулын “Цэцгийн дагинас” хэмээх бүтээлд нь гардуулав. “Монголын арьсан урлал, урлаг гээд хоёр өөр төрлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Урлал гэдэг нь цүнх, түрийвч, гутал гэх мэт хэрэглээ талдаа байдаг бол урлаг гэдэг нь одоо бидний үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд юм. Нэг бүтээлийг хийхэд арьс болон оролцох материал үнэтэйгээс гадна бүтээл хийгдэх цаг хугацаа өдрөөр биш сараар, зарим нь бүр нэг жилээр хугацаа зарцуулдаг учир мөнгөөр үнэлшгүй юм” гэж Н.Мөнхтуул өгүүлж байв.

Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 14-17 цагт өнөөгийн арьсан урлагийн чиг хандлагыг урлагт дуртай хүмүүст хүргэхээс гадна цаашдын хөгжил, олон нийтэд арьсан урлагийн мөн чанар уламжлалыг ойлгуулан мэдээлэл олгохоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм. Эрдэм шинжилгээний хуралд Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач, СУИС-ДДУС-ийн багш Р.Ариунболд “Монголын арьсан урлалын үүсэл гарвал нь эртний нүүдэлчдийн дүрслэх урлагийн анхдагч суурь болох тухай”, “Монголын олон ястны гутлын харьцуулсан судалгаа”, “Эртний арьсан өмсгөл ба монгол дээлний үүсэл судалгааны агуулга, судлагдсан байдал”, 1994-1999 оны төгсөгч С.Сайнням “Үйлдвэрлэлийн дизайны чиг хандлага”, “2006-2010 оны төгсөгч Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн тайлбарлагч, дизайнер Ц.Солонго “Дашмаганд хийсэн нууцын эрэлд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх аж. Ирэх зургаадугаар сард Хөх хотод энэхүү үзэсгэлэнгээ тавихаар болсныг дашрамд дуулгая. Энэ удаагийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Ийнхүү өөр өөрийн өнгө аяс, дуу хоолойгоор эртний сүг зураг, хаад хатдын дүр бүхий байгалийн үзэмж бахдал төрүүлэм хүннү үеийн хүрэл буга урамдав.

А.СҮГЛЭГМАА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top