Монгол, Өмнөд Солонгосын Багйаль орчны яамны хамтарсан төслийн үр дүнд агаарын чанарын үзүүлэлтийг бодит цагийн өгөгдлөөр авах боломж бүрджээ. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зориулсан “Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв”-ийг тохижуулан ашиглалтад орууллаа.
Тус мэдээллийн төвд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн орчны агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5, PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийн бодит цагийн өгөгдлийг шууд хүлээн авч, мэдээлэх www.agaar.gov.mn цахим сайт, агаарын чанарын хяналт-шинжилгээний анхан шатны мэдээ, өгөгдлийг хүлээн авах MAMIS төв сервер, Улаанбаатар хотын агаар, орчны фото мониторинг хийх зориулалт бүхий камер суурилагдсан байна.
Энэхүү төв ашиглалтад орсноор Улаанбаатар хот болон төв, орон нутгийн агаарын чанарын хяналт-шинжилгээний мэдээ, мэдээлэл, тайлан, дүгнэлтийг төрийн байгууллага, олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )