Наймдугаар сард олон жилийн дунджаас дулаан байжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнгөрөгч наймдугаар сар олон жилийн дунджаас дулаан байжээ. Үүнийг өмнөх жилтэй харьцуулбал 1.2 хэмээр, олон жилийн дунджаас 1.6 хэмээр дулаан байсан байна. Ийнхүү цаг уурыг хэмжиж бүртгэлд оруулж эхэлсэн 1940 оноос хойш тохиолдсон дөрөв дэх дулаахан сар болж түүхэнд үлджээ. Монгол орны хэмжээнд болон дөрвөн бүсээр хуваан дундажлан тооцоолсон наймдугаар сарын хоногийн агаарын дундаж температурын явцыг авч үзэхэд сарын ихэнх хугацаанд нийт нутгаар олон жилийн дунджаас 0.2°С-аас 6.9°С-аар дулаан байв. Харин 3 дугаар 10 хоногийн зарим үеүдэд хоногийн агаарын дундаж температур олон жилийн дунджаас -0.5°С-аас -1.9°С-аар хүйтэн байжээ.

Энэ сард Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийгол гэх газарт 40.3 хэм хүч халсан нь хамгийн их хэм болсон байна.

Монгол орны хэмжээнд наймдугаар сард дунджаар 36.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 13.4%, олон жилийн дунджаас 16.5%-иар тус тус бага бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 22 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджащаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 68 хувь нь дунджаас бага, 15 хувь нь дунджаас ахиу, 16.3% -д дунджийн орчим хур тунадас орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top