Төв банк 2018-2020 онд инфляцийг жилийн 8 хувь орчимд тогтворжуулах зорилттой ажиллаж буй. Тэгвэл Төв банкны 2018 оны жилийн тайланд инфляцийн нөхцөл байдлыг хэрхэн өгүүлснийг эшлэн хүргэхээсээ өмнө 2019 он гарсаар инфляцийн төлөв ямар байгааг товч өгүүлье.
2019 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд инфляци 6.7 хувьд хүрч 2018 оны арванхоёрдугаар сарын үзүүлэлтээс 1.4 нэгж хувиар буурсан бол Улаанбаатар хотын инфляци 7.5 хувьтай байна. Энэ нь суурь инфляцитайгаа нийцтэй бөгөөд зорилтот түвшиндээ хадгалагдаж байгаа үзүүлэлт. Ирээдүйд чиглэсэн Мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахыг зорьдог. 2020 оноос инфляцийн зорилтыг зургаан хувь болгон бууруулах чиглэлд ажиллаж байна гэж Төв банкнаас мэдэгдсэн.
Тэгвэл 2018 онд инфляцийн дүр зураг ямар байсныг эргэн харъя.
2018 оны туршид 6-7 хувийн орчимд тогтвортой байж, оны эцэст 8.1 хувь байв. Эдийн засгийн сэргэлттэй уялдаад инфляци 2017 оноос алгуур нэмэгдэхийн зэрэгцээ нийлүүлэлтийн шинж чанартай үнийн өсөлт зарим сард инфляци хэлбэлзэхэд ихээхэн нөлөөлөв. 2017 оны эхний хагаст импортын автомашины татвар нэмэгдсэн, намар нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж их хэмжээний ургац алдсан зэрэг нь 2018 оны долон сар хүртэл инфляцийг нэмэгдүүлэх нөлөө үзүүллээ. Түүнчлэн, импортын архи, тамхины онцгой албан татвар нэмэгдсэнээр үнэд үзүүлэх нөлөө хадгалагдаж байна. Харин 2018 оны хоёрдугаар хагаст хатуу түлш, мах, шатахуун зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт жилийн инфляцийн тэн хагасыг бүрдүүлэв. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд тооцсон жилийн инфляцийн 5.4 нэгж хувийг хатуу түлш, мах, шатахуун гэсэн 3 төрлийн барааны үнийн өсөлт бүрдүүлжээ
Хатуу түлшний үнэ улирлын шинж чанартайгаар өөрчлөгдөж 8-11 сард өсөөд, арванхоёрдугаар сараас эргэн буурдаг боловч 2018 оны хувьд 1-3, 9-12 сард үнэ өссөнөөр жилийн өсөлт нь 64.6 хувьд хүрч, оны эцэст инфляцийн 2.4 нэгж хувийг бүрдүүлэв.
Махны үнэ зургадугаар сарын дундаас буурч, арванхоёрдугаар сарын дундаас эргэн өсөх хандлагатай байдаг боловч аравдугаар сараас эхлэн үнэ өссөнөөр жилийн инфляцийн 1.7 нэгж хувийг бүрдүүлсэн байна. 2018 онд дулааны аргаар боловсруулсан махны экспортын хэмжээ өмнөх оноос 8.3 дахин нэмэгдсэн, махны тээврийн зардал өссөн зэргээс дотоодын махны үнэ оны эхнээс 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн нь ийнхүү үнийн өсөлтөд хүчтэй нөлөөллөө.
Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлтийг дагаад 2018 оны хоёрдугаар хагаст өсч, оны эхнээс 400 орчим төгрөгөөр нэмэгдсэнээр инфляцид үзүүлэх нөлөө нь хурдтай нэмэгдэж байв. Харин арванхоёрдугаар сард Аи-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр буурснаар дотоодын шатахууны үнэ 2.4 хувиар буурч, инфляцийн 1.3 нэгж хувийг бүрдүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )