Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 06-ны өдөр “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцан, тус төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдэд шаардлагатай өндөр тунт А амин дэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, хүнд цочмог тураалтай хүүхдийн эмчилгээний бэлэн хоолыг гардуулж өглөө.
Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч нар болон “Промед” шүдний эмнэлгийн эмч, сувилагч нар хүүхдүүдэд цогц үзлэг хийж, шүдний цоорлоос сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг зэрэг эмчилгээ, үйлчилгээ хийлээ.
Бичил тэжээлийн дутагдал, амны хөндийн өвчлөл нь нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй томоохон асуудлын нэг бөгөөд хүүхэд 36 сар хүртлээ эрчимтэй өсдөг тул тэдний бие махбодид шаардагдах шимт бодисын хэрэгцээ ихсэж, эхийн сүү болон хоол тэжээлээс авч буй хэмжээ нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийн хэрэгцээг бүрэн хангаж хүрэлцэхгүйгээс шалтгаалан хүүхэд хоол тэжээлийн дутагдалд өртөж эхэлдэг.
Иймд хүн амыг бичил тэжээлийн дутлаас сэргийлж, хүүхдийн өсөлт, хөгжилтийг дэмжих зорилгоор шаардлагатай аминдэм, эрдэс бодисыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч жил бүрийн 5 болон 11 дүгээр сард Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгодог билээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаашид өндөр тунт А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард тогтмол олгох, хүүхдүүдийг нарийн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, түр хамгаалах байрны эмчийг чадавхижуулах сургалтад тогтмол оролцуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах юм.
Мөн хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа нэн чухал юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )