Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, нийслэлийн хэмжээнд ӨЭМТ-ийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хяналтыг сайжруулах зорилгоор дөрөвдүгээр сарын 16-аас тавдугаар сарын 08-ны хооронд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээн дэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлье” сэдэвт чадавхи бэхжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ хүрээнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний сургагч багш бэлтгэх, “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт ӨЭМТ-ийн ахлагч нарт нийт гурван удаагийн сургалт хийлээ. Түүнчлэн өрхийн эмч нарт зориулсан “Өвдөлт намдаалт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт чадавхижуулах сургалтанд Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан юм.
Тус сургалтанд есөн дүүргийн хавдар судлаач эмч нар, мөн дүүрэг бүрээс ӨЭМТ-ийн хоёр эмчийг сонгон, нийт 27 эмч хөнгөвчлөх эмчилгээний сургагч багшаар бэлтгэгдсэн байна. Улмаар сургагч багш нараар дамжуулан ӨЭМТ-ийн бусад эмч нарт сургалт хийж, чадавхижуулах боломжтой болжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 7, 8-нд зохион байгуулагдсан “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ”, “Өвдөлт намдаалт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтанд Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн ахлагч нар болон эрүүл мэндийн төвийн хавдар судлаач эмч, өрхийн менежер, халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн, ӨЭМТ-ийн эмч, сувилагч зэрэг нийт 100 хүн хамрагдлаа.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт хорт хавдар орж буй бөгөөд шинээр оношлогдсон хорт хавдрын тохиолдлын 70 гаруй хувь нь хожуу буюу зөвхөн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ шаардлагатай үедээ оношлогдож байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )