АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-д айлчлал хийлээ. Айлчлалын эхэнд тэрбээр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Талууд олон улсын өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний дотор Венесэулийн асуудал байжээ. Энэ асуудал дээр ОХУ Венесуэлийн ард түмэн өөрөө хувь заяагаа шийдэх ёстой бөгөөд сөргөлдөгч талууд яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Майк Помпео тус улсад ардчиллыг тогтоох явцад нь Венесуэлийн ард түмэнд дэмжлэг үзүүлэхийг уриалаад, АНУ болон тавь гаруй улс орон Николас Мадуро албан тушаалаа өгөх цаг нь болсон гэж үзэж байгаа бөгөөд ОХУ Мадурог дэмжихээ зогсооно гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Талууд мөн Ираны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, улс төрийн зөв шийдэл олно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Үүний дараа Майк Помпео, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхжээ. Хоёр орчим цаг үргэлжилсэн уулзалтын үр дүнг эерэгээр дүгнэсэн ч мэдэгдэхүйц дэвшил одоогоор гараагүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков онцлов.
Талууд Сири, Ойрх Дорнод, Солонгосын хойг зэрэг олон улсын өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн байна. Үүний сацуу ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар ирэх сард Япон улсад болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах боломжийг мөн ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )