АНУ Ирантай шинэ цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

АНУ Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн баталгаа өгвөл тус улстай шинэ цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Германы Rheinische Post сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Дэлхийн аюулгүй байдалд заналхийлэх цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхгүй гэсэн баталгаа өгвөл Иран улстай шинэ хэлэлцээр байгуулахад бэлэн байна” гэж тэрбээр онцолжээ. Ирантай 2015 онд байгуулсан гэрээний талаар Помпео хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү гэрээг Ираныг цөмийн зэвсэгтэй болгоход чиглэсэн гэж үздэг. Тиймээс АНУ эл гэрээнээс гарсан гэжээ. Түүнээс гадна Иран улс пуужингийн хөтөлбөр хөгжүүлж, дэлхий даяар “Хэзболлах” хөдөлгөөний гишүүдийг байршуулж, Европт халдлага үйлдэж байна гээд 2015 оны цөмийн гэрээ үүнийг өөрчлөөгүй гэж тэрбээр өгүүлжээ. Помпео АНУ-аас Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ Ираныг улс төрийн чиг, бодлогоо өөрчилж, хэлэлцээний ширээний ард суухад хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, оронд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон АНУ, ЕХ-ны зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах зорилгоор 2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтын ажиллагааны гэрээнээс Вашингтон гарч буй тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр мэдэгдэж байсан билээ. Үүнээс хойш яг нэг жилийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Тегеран тус гэрээнээс хэсэгчлэн гарч буй тухай зарласан. Тэрбээр мөн АНУ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд Вашингтонтой яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой гэж өнгөрсөн сарын 29-нд мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top