Иран уранаа таван хувь хүртэл баяжуулж эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Лалын Бүгд Найрамдах Иран Улс лхагва гарагаас /2019.11.06/ эхлэн уран баяжуулах Фордо үйлдвэрт уранаа таван хувь хүртэл баяжуулж эхэлжээ.

Ираны цөмийн эрчим хүчний газрын тэргүүн Али Акбар Салехигийн мэдэгдсэнээр, цөмийн гэрээ байгуулахаас өмнө тус улс Фордо үйлдвэртээ ураныг 20 хүртэл хувиар баяжуулж байжээ. Одоогийн байдлаар Иран улс 20 хүртэл хувь баяжуулсан ураны хангалттай нөөцтэй гэнэ.

Тус объект дахь центрифугийг Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчийг байлцуулан хийгээр дүүргэх гэнэ. Уранас гадна Фордо үйлдвэрт тогтвортой изотопыг баяжуулах аж.

Энэ сарын 5-ны өдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Тегераны цөмийн хөтөлбөрөөр хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн татгалзах шинэ үе шат энэ сарын 6-нд Фордо үйлдвэрийн центрифугийг ажиллуулснаар эхэлнэ гэж мэдэгдэж байв.

2015 онд гарын үсэг зурсан Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөөний дагуу Иран улс Фордо дахь тогтвортой изотоп үйлдвэрлэх үйлдвэрийг олон улсын ажиглагчдын хяналт дор шинэчлэх үүрэг хүлээсэн. Ингэснээр энэхүү объектыг цэргийн зориулалтаар ашиглах боломжгүй болгох ёстой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top