Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцлаа.
-Монголбанкнаас Банк, санхүүгийн салбарыг бэхжүүлж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ, шинэчлэлийн явцын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2017 оны тавдугаар сараас эхлэн манай улсад ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны санаачилгаар ОУВС-гийн техник туслалцааны дэмжлэгтэйгээр банкны системд томоохон эерэг өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Банкны салбарын эрх зүйн зохицуулалт, Монголбанкнаас банкинд хяналт тавих үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг олон улсын зарчим, хэм хэмжээнд тулгуурлан боловсронгуй болгох бодлого баримталж, хэрэгжүүлэхээр болсон. Иймд, Төв банк, Банкны тухай хууль, холбогдох хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлуулснаар банкны системийн найдвартай байдлыг илүү бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн банкнуудад активын чанарын үнэлгээг хийснээр банкны салбарын эмзэг байдлыг тодорхойлж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Учир нь чанаргүй зээл нь банкны актив хөрөнгийг бууруулах, банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулж, зээлийн хүүгийн түвшинг өндөр байлгах сөрөг үр дагавартай төдийгүй банкны тогтолцооны төлбөрийн чадварт шууд нөлөөлдөг тул чанаргүй зээлийг бууруулах стратеги, төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
-Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжсэнээр банкны салбарын сахилгыг улам чангатгана гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл, харилцагчийг хохироохоос өмнө арга хэмжээгээ аваад явах уу. Сая шинэчлэгдсэн Банкны тухай хуулийг энэ стандартад нийцүүлсэн үү?
-Монгол Улсын банкны системийн суурь хууль болох Банкны тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн баталж, дөрөвдүгээр сараас эхлэн мөрдөж эхэлсэн. Хуучин мөрдөж байсан хуулийн ерөнхий үзэл баримтлал нь “гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалтын”-ын зарчимд тулгуурласан байсан нь хянан зохицуулагч байгууллагын зүгээс банкны үйл ажиллагааны эрсдэлд тохируулан урьдчилан сэргийлэх, зохицуулах арга хэмжээ авах, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээг авах эрх зүйн үндэслэлийг банкны бизнес төлөвлөгөө, эрсдэлийн сорил, хяналт шалгалтын дүнд үндэслэхгүй зөвхөн өөрийн хөрөнгийн үзүүлэлтийн түвшнээс хамаарч авах зэрэг дутагдлуудбайсан. Иймд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг хэрэгжүүлж эхлэх зорилгоор Банкны тухай хуульд урьдчилан сэргийлэх чиглэлийн бүхий л арга хэмжээний талаар тусгасан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэг маань банкны тухай хууль тогтоомжийг зөрчихөөс өмнө буюу тухайн банкны эрсдэлд үндэслэн банкинд тохирсон арга хэмжээ авахыг хэлж байгаа юм. Ингэснээр банкны системийн найдвартай байдлыг бэхжүүлэх, түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, мөн таны хэлснээр банкны салбарын сахилгыг чангатгах боломжтой юм.
-Банкны хяналт шалгалт гэдэг нь банкийг татан буулгах хэмжээнд хүргэхгүйн төлөө зорьдог гэж ойлгож болох уу?
-Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Монголбанк банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авах, дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг. Монголбанк энэ чиг үүргээ банкуудад зайнаас хяналт тавих болон газар дээр нь очиж шалгах хэлбэрээр хэрэгжүүлж байна.. Банк болгонд газар дээрх иж бүрэн хяналт шалгалтыг банкны үйл ажиллагаа, удирдлага, санхүүгийн чиглэлээр баримт материал шалган танилцах байдлаар хийгддэг, шаардлагатай тохиолдолд банкуудад хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийдэг. Харин зайны хяналтыг банкнаас мэдээлэл хүлээн авч хянах байдлаар тогтмол хийдэг гэсэн үг юм.
-Капитал банкийг татан буулгасан нь банкны салбарын эрүүл мэнд хэвийн байгаа гэсэн Монголбанкны мэдэгдэлтэй хэр нийцсэн арга хэмжээ вэ?
-Банкны салбарыг бэхжүүлэх талаар баримталж байгаа бодлого, ОУВС-гийн хөтөлбөр бүхэлдээ банкны салбарын “эрүүл мэнд”-ийг тодорхойлж, гарсан доголдол, асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Ийм ч учраас Монголбанк активын чанарын үнэлгээг хийж, банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн билээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар системийн хэмжээнд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 41.4 хувь байна. Өөрөөр хэлбэл, банкууд бусдаас нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 41.4 хувийг түргэн борлогдох, хөрвөх чадвар сайтай актив хөрөнгөнд байршуулсан байгаа нь сайн үзүүлэлт юм. Капитал банк системийн нөлөө бүхий банк биш учир банкны салбарын санхүүгийн үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бусад банкны үйл ажиллагаанд ямарваа нэгэн сөрөг үр дагавар гараагүй байна. Монголбанкны мэдэгдэл бол бүх банкны үзүүлэлтийг нэгтгэсэн дүгнэлт бөгөөд зарим банкны хувьд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголбанкнаас тухай бүр мэдэгдэж байсан.
-Татан буулгах тухайд сонирхоход, яагаад өмнө нь бидэнд мэдэгдээгүй, Монголбанкнаас яагаад арга хэмжээ аваагүй вэ гэдэг гомдлыг банкны харилцагчид тавьж байгаа. Шийдвэр зарлахтай холбоотой тайлбарыг энэ дашрамд өгнө үү?
-Банкны тухай хуульд зааснаар Монголбанк банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасны дараа нэн даруй олон нийтэд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Монголбанк Капитал банкийг албадан татан буулгах шийдвэрийг гаргах явцад банк, түүний удирдлагуудад Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан, гарсан шийдвэрийг тэр өдөртөө багтаан хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, татан буулгах шийдвэрийг олон нийтэд мэдээлэх ажиллагаа маань хуулийн хүрээнд л явагдсан. Харин Капитал банкийг албадан татан буулгахаас өмнөх арга хэмжээ Монголбанк хуульд заасан шаардлага тавих, хугацаатай үүрэг даалгавар өгөх, үйл ажиллагааг хязгаарлах, төлөөлөгч, хянагч томилох зэрэг хуульд заасан арга хэмжээг банкны нөхцөл байдалд тохируулан авч байсан. Банкны тухай хуульд заасан шаардлага, хязгаарлалтыг хангаагүй, Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг үүсгэж торгууль ногдуулах гэх зэрэг арга хэмжээ ч үүнд багтана. Энд онцлох дурдах нэг асуудал нь банкнаас олгосон зээлийн чанар муудаж, зээлдэгч зээлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүй болсноос банк төлбөрийн чадваргүй болж байгааг ойлгох нь чухал. Хэнд зээлээ олгох нь тухайн банкны дотоод асуудал, Монголбанк үүнд оролцох эрхгүй. Харин олгож болох зээлийн хэмжээнд хууль, журмаар тавьсан шаардлагыг нь мөрдүүлж, зээлийн чанар муудвал зөв ангилуулж, эрсдэлийн сан байгуулуулах нь Монголбанкны үүрэг байдаг. Монголбанкны хяналт шалгалтаар Капитал банкны удирдлага зээлээ буруу ангилсан, эрсдэлийн сангаа дутуу байгуулсан, харилцагчийн мөнгийг гаргаж өгөх чадвар алдагдсан учраас төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгасан. Монголбанкны эрх хүлээн авагч банкны олгосон зээлийг төлүүлж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, хадгаламж эзэмшигчийн өмнө банкны хүлээсэн төлбөрийн үүргийг ханган ажиллана.
-Банк татан буугдахыг бусад улс орны хувьд хэр ноцтой асуудал гэж үздэг вэ?
-АНУ-ын Хадгаламжийн даатгалын корпорацийн статистик мэдээллээс харахад 2001-2019 онд нийт 553 банк татан буугдсан байна. Санхүүгийн хямралын үеэр буюу 2009, 2010 онд гэхэд л 297 банк “хаалгаа барьсан”. Харин ОХУ 2015 оноос буюу хойш буюу дөрвөн жилийн дотор 293 банкны зөвшөөрлийг хүчингүй болгон албадан татан буулгасан байна. Харин манай Монгол Улсын хувьд гэвэл хоёр шатлалт банкны систем бий болсноос хойш 14 банк дампуурсан байдаг. Банкийг татан буулгах үндэслэл, нөхцөлийг улс болгоны банкны хууль тогтоомжид тодорхой заасан байдаг, манай улсын хувьд ч ялгаагүй, Банкны тухай хуульд албадан татан буулгах үндэслэлийг тодорхой заасан байгаа.
-Манай улсад дэндүү олон банк байна гэж үзэх нь бий. Хэрэв тийм бол жижиг банкуудаа нэгтгэж, нийтэд нь системийн нөлөө бүхий банк болгож банкинд итгэх иргэдийн итгэлийг улам бэхжүүлэх хэрэгтэй биш үү гэсэн асуудалд та ямар байр сууринаас хандах вэ?
-Зарим эдийн засагч, судлаачид манай улсыг банкны зах зээлийн “хүчин чадал”-аасаа илүү гарсан тооны банктай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нийгэмд үр өгөөж авчрах хамгийн оновчтой тооны банктай байх нь зохистой. Банкуудын тоо байх ёстой зохистой тооноос хэтэрвэл тэр банк нь өөрөө “нийгмийн зардал” болох сөрөг үр дагавартай. Монголбанк банкуудын санхүүгийн чадавхийг сайжруулах зорилгоор банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2021 оны эцэс гэхэд 100 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгч, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэхдээ жижиг банкууд сайн дураараа нэгдэх нь банкуудын хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригоос хамаарна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )