Сүрьеэгийн тархалт сургуулийн хүрэлцээгүйтэй холбоотой

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нийгмийг цочирдууллаа. 1700 гаруй сурагчтай тус сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар тээж буй нь нэгэн багш сүрьеэгээр өвчилснөө нуун дарагдуулсантай холбоотой хэмээн тус сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг хэлэв. Тодруулбал, тус сургууль 2016 онд бүх багш, ажилтнаа шинжилгээнд хамруулсан боловч сүрьеэ өвчтэй гэгдэж буй багш ХӨСҮТ-өөс “эрүүл” гэсэн бичиг авчирсан байна. Гэтэл 2017 оны гуравдугаар сард эцэг, эхчүүдийн зүгээс “Танай сургуулийн багш сүрьеэгийн халдвартай, эмчлүүлж байгаа” гэж гомдол гаргаснаар Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг тус сургуульд ажиллаж, сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна. Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллага сургуулийн захирлыг дөрвөн сая 500 мянган төгрөгөөр торгож, ХӨСҮТ-ийн зүгээс “эрүүл” гэсэн хуурамч бичиг үйлдсэн эмчийг “цалингийн хувиар торгосон” гэсэн албан бичиг ирүүлсэн байв. Сургуулийн захирлыг ч, эмчийг ч тэр зүгээр л торгоод өнгөрсөн асуудлын ард олон сурагч хохирч үлдсэн нь харамсалтай. Урьдчилсан байдлаар халдвар авсан байх магадлалтай 529 сурагчийн 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан.

ДЭЛХИЙН ХҮН АМЫН ГУРАВНЫ НЭГ НЬ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ

Сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар авсан гол шалтгааныг ХӨСҮТ-ийн Сүрьeэгийн албаны их эмч Д.Наранзул хэлэхдээ “Тус сургууль дээр болж байгаа асуудал нь богино хугацааных биш анх 2017 оноос бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагууд ажилласан. Харин өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийг урьдчилан сэргийлэхээр эмчилгээ хийхээр болж, эцэг, эх асран хамгаалагчтай нь уулзаж, зөвлөгөө өгөх, зөвшөөрөл авахтай холбоотойгоор маргаан үүссэн. Эцэг, эх, багш, сурагчдад хандаж хэлэхэд өнөөдрийн яриад байгаа сүрьеэгийн халдвартай 500 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн юм биш. Тэд хэн нэгэнд халдвар тараахгүй гэсэн үг. Дэлхийн хүн амын гуравны нэг нь ийм халдвартай байдаг. Манай улсын хүн амын 35 хувь нь  халдвартай. Энэ халдвартай хүмүүсийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг.  90 хувь нь өвчилдөггүй. Харин хүүхдийн хувьд энэ асуудал дээр анхаарах нь зүйн хэрэг. Яагаад гэхээр хүүхдийн дархлааны систем сул байдаг тул халдвар авахаар цаашдаа өвчлөх магадлал их байдаг. Тиймээс халдвартай хүүхдүүдэд өвчлөхөөс сэргийлж, эмчилгээ хийе гээд байгаа юм. Аливаа халдварт өвчин тархах нийгмийн хэд хэдэн хүчин зүйл байдаг. Шалтгаан нь 15 дугаар сургууль дээр байгаа. 2013 онд 15 дугаар сургууль дээр дүүргийн 32 дугаар сургуулийг нэгтгэсэн. Ингээд нэгтгэхээр багш, сурагчид, ажилчдын ачаалал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэг ангид байх хүүхдийн тоо нэмэгдсэн. Агааржуулалт муутай орчинд дархлаа султай хүүхдүүд олноороо байх нь өвчний эрсдэлийг нэмж байгаа юм. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн нягтаршлыг багасгах хэрэгтэй байна. Агааржуулалтыг сайжруулж, сургуулийн ачааллыг нэмэхгүй байх хэрэгтэй. Гараа угаах угаалтуурын тоог нэмэх, эрүүл ахуйн шаардлагын дагуу сургууль цэцэрлэгийг ажиллуулах хэрэгтэй” гэсэн юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ч мөн адил сургуулийн орчин нөхцөлтэй холбоотой сургалтын байрны хүрэлцээ хангамж тааруу, нэг ангид 40-60 хүүхэд хичээллэж байгаа талаар хэлсэн билээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 26 СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА

Мэргэжлийн эмчийн хэлснээр нэг ангид байх ёстой хэмжээнээс хэт олон хүүхэд нэг танхимд сурч байгаагаас үүдэн агааржуулалт муудаж, хүүхдүүдийн дархлаа суларсантай холбоотойгоор халдвар авах эрсдэл нэмэгдсэн гэв. Гэтэл манай улс ЕБС-ийн хүрэлцээ муутайгаас гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд ч олон бий. Нийслэлд одоогийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй 245 ерөнхий боловсролын сургуульд 264200 хүүхэд суралцаж байна.Үүнээс хүн ам ихтэй дүүргүүд болох Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд дараах судалгааг хийж үзсэн юм.Жишээлбэл, 343619 хүн амтай Баянзүрх дүүрэгт нийт 53 ЕБС үйл ажиллагаа явуулдагаас ердөө 29 нь л төрийн өмчийнх бол 321150 хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт нийт 26 ЕБС байдгаас 19 нь улсын мэдлийнх аж. Харин 226869 хүн амтай Баянгол дүүрэгт 46 ЕБС үйл ажиллагаа явуулдагаас 20 сургууль нь төрийн өмчид бүртгэлтэй байв.

Энэхүү судалгаанаас үзэхэд манай улсад ЕБС-ийн хүрэлцээ маш муу байгааг харж болно. Хэрвээ ЕБС-ийн тоог даруй нэмэгдүүлэхгүй бол сургуулийн төдийгүй цэцэрлэгийн насны хүүхдүүд ч сүрьеэгийн халдвар тээх эрсдэл маш өндөр байгаа юм. Сүрьеэ нь савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин учир ихэнх тохиолдолд уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болдог байна. Ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг учир хэн ч өвчлөх магадлалтай. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр ч байтугай ярих, дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан, бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг аж. ХӨСҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт тодруулахад, хүүхдийн сүрьеэгийн тасагт 25 хүүхэд эмчлүүлж байгаагаас дөрвөн хүүхдийн биеийн байдал хүнд байгаа тухай хэлсэн юм. Мөн эмчлүүлж байгаа хүүхдүүд 02-16 насных бөгөөд сүрьеэтэй ээжээсээ болж өвчилсөн нэг айлын хүүхдүүд байгаа тухай ч мэдэгдсэн. Манай улсад сүрьеэгийн халдвар авагсдын тоо жилээс жилд нэмэгдэж, сүрьеэгийн өвчлөл өндөртэй орнуудын тоонд багтаж байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 2000 оноос хойш энэ халдварт өвчнөөр нас барах 54 сая тохиолдлоос  урьдчилан сэргийлж чадсан боловч улс орнууд сүрьеэ өвчинтэй хангалтгүй тэмцэж байна гэв. 2017 онд сүрьеэ өвчний халдварыг 10 сая хүн авч 1.8 сая нь нас баржээ. ДЭМБ-ын тооцоолсноор энэ онд сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийг санхүүжүүлэхэд гурван тэрбум таван сая ам.доллар шаардлагатай бөгөөд энэ тоо 2022 он хүртэл хоёр дахин өсч магадгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top