ЗИНДАА 2019.05.24 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

#1  ТУУЛЫН БУРГАСЫГ ДАХИАД Ч СУРВАЛЖЛАХ БОЛНО

Ардчилсан нийгмийн амин сүнс нь зах зээлийн өрсөлдөөн, хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл. Гэвч ингэж ярьдаг боловч аль аль нь хэдийнээ цөөн хэдэн улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх мэдэлд орчихжээ. Зах зээл дээр тэдгээр томчуудын хооронд өрсөлдөөн байх болсноос биш бусад жижиг, дундчуудад бүх боломж хаагдсан. Улс төрийн албан тушаал, эрх мэдэлд өөрсдийн хүнээ томилж, түүгээрээ дамжуулан бүх бололцоог хамж авахынхаа хэрээр улам бүр мөнгөжиж, өөр хэнбугай нь ч тэдэнтэй өрсөлдөх боломжгүй болтол томорсон байна. Өөр хэн ч өрсөлдөх нөхцөлгүй өндөр үнэ ханш тогтоосон эрх мэдлийн суудлыг өөрсдөө худалдан авч, сүүлдээ үүнийгээ өв залгамжлуулдаг боллоо. Төрийн эрх мэдлийг худалдан авах хэмжээнд хүрч, мөнгөжсөн тэдгээр том компани, бизнесийнхний төлөөний хүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ч өөрийн өвдөг шороодсон “барилдаан”-ыг хүчингүй болгон дахиулан байж санасандаа хүрснийг бид мартаагүй байна. Түүнийг Засаг даргаар томилогдсоноос хойш түүний гэр бүлийнхний хамаарал бүхий компани Туул голын бургасыг хэдэн арван га-гаар нь устган сүйтгэж, өндөр үнэтэй барилгууд барьж байгааг иргэд эсэргүүцсэн. Эрх ашгийн зөрчилтэй этгээд хэмээн хэдэн сарын турш соошл сүлжээгээр бухимдацгаасан. Энэ сэдвийг хөндөхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид иргэдээсээ ичихээр, дараа дахин хэн нь ч “хэвлэлийн эрх чөлөө” гэж ярих нүүргүй болмоор нөхцөл байдалд орсон юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 С.ЭРДЭНИЙГ ОНХОЛДУУЛАХ “Х” ТӨЛӨВЛӨГӨӨ

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ айдастай байна. Энэ айдас нь намын даргаа алдах вий гэсэн албан тушаалын айдас. Улс төрийн бусад хүчнүүд Ардчилсан нам руу уулгалан довтлоогүй нам гүм байхад нам дотроо бий болсон бүлэглэлүүд нь талцал хуваагдлын ангал руу түүнийг түлхэн унагахаар баруун, зүүн, хойд, урдаас нь уулгалан довтолж, түүнд сэхээ өгөхгүй байгаа юм. Ахарт цацсан шагай мэт тус бүртээ бие даахад бэлдэж буй намынхаа гишүүдийг нэгтгэн зангидаж чадахгүй болсон нь Ардчилсан намын сүүлийн хэдэн сарын гал шидэлцсэн үгсээс нь харж болохоор. Норовын Алтанхуяг С.Эрдэнэтэй “алалцана” гэдгээ албан ёсоор зарлаж Ерөнхийлөгчийн далбаан дороос ойр дотны хэдэн хүнээ дагуулан гарч одсон. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд долоо хоног бүр хэвлэлийн хурал зарлаж намаас гарч байгаагаа мэдэгдэн түүнтэй нэг тугийн дор нэгдэж чадахгүйгээ хэлцгээж байгаа. Сонгинохайрхан дүүрэг гэдэг бол Алтанхуяг л даа. Түүний Их хуралд нэр дэвшин ялалт байгуулж байсан тойрог нь. Гэсэн ч С.Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Д.Батцогтоор Сонгины намаа атгуулахаар илгээсэн ч Д.Батцогт байтугай нь эвлүүлж чадахааргүй болсон нь өдөр бүр намын батлахаа “хаяж” буй гишүүдээс нь харагдах аж.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Г.БАТХҮҮ АГСАНТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Монгол Улсын төр, нийгмийн зутгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд, АН-ын дэд дарга асан Гаваагийн Батхүү агсныг өнөөдөр /2019.05.24/ сүүлчийн замд нь үдлээ. Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэхээр ар гэр, төрөл төрөгсдөөс нь гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан, АН-ын дарга С.Эрдэнэ болон АН-ын гишүүд, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирсэн байв. Гаваагийн Батхүү нь 1960.05.19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуүль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторант, 1999 онд ШУТИС-ийн бизнесийн удирдлагын магистр цол хамгаалжээ. Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам, тээвэр  аялал жуулчлалын сайд, УИХ-ын дэд даргаар томилогдон ажилласан төрийн түшээ байв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Х.ЦАГААНБААТАР ГЭРГИЙДЭЭ СУВДАН ЦАГААН "LAND 200" БЭЛЭГЛЭЛЭЭ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн төрсөн өдөр өчигдөр (2019.05.23) тохиолоо. Аавдаа зориулсан номынхоо нээлтийг хийж, баримтат кино бүтээн олонд толилуулсан энэ өдрийн баяр дээр баяр нэмж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар гэргийдээ төрсөн өдрийн бэлэг болгон сувдан цагаан өнгийн LAND 200 автомашин бэлэглэлээ. О.Гүндэгмаа гавьяатын аав агаарын спортын зууны манлай тамирчин, шүхрийн болон уулын спортын ОУХМ Дагвын Отряд гэдгийг олон түмэн мэднэ. Хөдөлмөрийн баатар хосууд аавынхаа амьдрал, спортын түүхийг мөнхөлсөн “Хүн шувуу” баримтат кино, дурсамж ном бүтээж, номон суварга босгосон нь бахархалт бүтээл болж чаджээ. Өчигдөр болсон номын нээлтийн ёслолын гэрэл зургаас толилуулахын сацуу Монголын бахархал болсон гэр бүлдээ сайн сайхныг хүсье. Номын буян дэлгэрэх болтугай. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  Б.БАЯРСАЙХАН: ӨӨРИЙГӨӨ ЭВДЭХ, ДАХИН НЭГ ТЭСРЭХ ЧИН ХҮСЭЛ БАЙНА

Зөөлөн харцтай, зөөлөн дуутай хэрнээ дотоод сэтгэлдээ, зохиол бүтээлдээ чангаас чанга хашхирч чаддаг хүн бол Бидэрийн Баярсайхан. Түүний “Өлөгчин”, “Өшөө”, “Үйлийн үрийн төлөөс”,  “Эртний явдал” гээд олон өгүүллэг бий. Ямархан ээдрээ, нугачаа, эцэс төгсөлгүй араншин, хүний сайхан хийгээд муухай мөн чанар, зүрх хагарчих шахам өвддөг хайр сэтгэл, үхэл хийгээд амьдралын үнэ цэнэ зэргийг сэтгэлзүйн нарийн орчил руу яргаж өгүүлдэг сэтгэл хөндүүрлэм, эмзэглэм мэдрэмжийг түүний зохиолоос авч болно. Түүний зохиол бүтээлдээ дэвшүүлсэн асуудал, шийдэл, дүрийн зан төрх, үйл явдал өрнөх орон зай, орчин, цаг хугацааг гаргах өвөрмөц шийдэл хийгээд дүрийн сэтгэлзүйг нээх эрэл, гүн ухааны аяс хандлагаар ялгарах онцлогийн тухай олон судлаач, шүүмжлэгчид өгүүлсэн байдаг. Богино өгүүллэгийн “Утгын чимэг” улсын наадамд таван удаа оролцож, Тэргүүн, дэд тэргүүн, гутгаар, дөтгөөр, тусгай байрын шагнал хүртэл алгасалгүй “айрагдсан” зохиолч олон биш. “Тэнгэрийн санаа” өгүүллэгийн номоор 2013 онд “Алтан өд”, “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр” өгүүллэг, туужийн түүврээр Нацагдоржийн шагнал хүртсэн зохиолч Б.Баярсайхантай ярилцлаа.


-Та бол яруу найрагт ерээд оны мөнгөн үеийн төлөөлөл. Ороо бусгаа нийгмийн цаг үед байж ядсан цухал, цөхрөл, тэмцэлд өдөөн дуудаж, тэсэрч гарч ирсэн найрагчдын нэг. Тэр үеийн дурсамжаас яриагаа эхэлье?

-1990 он. Онцгой үе л дээ. Оюун санааны асар хүчтэй тэсрэлттэй үе. Гол мөрний хашигдсан ус далангаа зад татан сад тавих шиг тийм дүр зураг одоо санагддаг. Хүн бүхэн шүлэг бичсэн байх. Хүн бүхэн хүссэнээ ярьж, орилж, хашгичиж, хүссэнээ ч хийсэн байх. Олон жил итгэл үнэмшил гэж үзэж байсан үнэт зүйл нэг л өдөр байхгүй болчихсон учраас хүмүүсийн оюун санаа цоо шинэ үнэт зүйлийн эрэлд гарсан гэж болно. Тийм ч учраас тэр үеийн яруу найргийн нэг сэдэв бол тусгаар улс, эзэн Чингис, монгол бахархал байсан юм болов уу даа. Явж ирсэн замаа эргээд харахад  хааяа айдас  төрдөг л юм. Яг л  олсон дээгүүр тэнцэгч шиг явж ирсэн дээ, бид. Хөл, толгойгоо алдсан тэр будангуй үед олон ч сайхан хүн үрэгдсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mal uu(85.102.200.81) 2019 оны 05 сарын 25

tsagaanbaatarnxa orond nomin bayr aa ontsolojbjadaxgvi maluuduuu te

0  |  0
Top