-Ойрд цэнгүүн хийх төлөвлөгөө алга аа. Харин ганц сайхан тууж бичих л хүсэл байна. Өгүүллэгийн цоо шинэ ном гаргах бодол байна-
Зөөлөн харцтай, зөөлөн дуутай хэрнээ дотоод сэтгэлдээ, зохиол бүтээлдээ чангаас чанга хашхирч чаддаг хүн бол Бидэрийн Баярсайхан. Түүний “Өлөгчин”, “Өшөө”, “Үйлийн үрийн төлөөс”, “Эртний явдал” гээд олон өгүүллэг бий. Ямархан ээдрээ, нугачаа, эцэс төгсөлгүй араншин, хүний сайхан хийгээд муухай мөн чанар, зүрх хагарчих шахам өвддөг хайр сэтгэл, үхэл хийгээд амьдралын үнэ цэнэ зэргийг сэтгэлзүйн нарийн орчил руу яргаж өгүүлдэг сэтгэл хөндүүрлэм, эмзэглэм мэдрэмжийг түүний зохиолоос авч болно. Түүний зохиол бүтээлдээ дэвшүүлсэн асуудал, шийдэл, дүрийн зан төрх, үйл явдал өрнөх орон зай, орчин, цаг хугацааг гаргах өвөрмөц шийдэл хийгээд дүрийн сэтгэлзүйг нээх эрэл, гүн ухааны аяс хандлагаар ялгарах онцлогийн тухай олон судлаач, шүүмжлэгчид өгүүлсэн байдаг. Богино өгүүллэгийн “Утгын чимэг” улсын наадамд таван удаа оролцож, Тэргүүн, дэд тэргүүн, гутгаар, дөтгөөр, тусгай байрын шагнал хүртэл алгасалгүй “айрагдсан” зохиолч олон биш. “Тэнгэрийн санаа” өгүүллэгийн номоор 2013 онд “Алтан өд”, “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр” өгүүллэг, туужийн түүврээр Нацагдоржийн шагнал хүртсэн зохиолч Б.Баярсайхантай ярилцлаа.
-Та бол яруу найрагт ерээд оны мөнгөн үеийн төлөөлөл. Ороо бусгаа нийгмийн цаг үед байж ядсан цухал, цөхрөл, тэмцэлд өдөөн дуудаж, тэсэрч гарч ирсэн найрагчдын нэг. Тэр үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-1990 он. Онцгой үе л дээ. Оюун санааны асар хүчтэй тэсрэлттэй үе. Гол мөрний хашигдсан ус далангаа зад татан сад тавих шиг тийм дүр зураг одоо санагддаг. Хүн бүхэн шүлэг бичсэн байх. Хүн бүхэн хүссэнээ ярьж, орилж, хашгичиж, хүссэнээ ч хийсэн байх. Олон жил итгэл үнэмшил гэж үзэж байсан үнэт зүйл нэг л өдөр байхгүй болчихсон учраас хүмүүсийн оюун санаа цоо шинэ үнэт зүйлийн эрэлд гарсан гэж болно. Тийм ч учраас тэр үеийн яруу найргийн нэг сэдэв бол тусгаар улс, эзэн Чингис, монгол бахархал байсан юм болов уу даа. Явж ирсэн замаа эргээд харахад хааяа айдас төрдөг л юм. Яг л олсон дээгүүр тэнцэгч шиг явж ирсэн дээ, бид. Хөл, толгойгоо алдсан тэр будангуй үед олон ч сайхан хүн үрэгдсэн.
-Таныг утга зохиол, яруу найраг руу хамгийн их урин дуудаж, гал өрдсөн нь ямар хүн байдаг вэ?
-Очирбатын Дашбалбарын “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр” гарсан байв. Би тэр хоёр номыг дэрлэж унтдаг, өвөрлөж явдаг. Бас болоогүй ээ, “Хуурын аялгуу”, “Дарьганга аялгуу”, “Лимбэний эгшиг” гээд тус бүр нь 8 бүлэг, 40 бадаг, 80 шад шүлгийг цээжээр уншдаг байлаа. “Цагаан шөнө”, “Эх орон”, “Хүн” зэрэг өгүүлсэн шүлэг, сэтгэмж эссэ, бодрол, ойллого. Өмнө нь би сонсоогүй, уншаагүй тийм зохиолууд. Очирбатын Дашбалбарыг шүтэж, Дашбалбараар өвчилж явлаа. Гэхдээ би шавь нь байгаагүй. Муухай ааштай үед нь таарч, “Муу сайн гөлөгнүүд” гэж үеэрээ, бөөнөөрөө загнуулж л явлаа.
Богд дөрвөн уулын хормой юуг нь дэрлээд
Бор борхон зүрхээ чагнаж хэвтдэг юмсан
Босон суун жиргэх хөөрхөн болжморыг өхөөрдөөд
Борог өвсөн дунд нь хэн хэнээ энхрийлдэгсэн
-Таны “Дэлтэй салхи”, “Аргал хатаагүй зун” хэмээх залуу цагийг мөнхөлсөн шүлгийн ном байдаг даа?
-“Дэлтэй салхи” гэж балчир шүлгүүд. Нутгийн ах Р.Вандандорж аймгийн хэвлэх үйлдвэрт 200 хувь хэвлэн, гаргаж өгсөн юм. “Аргал хатаагүй зун” бол миний анхны ном. Маргаан байхгүй. Дамбын Төрбат ах Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал байхдаа залуу зохиолчдод анхны номын урилга өгч, эхний жил нь 1994 онд Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх нарын зургаан залуу зохиолчийн ном гарсан. Дараа жил нь 1995 онд Д.Энхболдбаатар, М.Эрдэнэбат бид хэдийн ном гарав. Миний “Аргал хатаагүй зун”, “Зөн” цувралын долоо дахь ном юм. Тэрнээс ч болдог юм уу, би долоогийн тоонд дуртай. Анхны ном гарах, анхны хүү төрөхтэй адил нэг л тийм үгээр илэрхийлэх аргагүй нандин сайхан. Тэр мэдрэмжийг өнөө ч мартдаггүй. 12 мөнгөний дэвтэр шиг юм аа, өнөөх нь. Гарын үсгээ зураад л. Хүмүүст бэлэглээд л. Гоё шүү, тийм ээ.
-Таныг хоёр өрөө байрнаас татгалзаад, радиодоо үлдсэн гэдэг юм билээ. Монголын радиотой амьдралаа холбосон түүхээ хуваалцана уу?
-Байр өгье, хүрээд ирээч гэдэг чинь арай сүүлд,1998 он юм. Яахав, би Монголын радиод дуртай болоод яваагүй л дээ. Тэр цагаас хойш л гэхэд 21 жил өнгөрсөн байна. Монголын радио миний гэр орон шиг л юм. Миний амьдралын нэг хэсэг болсон доо. 25 жил ажиллалаа. Бас ч бага хугацаа биш шүү. Энд би тугал ч хариуллаа, туг ч барилаа. Миний багш Чимидравдангийн Мягмарсүрэн гэж сайхан монгол найрагч байлаа. Монголын радиогийн Хөдөө аж ахуйн редакцид ажиллаж байсан юм. Бурхан болсных нь дараа миний багшийн найз, 80-аад оны хүүрнэл зохиолын сод туурвигч Пүрэвжавын Баярсайхан намайг радиод дадлага хийж байхад дуудаж уулзаад, “Төгсөөд хүрээд ирээрэй. Сумын зааны шавь юм байна. Ах нь чамайг ажилд авна” гэсэн. Би ер нь их азтай хүн байгаа юм. Сайн ах нарын гар дээр хүн болсон. Сүхбаатарын Батмөнх, Жаргалын Барамсай, Довчингийн Отгонсүрэн, Цэндийн Чимиддорж, Пүрэвжавын Баярсайхан гээд уул шиг нөмөрлөх ах нартай байлаа. Даанч миний хувь дутахад тэд минь алга.
-Хүн гэдэг тэр л сайхан уул шиг хүмүүсээ ханараад унахыг харах эмзэглэл, мэдрэмж, гуниг харууслаас ухаажиж, дурсамжаар тэжээгдэж амьдардаг юм шиг ээ. Арын хангайн нэгэн тод өнгө Чимэдравдангийн Мягмарсүрэн хэмээх хүмүүн таны багш. Дөнгөж сая багшийнхаа тухай хөрөг дурсамж бичиж дуусгаад үзгээ тавьж байх агшинд таарч орж ирлээ. Та багшийнхаа тухай сайхан хуучилна байх?
-Долдугаар сарын сүүлчээр Чимидравдангийн Мягмарсүрэн найрагчийн нэрэмжит “Хангай цом” яруу найргийн наадмыг төрсөн нутаг Өндөр-Улаан суманд нь хийх юм. Энэ үеэр “Сумын зааны зуун шүлэг” гэдэг ном гарах болов уу. Энэ их учиртай нэр л дээ. Намайг сүүлийн удаа золгоход багш “Би тавин нас хүрээд шилмэл түүврээ “Сумын зааны зуун шүлэг” нэрээр гаргана” гэж хэлж байсан юм. Багш минь ганцхан сарын дараа 38 настайдаа өнгөрчихсөн юм. Хөшөөн дээр бичих үг хайж, номнуудыг нь эргүүлж байгаад “Сумын зааны зуун шүлэг номонд орох шүлгүүд” гээд харандаагаар тэмдэглэчихсэн байсныг нь олж байсан юм. Яруу найрагчийн зөн совин гэж айхтар шүү.
-Тийм шүү. Таны яруу найргаас өгүүллэг рүү орсон түүх гэвэл?
-Би ч бага юм хийсэн хүн дээ. Муу эм шээх завгүй гэдэг шиг өөрийгөө завгүй гэж хуурч явсаар хүний нүдэнд торох олигтой юм хийсэнгүй. Заримдаа өөртөө уур хүрдэг л юм. Манай Г.Аюурзана “Билгүүн судар” сонинд ажиллаж байхдаа “Баяраа, чи өгүүллэг бичиж байгаа юу, сонинд өгөөрэй” гэхээр нь нэрэлхэхдээ бичиж байгаа гээд хэлчихсэн юм. Тэгээд “Буйлсын цагаан цэцэг” өгүүллэг гараар бичиж, аваачиж өгсөн. Хоёр хоногийн дараа хэвлэгдсэн байж билээ. Хамгийн анхны өгүүллэг гэвэл 1993 онд “Загас” гэж нэг юм бичээд “Утгын чимэг” наадамд өгсөн. Тэр өгүүллэгийн эхийг эргэж олоогүй юм. Энэ өгүүллэгийн санаа бол нэг архичны тухай байлаа. Ууж ууж яваад нэг сэрэхэд эхнэр, хүүхэд нь хаяад явчихсан, гэрт нь дусал ч ус байдаггүй. Хоолой норгочихмоор юм гэвэл хүүгийнх нь тэжээсэн шилэн хорготой загас байгаа юм. Хатаж үхэлтэй биш. Усыг ууж голоо дэвтээх гэж салгалж байгаад шилэн хоргыг газар унаган хагалж, шалан дээр үсчих загаснууд амь тавин үхэж байгаа тухай юм. Тэр загас бол түүний амьдрал байжээ гэдэг тийм санаа л даа. Одоо эргээд бодоход хөөрхөн санаа байгаа биз.
-Мөнгөн үеийнхний яруу найргаас 1990-ээд оны нийгмийн задрал бутрал, сэтгэлийн уналт гутрал, байж ядсан уур цухал, өш хонзон, бослого тэмцлийн үнэр ханхийдэг. Тэр үеийнхэн энэ байдлаас хурцлагддаг байсан юм шиг?
-Тэр үеийн яруу найргийн сэдэв их “баян” байжээ. Хачин сэдвүүд бас байсан. Ядуурал, хэлмэгдүүлэлт, сүнс, сүлд, чөтгөр шулам, хойд нас, там гээд хүмүүст бичээгүй, барьж аваагүй сэдэв үлдээгүй байх. “Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсан“ гэдэг ч юм уу. Яруу найрагч богино настай байдаг тухай ч юм уу. Амиа хорлох тухай ч юм уу. Янз янзын л юм байж. Би хүртэл үхлийн шүлэг бичиж л байлаа. Удахгүй үхэх тухай, үхэл бол цагаатгал ариусал мөн болох тухай. Жинхэнэ яруу найрагч богино наслах ёстой тухай. Юугаа ч мэдэхгүй бид Лермонтов 27, Петөөфи Шаандор 26, Есенин 30 насласан тухай. Эсвэл дуэль хийж алагдах, эсвэл амиа хорлох нь яруу найрачгийн үхэл болоод оршихуй гэдэг ч юм уу. Энэ ч нэг талдаа солиорол байж дээ. Ийм давлагаа байсан санагддаг.
-Цаг үеэ дагаад сэдэв өөрчлөгддөг шиг цаг урсах тусам таны бүтээл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Аль эрт хоёр өгүүллэг бичээд, ахиж барьж авалгүй 10 жил болсон. Харамсдаг л юм. Би ч их цаг алдсан хүн дээ. Хайран сайхан он жилүүдийг харамсам их дэмий урсгасан байна. Өмнөд Солонгост жил гаруй ажил хийж үзэв. Тэнд байхдаа үзсэн, сонссон олон юмс намайг их цочирдуулсан. Хүн гэдэг чинь ёс жудаг, гэр бүл, хамт олон гэдэг жаазанд байхдаа ёсзүйн хэм хэмжээтэй байдаг байна. Тэр жааз үгүй болчихоор хүн төрхөө алдах гэдэг энүүхэнд юм байна. Хачин, сонин, хүний санаанд багтамгүй түүх олныг сонссон. Бас зарим нэгийг нь өөрөө ч харсан. Энэ эмзэглэлтэйгээ явсаар байгаад Монголдоо ирсэн хойно нэг өгүүллэг бичсэн юм. “Инжирийн мод” гэж. Ганц нэг хүнд үзүүллээ. Овоо тоох маягтай. Тэгээд зориглож, нэмж хэд хэдэн өгүүлэг бичсэн. “Гөлөг”, “Тэнгэр нь зайлсан хүн” гэх мэт.
-Та өгүүллэгийнхээ санааг энэ мэтчилэн амьдралаас ургуулан олдог уу? Дотроо хэр удаан бүрэлдүүлдэг вэ?
-Сүүлд дандаа л Өмнөд Солонгост байхдаа үзсэн харсан болгоноо баяжуулж өгүүллэг болгосон хэрэг. Эргээд харахад, миний энэ өгүүллэгүүд амьдралын ядмагхан хуулбар төдий болсон байв. Тэгэхдээ яах вэ, бичээд л байсан. Богино хугацаанд нэлээд эрчимтэй бичсэн. Зүгширч эхэлсэн. Амьдралын хуулбараас салах хэрэгтэй байсан. Зохиолын үзэл санаагаа эхлээд олж, түүнийгээ зохиомжилж, дүрээ боловсруулж, ер нь бол миний зохиолын харагдахгүй байгаа хэсэг буюу мөсөн уулын ёроол нь хаана байгаа юм бэ гэдгийг эрж хайх хэмжээнд очсон. Үүний хүчинд бас өөрийгөө олсон гэж боддог.
-Энэ бол гайгүй болсон өгүүллэг гэж та ямар зохиолоо нэрлэх вэ?
-Би харьцангуй бага бичдэг. Өөрийгөө давтах гээд байх юм байна. Санаа нь давтаагүй ч бичлэгийн хэлбэр, дүр дүрслэл, өгүүлэмж нь давтагдах гээд байдаг. Өөрийн мэдэлгүй л хүн өөрийгөө давтдаг юм байна лээ. Цөөн бичсэн ч гэсэн гайгүй болсон 10 гаруй өгүүллэг бий гэж боддог. Заримыг нь маш их зовж, махаа зулгааж байж бичнэ. Заримыг нь хоёрхон цаг, за үсрээд тавхан цаг бичсэн өгүүллэг ч байна. Аль аль нь сайн болсон ч байна, саар болсон нь ч байна. “Гэсгээл”, “Аргагүй амраг, “Эцэг”, “Өшөө”, “Намар оройн бороо” өгүүллэгийг их удаан бичсэн. Тэгтэл хүмүүсийн хамгийн гайгүй ам сайтай байдаг “Өлөгчин”, “Эх шувуу шиг жиргэх юмсан”, “Эртний явдал” зэргийг хэдхэн цагийн дотор бичсэн байх жишээтэй. Амьдралаас сэдэл авч болно. Дүр авч, тэрнээ боловсруулж болно. Түүнээс биш бодит амьдралыг хуулбарласнаар уран зохиол хөгжихгүй. Би эхлээд зохиолынхоо санааг олдог. Тэгээд дүрээ боловсруулна. Миний “Үйлийн үрийн төлөөс” гэж өгүүллэг байна. Аав нь хүүгээ хуураад л байдаг. Яагаад хуураад байдаг гэж чи бодож байна?
-Та өөрөө юу бодож тэгж бичсэн юм бэ?
-Дорно дахины мэргэн үг бий. Юу тарина, түүнийгээ хураана гэж. Энэ өгүүллэгийн үзэл санаа нь энэ байхгүй юу. Аавын философи бол муу хүн илүү олон. Сайн хүн гэдэг даанч цөөхөн. Хамгийн хайртай ганц хүүгээ муу хүнд мэхлүүлж, итгэл найдвараа алдах вий, өөрөөс нь хойш зовж зүдрэх вий гэхдээ үргэлж хуурна. Үүнийгээ хүүгээ хашир суулгаж байна гэж бодно. Тэгэхээр аавын тарьсан үр анхнаасаа муу үр байсан байгаа биз дээ. Тэгээд яав. Насны эцэст тэр үйлийн үрийн төлөөсийг эдэлж байгаа юм. Хүү нь зөрүүд гөжүүд, муйхар мунхаг хүн болж өслөө. Эцэг нь бие барахдаа хэлж байгаа юм. Уг нь эцэг шигээ ил тавиулах юмсан. Тэгвэл зовж зүдрэхгүйхэн шиг дараагийн төрлөө саадгүй хурдан олдог гэсэн нэг тийм ухаан байдаг юм биз дээ. Хүүгээ хуурсаар байгаад хүү нь үргэлж эцгийнхээ ярьсны эсрэг хийдэг болчихсон. Эцэг бодож байгаа юм. Ил тавьчихаарай гэвэл булчих болов уу. Булчихаарай гэвэл ил тавьчих болов уу гэж. Шинжээргүй, увайгүй царайлсан хүүгээ хараад за за, энэ миний эсрэг байх юм хойно доо, лавхан булчихаарай гэв. Ил тавьчих байх гэж бодоод “Миний хүү аавыгаа их гүн нүх ухаж нутаглуулаарай” гэнэ. Хэдийгээр голын бул хар чулуу шиг болсон ч гэлээ хүний үр юм хойно бас бодно. Хөөрхий эцэг минь гүн нүх ухаж нутаглуулаарай гэсэн юмсан. Хүний үр байна даа, сүүлчийн хүслийг нь ёсоор хийе дээ гээд аавыгаа булчихна. Ингэж булуулах үйлийн үрийг эцэг нь аль эрт суулгасан. Юу тарина, түүнийгээ хураана.
-Таны хувьд онгодыг юу гэж боддог вэ?
-Хэтэрхий цатгалан бол юм бодохоос дургүй хүрдэг шүү дээ. Хүний сэтгэл зүрх үргэлж өлсгөлөн байвал сайнсан. Би онгод гэж тусдаа юм байдаг гэж боддоггүй. Янз янзын үед зохиол төрдөг. Хамгийн гол нь эрүүл ухаанаар л бичнэ шүү дээ. Гэхдээ сэтгэл хоосорсон, өвдөж шаналсан, цочирдсон үед заримдаа хачин гүнзгий шийдэл төрдөг. Өлөгчинг бичихэд би нэг л айдастай байсан юм. Цочимтгой, түгшүүртэй, тийм нэг айдас гэмшилтэй байсан. Би өөрөөсөө асуулаа. Яагаад, үеийн үед хүн төрөлхтөн гоо сайхныг нухчин дарж, гишгэлж, унтраах гэж аль байдаг хорон санаагаа гаргасаар ирсэн юм бол гэж. Жанна Д Аркийг францчууд шатаасан, Хялар хатныг монголчууд мөн л сэрээ дарах гэдэг харгис үйлээр шатааж булсан. Солонгос кинонд бас нэг сайхан бүсгүйг хүнийх нь хувьд устгаж, үгүй хийж байгаа тухай их л гарах юм. Эдний гоо үзэсгэлэн, ухаан, илүү сайхан төрсөн нь өс хонзонгийн шалтгаан болж байжээ гэж. Яагаад ч юм ийм нэг дэмий юм бодож байхгүй юу. Өлөгчин гэдэг нэг дүр цээжинд яваад л байсан. Тэгээд бичлээ. Хоёр цаг л бичсэн. “Өлөгчин бол хүнээс илүү ч юм үгүй, гажуу ч юм үгүй. Туранхай мөртэй, эцэнхий жаахан билээ. Нүд нь л гэрэл цацруулсан ногоон юм. Энэ гэрэлт ногоон нүднээс хамаг хэрэг үүдсэн билээ” гэж эхэлдэг. Тэр нүдний албин гэрэлд автсан эрс өөрийн эмсээ умартаж, бүгд л хөгшин залуу гэлтгүй тачаадна. Доромжлогдсон эмс өлөгчингөөс өшөө авч буй нь зохиолын зөрчлийн оргил хэсэг юм. Гэтэл эрс гэдэг хичнээн муухай вэ. Дур хүслээ хангачихаад, өнөөх муу өлөгчингийн нүдийг сохлон, гөлөг шиг төөрүүлчихээд онхи мартана. Яг үнэндээ бидний эргэн тойрон амьдралд бас ийм түүх бий.
“Эртний явдал”. Энэ өгүүллэгтээ би их хайртай. Хүмүүс садар самууны тухай гэдэг ч юм уу, эсвэл амьдралд яалаа гэж тийм тэнэг хэрэг байхав дээ гэж сошиалд янз янзаар бичсэн харагддаг. Би амьдрал хуулбарлаагүй. Угаасаа тэр чинь амьдралд байхгүй юм шүү дээ. Зүгээр л гэр бүлийн хууралтыг ихэнх эрчүүд зодоон нүдээн, хардалт сэрдэлт, залхаан цээрлүүлэлтээр шийддэг бол бас ийм аргаар шийдэж болох юм. Энэ бол өшөө авалт. Хүний махан бодийг өвтгөх бол түр зуурын юм. Сэтгэлийг нь хоослон үгүй хийнэ гэдэг аймшигтай. Хүнийх нь хувьд бүрэн устгаж байна гэсэн үг. Тиймээс л “Эртний явдал” өгүүллэгт эхнэрийнхээ дэргэд бүсгүй хүн дагуулан ирж хонож байгаа юм. Энэ бол өшөө авалт.
-Сүүлийн үед хүмүүс ном их уншдаг болсон. Уран зохиолыг үнэлэх хэмжүүр ямар түвшинд явна гэж та хардаг вэ?
-“Ном бол ертөнцийг харах цонх” гэнэ. Хүн бүр л өөр өөрийн хэмжээнд үнэлж цэгнэж, уншиж, түүнээсээ таашаал авч буйд итгэнэ. Гэхдээ уран зохиолд заавал хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэг дангаараа байдаггүй бололтой. Уран зохиолоос хүн бүр өөр өөрийн таашаалыг л авах ёстой. Жишээлэхэд, би Юкио Мишимагийн “Өлгий”, Набаковын “Хуримын аяллаас буцаж ирсэн нь”, Борхесийн “Хагацаагч эмэгчин” өгүүллэгээс илүү таашаал авсан. Сэтгэлгээний хурд, эргэлт, хүний тархинд боловсорч буй болох хар мянган боломжууд, тэдгээрийг нөхцөлдүүлж буй ёр билэг, зөн сэрэхүйн шийдэл нь, түүнийг илэрхийлж буй бичвэр нь надад хамгийн гайхалтай санагдана. Тэгээд л ингэж бичихсэн гэж адгана.
-Цагийн цагт бүтээн туурвигчдыг тухайн нийгэм нь адлаж байгаад өнгөрснийх нь дараа мандан бадруулаад байдаг үзэгдэл олонтаа давтагдаж байсан?
-Би үхсэнийхээ дараа алдарших тухай боддоггүй. Хэрхэхийг ч мэдэхгүй. Хувь тохиол байвал ганц нэг юм үлдэх л байх. Өөрийнхөө хэмжээнд өөрийгөө шинэчлэхийг хүснэ. Цаг зав гаргаж, насны гэж болохуйц ганц сайхан тууж бичихсэн гэж хүсч яваа.
-Та өнгөрсөн хавар Бээжинд “Тэнгэрийн санаа” номоо монгол бичгээр эмхэтгэж, нээлтээ хийгээд ирсэн. Цаашид уран бүтээлээ гадаад хэлээр орчуулан гаргах уу?
-Миний нэг тууж, 17 өгүүллэг Бээжинд босоо монгол бичгээр хэвлэгдлээ. Цаашид хятад хэлээр орчуулах ажил эхэлж байна. Одоогоор таван өгүүлэг орчуулагдсан байна лээ. Алсдаа ном болгон хэвлүүлэх боломж олдож магадгүй. Англи, Япон хэлтэй монгол орчуулагчдаар 10 гаруй өгүүллэг орчуулгасан. Боломж олдвол монгол хэлтэй япон орчуулагч, монгол хэлтэй англи орчуулагчаар ахин нэг хянуулж, нягтлуулах бодол байна. Францад Монголын уран зохиолыг орчуулж байгаа нэг хүний захиснаар хоёр өгүүлэг өгсөн. Тэнд монгол уран зохиолын түүвэр гарах юм гэсэн. Зохиолын сонголт нь сонирхолтой юм байна лээ. Пүрэвжавын Пүрэвсүрэн ахын “Өмхий хүрэн”, “Өшөө”, Доржийн Гармаа гуайн “Чонын үүр”, миний “Өлөгчин”, “Өшөө” зэрэг өгүүллэгийг сонгосон байна лээ. Манай найз Байит миний залуу цагийн цөөн шүлгийг казах хэлээр орчуулсан гэж над руу саяхан ярьсан. Казахстанд Монголын яруу найргийн түүвэр гарах юм байна.
-Та бол зохиол бүтээлийг урлаж, уншихуйн гайхамшиг, сонгодог хөгжимтэй хослуулахуйн жишгийг тогтоосон. Дахиж тоглолт хийхээр төлөвлөж байна уу?
-“Залуу насны гэрэлт шувуу” гэдэг анхны бие даасан тоглолтоо 2002 онд нутагтаа хийсэн. Миний андууд болох Арлааны Эрдэнэ-Очир, Чойжилсүрэнгийн Ууганбаяр, Баттөрийн Мягмаржав нар хамт явж байлаа даа. Бие биенээ дөгөөгөөд, шоолоод, элэглээд, инээлдээд, ууж дуулж л явлаа. Зүрх шимшрэх юм. Бид чинь өвдөх тухай, үхэх тухай огт мэдэхгүй тийм галзуу бадрангуй залуу явлаа шүү дээ. Унаж босч, алдаж онож, баларч, бүдэрч явлаа. Тэглээ гээд юунд ч харамсахгүй. Залуу насыг эдэлсэн шиг эдэлж, үрсэн шиг үржээ. Найз нөхөдтэй явлаа. Алдахаас айж явсангүй. Эргээд санахад хайран чиг анд нөхөд минь. Бид нээрээ туйлдаг байжээ. Дараа нь 2014 онд “Тэнгэрийн санаа”, 2015 онд “Арван сарын үдэш”, 2017 онд “Нацагдоржийн хишиг” уран бүтээлийн цэнгүүн хийсэн. Өгүүллэгийн уран уншлагаар би анх бие даасан тоглолт хийсэн байх аа. Ерөөсөө өгүүллэг, хөгжим хоёроос бүтсэн тийм тоглолт. Анх эмээж л байлаа. Өгүүллэгийг хүн сонсох болов уу гэж. Тэгтэл ялаа ниссэн ч сонсогдмоор тийм нам гүм сууж сонсдог юм билээ. Уран уншигчид нь аварга л даа. Ардын жүжигчин Г.Равдан, жүжигчин Ө.Наранбаатар гээд олон сайхан найз нөхөд, сэтгэл зүрх нэгт нөхдийн хүчээр л хэдэн удаа тоглолт цэнгүүн хийсэн дээ. Ойрд цэнгүүн хийх төлөвлөгөө алга аа. Харин ганц сайхан тууж бичих л хүсэл байна. Өгүүллэгийн цоо шинэ ном гаргах бодол байна. Өөрийгөө эвдэх, дахин нэг тэсрэх чин хүсэл байна.
А.Сүглэгмаа
Сэтгэгдэл ( 2 )
Gaikhaltai yariltslaga boljee!!!
Bayarsaihan uran buteeliin unduruus undur anjilt husie! Chi chandna shuu Bayaraa!