Статистик: Монгол Улсын хүнсний хангамжийн өнөөгийн байдал

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Монгол Улс хэрэгцээт малын мах, төмс, гурилыг тус бүр 100 хувь, гурилан бүтээгдэхүүнийг 64.4 хувь, сүүн бүтээгдэхүүнийг 53.1 хувь, хүнсний ногоог 51.7 хувь, өндгийг 43.1 хувь, ургамлын тосны 15.5 хувь, шувууны махны 9.6 хувийг дотоодоос хангаж байна. Харин төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, саахар, чихрийн зүйлийн хангамж импортоос бүрэн хамааралтай байгаа аж.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын “Эрүүл хүнс–Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр хүнсний хангамжийн тогтвортой болон тэнцвэртэй байдлыг хангах, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг үр дүнд хүрэх зорилго тавьсан байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан жишсэн дундаж үзүүлэлтээр нэг хүний хоногт хэрэглэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг үндэслэн тооцож үзэхэд Монгол Улсын хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50.6 мянган тонн мах тус тус шаардлагатай байна. Улаанбаатар хотын жишсэн хүн амын улирлын хэрэгцээнд нийт 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг байна. 

Харин Монгол Улсын хүн амын 2019 оны хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 2018 онд улсын хэмжээгээр 436.5 мянган тонн буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 291 мянган тонн буудай нийлүүлэгдсэн байна. Хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 225.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 97.2 мянган тонн гурил шаардлагатай тооцоо гарсан. Тиймээс 2018-2019 оны хүн амын хэрэгцээт 225.6 мянган тонн гурилыг үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний буудайн нөөцийг дотоодын ургацаас  бүрдүүлсэн байна. Дотоодын үйлдвэрүүдийн агуулахад байгаа гурилын болон буудайн үлдэгдэл, импортын нийлүүлэлтээс үзэхэд шинэ ургац хүртэлх хугацаанд гурилын хангамж харьцангуй тогтвортой байх талаар салбарын сайдын мэдээлэлд дурдагдав.

Түүнчлэн улсын хэмжээнд 2018 онд 13.1  мянган га талбайд төмс тарьж 167.9  мянган тонн ургац, хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тарьж 102.2 мянган тонн ургац тус тус хураан авсан байна. Дотоодын зах зээлийг хамгаалах болон төмс, хүнсний ногоо тариалагчдыг дэмжиж, эх орондоо тарьж ургуулсан хүнсний ногоог нэмэгдсэн өртгийн албан татвараас, төмс хүнсний ногоо тариалагчдыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь хөнгөлсөн, хүлэмжийн тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн зэрэг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа аж. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад төмс хоёр хувиар, хүнсний ногоо 1.7-3.1 хувиар мөн буурсан нь ногоочид зооринд хадгалсан ногоогоо жил бүрийн 4-5 дугаар сард зах зээлд гарган, нийлүүлэлт хэвийн байгаатай холбоотой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top