Хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний тэсвэржилт тодорхойлох төсөл хэрэгжүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

СХЗГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний тэсвэржилт тодорхойлох тандалт судалгаа” төслийг Бүсчилсэн хөгжлийн тулгуур 6 аймаг болох Архангай, Дархан, Дорнод, Хэнтий, Ховд, Хөвсгөлд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд “Бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох шинжилгээний арга зүй” сэдэвт сургалтад дээрх аймгуудын СХЗХ-ийн Сорилтын лабораторийн шинжээчдийг хамруулсан юм. Сургалтыг антибиотик тэсвэржилтийг тодорхойлох арга зүй, техникийг эзэмшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, лабораторийн туршилт, шинжилгээнд биечлэн дагалдуулах хэлбэрээр зохион байгууллаа.

Тандалт судалгаагаар хүнсний бүтээгдэхүүн тухайлбал, хагас болон бүрэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, хоолонд тэсвэржсэн бичил биетний бохирдолт байгаа эсэхийг тандах зорилготой юм.

ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ: “Бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох шинжилгээ нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн эрүүл ахуйг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс шинжилгээний арга зүйг олон улсын жишигт нийцүүлэх, стандартчилах, лабораторийн шинжилгээний нарийвчлал, найдвартай байдлыг сайжруулах нь бидний хамтын зорилго юм. Энэхүү сургалтаар бид хамгийн сүүлийн үеийн шинжилгээний аргачлал, практик туршлага, олон улсын сайн туршлагуудыг хуваалцаж, нутагшуулах, ур чадварыг ахиулах боломж бүрдэж байна” хэмээн хэллээ.

Бичил биетний тэсвэржилт нь дэлхий нийтэд тулгамдаж буй гол асуудлуудын нэг ба нийгэм, эдийн засаг, хүнс, хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн салбар цаашлаад улс орнуудын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх томоохон хүчин зүйл болж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu