“Зайсан KFC” түргэн хоолны газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, заримд нь бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд 40-өөд иргэн хэвтэн эмчлүүлсэн. Мөн гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн билээ.
Хоолны хордлогод орсон иргэдийн түрүүч нь хоёрдугаар сарын 8-наас ХӨСҮТ-д хандан, эмчилгээ үйлчилгээ авч эхэлсэн юм. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан иргэд өнгөрсөн долоо хоногт бүгд эмнэлгээс гарсан байна.
ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхбаатар энэ тухайд “KFC” түргэн хоолны газраас хордсон иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан. Биеийн байдал нь сайжирч, бүгд гарах боломжтой болсон” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас “Зайсан KFC”-гийн хоолноос иргэд хордлого авсантай холбогдуулан хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч, лабораторийн нян судлалын шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн төдийгүй тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь тогтоогдсон. “KFC” сүлжээ хоолны газрын салбаруудад НМХГ-аас явуулж буй шалгалт үргэлжилж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )