Б.Баянмөнх: Чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэснээс монгол хүн өвчилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Хяналтын зөвлөлийн гишүүн, хүнс судлаач Б.Баянмөнхтэй ярилцлаа. 


-Дотоодын хүнс үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр хүнсний аюулгүй байдлыг сайжирна гэж үздэг ч үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнд ч эргэлзэх, чанарт анхаарах шаардлага бий болсон? 

-Монгол Улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан. Мал аж ахуй, маханд тавих эрүүл ахуйн хяналт хүртэл муу байна. Малдаа ямар вакцин хэрхэн хийсэн нь хяналтгүй болсон. Малчдын малыг эрүүл эсэхийг мал эмнэлгүүд хянаж чаддаггүй. Газар тариалангийн хувьд бордоогоо яаж зохистой хэрэглэж байгааг хянаж буй мэргэжилтэн байхгүй. Зүгээр хэн дуртай нь газар тариаланд бордоо хэрэглэж байна. Бусад хүнс үйлдвэрлэлийн хувьд чанар стандарт, хяналт нь газар тариалан, мал аж ахуйн салбараас арай гайгүй байгаа байх. Гэхдээ ихэнх хүнсний бүтээгдэхүүнээ гаднаас импортоор авч байгаа учраас Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын стандартаар манай улсын хүнсний аюулгүй байдал аль хэдийн алдагдсан. Аливаа нэг орноос тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ 20-иос илүү хувийг импортолж байвал аюулгүй байдал алдагдсан гэж үздэг. Жишээ нь элсэн чихрээ манай улс 100 хувь гадаад орнуудаас импортолж байгаа учраас аюулгүй байдал нь алдагдсан байна. Ийм учраас төр хүнс үйлдвэрлэлийн асуудал дээрээ зөв бодлого гаргаж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл газар тариалангийн салбарт гэхэд л тэнгэр хангайдаа л найдаж байна. Бороо орвол ургац өндөр авна, орохгүй бол авдаггүй. Тэгэхээр байгаль цаг уурын нөлөөнөөс гарах шаардлагатай.

-Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар байгаль цаг уурын нөлөөнд байгаа нь үнэн. Гэхдээ сүүлийн жилд газар тариалангийн салбарт ахиц гарч байгаа тал бий байх?

-Газар тариалан, мал аж ахуйн салбарт ухаалаг газар тариалан, мал аж ахуйг нэвтрүүлэх ёстой. Малаа ээмэгжүүлэх, кодлох хэрэгтэй. Кодолсон малын мэдээлэлд нь хэдэн настай нь вакцин хийсэн гээд мэдээлэл нь гарч ирдэг болох шаардлагатай. Ингэж бид ухаалаг газар тариалан, мал аж ахуй руу шилжих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол таатай цаг агаар хүлээгээд суух юм бол газар тариалан хөгжихгүй. Ган болоход ургац авч чадахгүй байх жишээний.

-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг импортоор авдаг. Хэчнээн төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн гадаадаас импортолдог юм бол?

-Өнгөрсөн жил 700 сая орчим ам.долларын хүнс импортолсон гэсэн тооцоо бий. Гэтэл ийм хэмжээний мөнгөөр үнэлэгдэх хүнсний бүтээгдэхүүнээ Монголдоо үйлдвэрлэвэл ямар их мөнгө вэ. Монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бий. Чихэр гэхэд л орц нь тодорхой шүү дээ. Амт, үнэр оруулагч л өөр өөр болохоос гол орц нь элсэн чихэр, гурил. Тэгэхээр чихрээ 100 хувь үйлдвэрлэх бололцоотой. Печень байна. Үйлдвэрлэх бүрэн боломж бий. Иймд төрөөс бодлого гаргах хэрэгтэй байна. Хоёрдугаарт мэргэжлийн хүмүүсээр бодлого тодорхойлуулах ёстой. Мэргэжлийн бус хүмүүс бодлого тодорхойлох гэхээр асуудлаа ойлгодоггүй. Хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн хүмүүс ажиллаж, бодлогоо тодорхойлох хэрэгтэй байна. Ардчилсан хувьсгалаас хойш 30-аад жил болж байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйгаа хөгжүүлсэн бол Азийн бар орон болох боломж байлаа. Бид юун дээрээ алдав.

Манай улс хоёр том хөршөө ашиглах ёстой шүү дээ. Хятадууд хүнснээсээ айж байна. Бид гурилаа хангалттай үйлдвэрлээд Хятад руу гаргавал авахад бэлэн байгаа. Хятадууд эрдэнэ шишээ АНУ-аас зөөдөг. Гэтэл Монголд эрдэнэ шиш тариалж болно шүү дээ. Их хэмжээгээр тариалаад урд хөрш рүү гээ гаргах бүрэн боломжтой.

Махаа гаргах хэрэгтэй байна. Хятадад гахайн ханиад, шувууны ханиад гарчихсан байна. Ойролцоогоор 150 сая гахайгаа устгалаа. Мөн 200 сая гаруй шувуугаа устгасан байна. Маш хүнд нөхцөлд байгаа. Иймд махаа БНХАУ руу гаргах бүрэн боломжтой. Тэгэхээр төрөөс малаа суурин аж ахуй руу шилжүүлж үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Гэтэл манай улс мал аж ахуйгаа таавар нь өсгөн үржүүлдэг. Нас биед хүрсэн хойно нь сая нэг борлуулж ашиг шимийг нь хүртдэг. Энэ зүйлээс татгалзаж, түргэн хугацаанд ашиг шимийг нь хүртэх, фермерийн аж ахуй руу шилжих ёстой.

-Хүнс үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, төрөөс бодлого гаргаж дэмжих тал дээр муу ажиллаж байна уу гэж бодогддог?

-Хүнс үйлдвэрлэлийг дэмжих тал дээр төр муу ажиллаж байна. Дотооддоо  олон төрлийн хүнс үйлдвэрлэх бүрэн боломж бий. Жишээ нь элсэн чихрийн үйлдвэр байгуулж болж байна. Элсэн чихрийг бид шингэрүүлж хэрэглэдэг. Тэгэхээр шингэн элсэн чихэр үйлдвэрлэх боломжтой. Чихрийн манжин нь монголд ургаж байна. Хуурай элсэн чихэр гаргахын тулд шингэн элсэн чихрийг хуурайшуулах технологи нь зардлын 50 хувь нь болдог. Тиймээс хямд өртгөөр гаргахын тулд шингэн элсэн чихэр үйлдвэрлэж болж байна. Аль нь тохиолдолд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт чихрийг уусгаж хэрэглэнэ шүү дээ. Бид ч гэсэн  өдөр тутамдаа элсэн чихрийг уусгаж л хэрэглэдэг биз дээ. Тиймээс элсэн чихрийг заавал хатуу, ширхэгтэй болгох шаардлага байхгүй. Мөн ургамлын тос гаргаж болж байна. БНХАУ-д рапс тариалаад ургамлын тос гаргаж болоод байхад Монголд  рапс тариалж болж байгаа мөртлөө яагаад тос гаргаж болдоггүй юм. Хамгийн сайн чанарын рапс тариалж ургамлын тос гаргаж авах бүрэн боломжтой. Ганцхан төр засгийн бодлого л дутаж байна.

-Хугацаа нь дууссан, чанаргүй бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. Үүн дээр төр ерөөсөө хяналт тавьдаггүй? 

-Дэлхий нийтэд байгалийн гамшиг, бусад зүйлээс шалтгаалж улс орнууд хүн амынхаа 10 хувийг хангах хүнсний нөөцтэй байх ёстой байдаг. Хүнс ховордоход тухайн нөөцөөсөө гаргаж хэрэглэх, үнээ тогтвортой барих зорилготой. Гэтэл нөөцөлсөн хүнс тодорхой хугацааны дараа хадгалалтын хугацаа нь дуусна шүү дээ. Энэ үед нь зах зээл дээр гаргаад хямд үнээр зардаг. Ийм хугацаа нь дууссан, хямд үнэтэй барааг манай бизнес эрхлэгчид импортоор авч зардаг. БНХАУ нэг тэрбум 400 сая хүн амтай. Тэр хүн амынхаа 10 хувийг хангах хүнсээ нөөцлөөд эргүүлээд зарна шүү дээ. Гурил, будаа, элсэн чихэр гээд нөөцөлдөг. Жилийн дараа гурил гэхэд гашуун болоод малын тэжээлийн зориулалтаар хэрэглэх шаардлагатай болно. Тэгэхээр нь зах зээл дээр гаргаад шинэ гурилаас 2-3 дахин хямд үнээр борлуулах жишээтэй. Хямд гурилыг хэн авах уу. Импортлогч нар л авна шүү дээ. Тэгээд манай зах зээл дээр хямд гурил, будаа, ургамлын тос ороод ирдэг. Хугацаа нь дууссан хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод Монгол хүн асар их өвчилж байна. Өвчлөлөөрөө Монголчууд дэлхийд тэргүүлж байгаа гэх юм. Яагаад Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт орж байна гэдгийг тогтоохгүй эмчилье, хавдрын эмнэлэг барья гээд яриад байдаг. Өвчлөлийн учир шалтгааныг тогтоохгүйгээр өвчлөл буурахгүй шүү дээ.

Судлаад үзэхээр хүн өвчнийхөө 80 хувийг хоол хүнснээс авдаг юм байна. Харин өвчлөлийн 10 хувь нь механик, 10 хувь нь халдварт өвчлөл байдаг. Шөнө 12 цагт мах идэх ёсгүй л байхгүй юу. Гэтэл шөнө мах идсэнээс болоод өвчилдөг ч юм билүү. Хүнсний талаар анхан шатны боловсрол олгоогүйгээс иргэд өвчлөлд өртдөг. Тэгэхээр хүн өдөр болгон хоол иддэг. Тиймээс эрүүл хоол хүнс тогтмол хэрэглэх ёстой. Үүнийг ойлгуулахын тулд төр засгаас иргэдэд бүх нийтийн боловсрол олгох хэрэгтэй байна. Хүнсний зөв зохистой хэрэглээг бий болгосноор хүн амын эрүүл мэнд сайжирна. Насжилт ч уртасна. Эрүүл хүнс хэрэглэхийн тулд бид дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюундэлгэр(124.158.112.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу

0  |  0
Gerel(192.82.75.104) 2019 оны 11 сарын 14

Hamgiin hymd muudsan butegdehuuniig l mongolchuud uursduu songoj hileer oruulj irj bga tegd uvchiltsguudug,odoo tsagt ideh ym vh oldohoo bailaa da zah horshoogoos avsan mahand n hurdan hugatsaand targaluulah ged mald taria hiiged targaluulsan suu n bolohoor uhertee ugch bga tejeelees gadna pivonii shaar hiigeed unee n sogtood suu n muuhai ehuun unertei hujaagas orj irj bga jims nogoo n ut horhoigoor duursen teeverleltiin nuhtsul zurchigdsun geh met toochood bval olooon oloon.Mongol humuus bid chini hoolniihoo mah suug jinhene malchnii gar deerees l avch idej uuhgui l bol hetsuu de hetsuu

0  |  0
1(66.181.161.27) 2019 оны 11 сарын 13

Kk odoo l medej bgaa muu hil gaali mergejliin hyanaltiin baiguulga mash muu ajilj bgaa sh te. Hamag hog mongold l irdeg

0  |  0
unen(66.181.184.173) 2019 оны 11 сарын 13

yostoi unen zuil yarijee

0  |  0
зочин (211.36.134.81) 2019 оны 11 сарын 13

тийм шүү

0  |  0
Ррл(66.181.182.237) 2019 оны 11 сарын 13

Үнэн шүү дээ

1  |  0
Top