Эрдэмтэд хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн зүрх, хорт хавдар, сэтгэл түгших зэрэг 30 гаруй төрлийн өвчин үүсгэдэг гэж сэрэмжлүүлдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь АНУ болон Их Британийн хүн амын хүнсний хэрэглээний 50 гаруй хувийг эзэлдэг бөгөөд сүүлийн үед дэлхий даяар өргөн хэрэглээнд нэвтэрч байна.
Хэт боловсруулсан хүнс гэж юу вэ?
Хэт боловсруулсан хүнсний нэгдсэн тодорхойлолт байдаггүй ч ерөнхийдөө эдгээр бүтээгдэхүүнд гэрийн гал тогоонд хэрэглэгддэггүй орц, найрлага агуулагддаг байна. Эдгээр нь тухайн бүтээгдэхүүний өнгө үзэмж, амт болон бүтцийг сайжруулахад ашигладаг химийн бодис, будагч болон амт оруулагч бодис юм.
Тухайлбал, хийжүүлсэн ундаа, янз бүрийн амттан болон тахианы наггетс зэрэг бүтээгдэхүүн нь яахын аргагүй хэт боловсруулсан бүтээгдэхүүнд ордог байна. Зарим тохиолдолд энэ ангилалд тэр бүр хүний анхаарал татдаггүй нэр төрлийн бүтээгдэхүүн хүртэл ордог. Тухайлбал үүнд зарим төрлийн талх, өглөөний цайнд зориулагдсан овьёос, тараг зэрэг ордог байна.
Хэт боловсруулсан бүтээгдэхүүнд энгийн боловсруулсан бүтээгдэхүүнээс юугаар ялгаатай вэ?
Хэрэглэгчдэд төрөл бүрийн бүтээгдэхүүнийг танихад нь туслах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг дөрөв ангилсан систем бий. Тухайлбал, боловсруулаагүй ба бага боловсруулсан, боловсруулсан орц найрлага, боловсруулсан бүтээгдэхүүн болон хэт боловсруулсан зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Боловсруулсан хүнсэнд боловсруулсан орц найрлага бүхий жимс, ногоо, самар, өндөг зэрэг бүхэл бүтээгдэхүүн ордог байна. Тухайлбал, улаан буудайн гурил, ус, давс, хөөлгөгчөөр хийсэн талхыг боловсруулсан бүтээгдэхүүн гэдэг. Харин эл талханд эмульгатор, будагч эсвэл нөөшлөгч бодис орсон бол хэт боловсруулсан бүтээгдэхүүнд тооцогдоно.
Хэт боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?
Испанийн Наварра их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн шинжээч, профессор Майра Бес-Растроллогийн үзэж буйгаар, таваас дээш орц, найрлагатай бүтээгдэхүүнийг хэт боловсруулсан гэж үзэх боломжтой. Хэт боловсруулсан бүтээгдэхүүнд голдуу их хэмжээний давс, сахар, ханасан тос орсон байдаг.
Их Британи болон зарим орнуудад энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг баглаа, боодлын нүүрэн хэсэгт заасан байдаг.
Хэрэв хадгалах хугацааг уртасгасан нөөшлөгч бодис орсон л бол “шинэ бүтээгдэхүүн” ч энэ ангилалд орно. Тиймээс бензоат, нитрат, натрийн сулфит, бутилгидроксианизол (BHA эсвэл E320) и бутилгидрокситолуол (BHT, E321) зэрэг бодис орсон эсэхийг заавал шалгаж үзээрэй.
Хэт боловсруулсан бүтээгдэхүүн дэлхий даяар хэрхэн тархав?
Хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг Их Британи, АНУ-ын иргэд хамгийн ихээр хэрэглэдэг байна.
2023 онд гэхэд АНУ-ын насанд хүрсэн дундаж хэрэглэгч өдрийн илчлэгийн хэрэгцээнийхээ 58 хувийг, хүүхэд 66 хувийг ийм төрлийн бүтээгдэхүүнээс авдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Их Британид энэ үзүүлэлт тус бүр нэг хувиар доогуур байна.
БНСУ, Япон зэрэг Азийн орнуудад болон Бразил, Чили зэрэг Латин Америкийн орнуудад энэ үзүүлэлт 20-30 хувьтай байна. Өмнөд Америкт хэрэглэгчид өдөрт авах илчлэгийнхээ 39 хувийг хэт боловсруулсан бүтээгдэхүүнээс авдаг аж.
Хэт боловсруулсан хүнс хүний биед хэр хортой вэ?
Хэт боловсруулсан хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай нарийн мэдээлэл мөн л байдаггүй байна. Гэхдээ “British Medical Journal” сэтгүүлд нийтэлсэн, дэлхийн 9.9 сая хүний дунд явуулсан судалгаагаар ийм төрлийн бүтээгдэхүүн зүрх, судасны өвчнөөс үүдэлтэй нас барах эрсдэлийг нэмэгдүүлж, таргалалт, II төрлийн чихрийн шижин, нойргүйдэл, сэтгэл түгших, сэтгэл гутралд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Ингэхдээ эдгээр хүнсний боловсруулалт дээрх төрлийн өвчин үүсэх шалтгаан болдгийг нотолж чадаагүй ч их хэмжээний ханасан тос, сахар, давс ордог нь нөлөөлдөг байх талтай гэж үзжээ. Харин эдгээр орц, найрлага нь жин нэмэх, II төрлийн чихрийн шижин, зүрхний өвчин, зарим төрлийн хорт хавдрын шалтгаан гэдгийг хэдийн баталсан байдаг.
Таргалалт
Жин нэмэх нь хэт боловсруулсан хүнс хэрэглэсний эхний бөгөөд илэрхий нөлөөлөл юм Лондонгийн Их сургуулийн коллежийн дархлаа судлаач Крис ван Туллекен онцолжээ. Эдгээр бүтээгдэхүүнд их хэмжээний тос, сахар, давс агуулагддаг.
Хэт боловсруулсан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр идэхэд зориулан бүтээсэн тул амт, өнгө, үзэмжээр илүү байдаг.
Лондонгийн эзэн хааны коллежоос явуулсан судалгаанаас үзвэл, дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн буюу найман хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй.
1992-2022 оны хоронд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн дунд жингийн илүүдэл хоёр гаруй дахин нэмэгдсэн бол насанд хүрсэн эрчүүдийн дунд гурав дахин, хүүхдүүдийн дунд тав дахин нэмэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Хойд болон Өмнөд Америкийн насанд хүрсэн нийт хүн амын 28 хувь, Европын хүн амын 26 хувь, Африкийн хүн амын есөн хувь жингийн илүүдэлтэй. ДЭМБ-ын мэдээллээр, жилд 2.8 сая хүн хэт таргалалтаас болж хорвоог орхидог байна.
Дэлхийн ихэнх улс орнуудад хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд уламжлалт бүтээгдэхүүнээс нийлүүлэлт өндөр байна гэж НҮБ-ын хүүхдийн сангийн мэргэжилтэн Клэр Жонсон онцолжээ.
Чихрийн шижин
Олон улсын чихрийн шижингийн холбооны мэдээллээр, дэлхий дахинд II төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хэт боловсруулсан бүтээгдэхүүнд агуулагдах сахар, давс, тос нь энэ төрлийн чихрийн шижин үүсгэх эрсдэлтэй хүчин зүйлсэд тооцогддог. Үүнтэй зэрэгцэн өндөр илчлэгтэй, тэжээллэг бодис багатай хоол хүнс мөн эдгээр хүчин зүйлсэд ордог гэж Хельсинкийн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн профессор Яакко Тумилехто сэрэмжлүүлжээ.
Ойрх Дорнод болон Хойд Америкт II төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн тоо огцом өсөж байна. Эдгээр улс орнуудын ихэнх нь дотооддоо ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Харин хэт боловсруулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалахад хялбар байдаг учир ихэнх хүнсний компаниуд ийм бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.
Хоол, тэжээлийн хомстол
Хэт боловсруулсан хүнс нь Сахарын цөлөөс өмнөд хэсгийн улс орнуудад хоол, тэжээлийн хомстолд ороход хүргэж байна. Эдгээр бүтээгдэхүүнд төмөр, эрдэс, амин дэм зэрэг уламжлалт бүхэл хүнсэнд агуулагддаг микроэлементүүд байдаггүй.
Харин эсрэгээр АНУ-ын Пердью их сургуулийн эрдэмтэд хэт боловсруулсан хүнсэнд сайн тал бий гэж үзэж байна. Үүнд Е аминдэм, кальци зэрэг тэжээллэг бодис ихтэйгээс гадна орлого багатай хүмүүсийн хувьд илүү хүртээмжтэй, хоолны хордлогын эрсдэл багатай, хаягдал багтай гэжээ.
Британийн хүнсний сан хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болгон адилгүй гэж онцолжээ. Хэт боловсруулсан ангилалд багтах зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүд, тухайлбал, өглөөний цайнд зориулсан овьёос, бүхэл үрийн талх, тослог багтай тараг зэрэгт тос, давс, сахрын агууламж бага байх талтай гэж тус сангийн захирал Сара Стэннэр онцолсон байна. Эдгээр төрлийн бүтээгдэхүүн нь шаардлагатай эрдэс бодис, эслэгийн эх үүсвэр болж чадна гэж Стэннэр тодруулжээ.
Хэт боловсруулсан бүтээгдэхүүний эсрэг ямар арга хэмжээ авдаг вэ?
Их Британийн Засгийн газар 2018 онд сахрын агууламж өндөр ундаанд татвар ногдуулснаар ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зарим нь бүтээгдэхүүнийхээ сахрын агууламжийг бууруулжээ.
2023 онд Колумб улс сахрын агууламж өндөр ундаа болон хэт боловсруулсан бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсан ба цаашид татварын хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр болжээ.
Хүүхдүүдийн дундах жингийн илүүдлээр дэлхийд тэргүүлдэг орнуудыг нэг Чили улс 2016 оноос эхлэн сахар, тосны агууламж, илчлэг өндөр бүтээгдэхүүн дээр сэрэмжлүүлэг гаргадаг болсон байна. Мөн сахар, давсны агууламж, илчлэг өндөр хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаанд хязгаарлалт тавьжээ. Гэвч эдгээр арга хэмжээг авсны дараах дөрвөн жилд хүүхдийн дундах таргалалт буураагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )