Үр тарианы тариалалтын явц  82.5 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Улсын хэмжээнд энэ жил тариалалт хийх үр тарианы тариалалтын явц  82.5 хувьтай байгаа ажээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Өчигдөрийн /2019.06.04/ байдлаар улсын хэмжээгээр 322.6 мянган га-д үр тариа, үүнээс 303.4 мянган га-д улаанбуудай, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6  мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц  82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай явагдаж байна. Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ” гэдэг мэдээллийг өгч байна.

Энэ жил 478.0 мянган га-д тариалалт хийх зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж, хангайн болон төвийн бүсэд тавдугаар сарын 8-наас, бусад бүсүүдэд тавдугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэлсэн байна.  ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой аж. Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн,  383  аж ахуйн нэгж, иргэнд  1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Тариалалт хийх ойрын өдрүүдэд, Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top