“Open Data Watch”-ийн үнэлгээгээр  манай улс зүүн өмнөд Азийн бүсэд нэгдүгээрт бичигджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

“Open Data Watch” байгууллагаас жил бүр зарладаг дэлхийн 193 орны статистикийн байгууллагуудын 2018 оны мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлын үнэлгээгээр Монгол Улсын Үндэсний статистикийн хороо 13 байраар урагшилж 11 дүгээрт, зүүн өмнөд Азийн бүсэд нэгдүгээрт бичигджээ. Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үеэр  тус хорооны дарга А.Ариунзаяа энэ тухай онцолж байв.

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу тооллого, судалгааг зохион байгуулж, албан ёсны статистикийн 48 багц үзүүлэлтийг тооцох мэдээллийг цуглуулж боловсруулахаас гадна 2018 онд анхдагч мэдээллийн чанар, статистикийн шинэ арга аргачлал, төрлүүдэд анхаарлаа түлхүү хандуулан ажилласныг дуулгалаа.

Олон улсад нийтлэг мөрдөгдөж арга зүйг судалж, үндэсний статистикийн системд нийт 39 аргачлал, арга зүй, маягт зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, баталж мөрдүүлсэн байна.

ҮСХ-ноос 2017 оны хувьд  цахим хуудасны шинэчлэлт, түгээлтийг шинэ хэлбэрүүд дээр илүүтэй анхаарч ажилласаны үр дүнд 1212.мн статистикийн мэдээллийн нэгдсэн цахим хуудасны хандалт сүүлийн хоёр  жилийн хугацаанд тав дахин нэмэгджээ. Мөн тус хорооноос статистикийн үйл ажиллагааны бүх үе шатанд чанарын хяналтыг тухай бүрт  нь тогтмол хийж байна. Орон нутагт анхан шатны статистикийн мэдээ хариуцдаг байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээний чанарыг сайжруулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Нийслэлийн таван дүүрэг, 11 аймгийн 53 сум, 307 баг, 284 байгууллагад хамтарсан хяналт үнэлгээ хийсэн. 2019 онд үлдсэн дүүрэг, аймгаар хяналтын ажлыг зохион байгуулж байна. Захиргааны статистикийн мэдээлэл боловсруулдаг яам, агентлагуудын үйл ажиллагааны бүх үе шатад очиж ажилласан болохыг А.Ариунзаяа дарга танилцуулгадаа дурдсан юм.

Монгол Улсын статистикийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд мэргэжлийн 4 шатлалт сургалтыг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн төрийн байгууллагын албан хаагчид, хэвлэл мэдээллийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, их дээд сургуулиудын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад статистикийн сургалтуудыг зохион байгуулжээ.

БСШУС-ын сайдтай хамтарсан тушаалаар Боловсролын хүрээлэнгийн ажилтнуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилготой Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага”-ыг боловсруулан тархаасан нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, үлгэр жишээ болж байгаа аж.

Бусад улс оронд сайн жишээ болсон бас нэгэн ажил бол “Нэг иргэн, Нэг бүртгэл” буюу ҮСХ, ЭМЯ, УБЕГ хамтран төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгож нэг ч хүүхдийг орхигдуулахгүй бүртгэлжүүлэх ажил гэлээ. Эдгээр гурван байгууллага нууцлалын өндөр зэрэглэлтэй төрийн цахим мэдээлэл солилцох ХУР системыг ашиглан мэдээллээ солилцож байгаа нь төрөлтийн статистикийн зөрүүгүйгээс гадна, шинэ төрлийн Real-time статистикийн мэдээллийг бий болгосон байна. Жишээлбэл, төрсөн хүүхдийн дундаж жин, өндөр, төрсөн цаг, амаржсан эхчүүдийн нас, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал зэрэг шинэ мэдээллүүдийг цаг тухай бүрд нь гаргаж байгаа аж. Энэхүү мэдээллийг нэгтгэсний үр дүнд амаржиж буй эхчүүдийн 55 хүрэхгүй хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байдгийг тодруулсан байна. Үүнээс үүдэн эх, хүүхдийн албан ёсны эрхийг хамгаалах зэрэг төрийн бодлогод албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй эх, хүүхдийн эрхийн тухай асуудлуудыг хөндөж болохуйц суурь мэдээллийн сан бий болсон гэдгийг А.Ариунзаяа дарга танилцууллаа.

Техникийн нөхцөл, систем нь бэлэн болчихсон тул цаашид нас баралтын мэдээллийг мөн дээрх гурван байгууллага хамтран шуурхай солилцдог болчихвол мэдээллийн зөрүү арилж,  төрийн зарим үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

Төрийн бодлого, шийдвэр боловсруулахад хэрэгцээтэй судалгааны үр дүнг шуурхай боловсруулан тархаасны нэг жишээ нь “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа” гэлээ. Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийн тоо мэдээллийн санг бүрдүүлэх үндсэн зорилготой, 5 жил тутам явагддаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны мэдээллийг 2018 онд цуглуулсан байна. Энэ сард үр дүнг танилцуулах аж. Мөн ядуурлын тооцоог улс, аймгийн түвшинд тооцсон талаарх дүнг энэ оны 06 дугаар сард багтаан танилцуулна гэлээ.

Үндэсний статистикийн хорооноос 2018 онд төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа, мэдээллийн технологийг ашиглах, хангах чиглэлд ахиц дэвшил гаргасан болохоо танилцуулгадаа дурдсан. ХУР системд холбогдох гэрээг байгуулан, мэдээлэл солилцох хуудсыг шинэчлэн, төрийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан нууцлал хангасан техникийн тохиргоог хийсэн. Ингэснээр статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн төрийн мэдээллийн ХУР системээр дамжуулан  төрийн 9 байгууллагатай мэдээлэл шууд солилцон ажиллаж байгаа аж. Хүн ам, өрхийн мэдээллийн сан болон Бизнес регистерийн мэдээллийн санд бусад төрийн байгууллагуудын 10 сантай мэдээллээ тулган шалгажээ. 2018 онд Үндэсний статистикийн хорооноос тархааж буй мэдээлэлд өөрийн үнэлгээг хийж, мэдээллийн боловсруулалтыг дэлгэрүүлэх боломжийг тодорхойлжээ. Энэ хүрээнд статистикийн мэдээллийн нэгдсэн санд 739 хүснэгтээр түгээж буй олон жилийн динамикийг дахин 234 үзүүлэлтүүдээр нэмэх ажлыг хийж байгаа гэлээ.  Үндэсний статистикийн хорооноос захиргааны бүртгэл, мэдээллийг илүү сайн ашиглах боломжийг судалж, шинээр мэдээллийн эх үүсвэрийг бий болгох ажлыг хийж байгаа аж. Үүнд тус хороо төдийгүй бусад байгууллагын удирдлагын санал, санаачилга ихээхэн чухал байгааг тэрбээр онцоллоо. Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00 цагаар товлон, долоо хоног үргэлжлэх аж. Бэлтгэл ажил өргөн хүрээнд хийгдэж байна. Үргэлжлүүлэн А.Ариунзаяа дарга тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top