Шри-Ланка улсын Засгийн газар нийгмийн сүлжээний хуудас ашиглан олон нийтэд илт худал, ташаа мэдээлэл тараах, түгээсэн бол тав хүртлэх жилээр хорих эсэх хуулийн төсөл санаачилж, парламентад өргөн барьжээ. Түүнчлэн Засгийн газрын зарим гишүүд нэг сая рупи буюу 5.7 мянган ам.доллароор торгох ёстой гэж үзэж байгаа юм.
Одоогоор парламентын зарим гишүүд энэ санаачилгыг дэмжиж байгаа бол сөрөг хүчнийхэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж байгаа гэж үзэн дэмжихгүй байгаа юм. Шри-Ланка улсад фейсбүүк, твиттер өргөн тархсан нийгмийн сүлжээ билээ. Өнгөрсөн гуравдугаар сард исламын шашинт мужуудад хэд, хэдэн удаагийн халдлага гарч нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрдсэн тул сар гаруйн хугацаанд интернет сүлжээг хаасан юм. Интернет сүлжээ дахин сэргэсний дараа нийгмийн сүлжээний цахим хуудас ашиглан олон нийтэд санаатай буруу мэдээлэл түгээх хандлага илт нэмэгдсэн нь улстөрчдийн анхааралд орсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )