Амралтын өдрүүдэд ЖДҮ-ийн төслүүдийг хүлээн авахыг ДААЛГАЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 08

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

Салбарын сайд Ч.Улаан тус ажлын явцтай танилцлаа.  Өчигдрийн \2019.06.07\ 17:00 цагийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байна. Мөн ЖДҮХС-гаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.  

Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн мэдээлэл ирүүлсэн байна. ЖДҮХС-гаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт их, зээлийн хэрэгцээ шаардлага эрэлт ихтэй байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд төсөл хүлээн авах үйл явцад иргэдэд чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай ил тод нээлттэй ажиллаж байгаа үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХС-гийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Уг үүрэг чиглэлдээ амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ний өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авахыг даалгасан байна.

Төсөл хүлээн авах үйл ажиллагаа 06 сарын 10-ны өдрийн 17.30 минутад дуусч бүртгэлийн систем автоматаар хаагдах юм. Төсөл хүлээж авч байгаа бүх үйл явц цахим хэлбэрээр систем дээр хийгдэж байна.

Өнгөрөгч баасан гарагт хөнгөлөлттэй зээлийг дамжуулж олгох банкууд шалгарсан байна. Үүнд ХААН, Хас, Төрийн банкуудын санал зохих журмаараа хянагдаж төсөл олгох жагсаалтад орж иржээ. Эдгээр банкуудтай ХХААХҮЯ  хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар  хэлэлцээ хийх юм.

ХХААХҮ-ийн сайд хэлэхдээ  "3 хувийн хүүг 2 хувь болгох чиглэлд өртөг зардлаа хямдруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид төслөө хүлээж авсны дараа зээл олгох банкуудтайгаа гэрээ хэлцлээ хийнэ. Ингэхээр зээлийн хувь хэмжээ тодорхой болно. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл олгох үйл ажиллагаа хэвийн, тогтоосон графикийн дагуу явагдаж байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top