-ЖДҮ-ийн сонгон шалгаруулалтад 1200 гаруй төсөл иржээ-
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа өчигдөр дууссантай холбоотойгоор салбарын сайд Ч.Улаан мэдээлэл хийж байна. Өчигдөр /2019.06.10/ 17:30 цагт төсөл хүлээн авах бүртгэлийн систем автоматоор хаагдсан бөгөөд иргэдээс 1200 гаруй төсөл ирснийг тэрбээр хэллээ.
Өнгөрсөн баасан гариг /2019.06.07/-ийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байсан бол өчигдрийг хүртэлх гурав хоногийн хугацаанд 800 гаруй төсөл нэмж ирсэн гэж эндээс ойлгогдож байгаа юм. Санхүүжилт хүссэн төслүүдэд 20-300 сая төгрөгийн зээл олгогдох юм. Сонгон шалгаруулалт цахимаар явагдана гэж байна.
Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн баасан гарагт хөнгөлөлттэй зээлийг дамжуулж олгох банкууд шалгарсан. ХААН, Хас, Төрийн банкуудаар төслийн зээл олгогдоно. ХХААХҮЯ эдгээр банкуудтай хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )