#1 АЙСУЙ СОНГУУЛИЙН ЗУРАГЛАЛ
Яг жилийн дараа сонгууль болно. Бодлого ярьдаггүй бодлоо ярьдаг, алс хэтээ бодолгүй зөвхөн одоо цаг дээрээ л байдаг, мега төсөлтэй гэдгээ сонгуулийн өмнөхөн санадаг, шууд хэлэлгүй тойруулж ярьдаг, үзэл баримтлалгүй өөрийнхөөрөө үсчдэг, сонгогдсон намаасаа сонгуулийн өмнөхөн бултдаг улстөрчид дүнгээ тавиулахад ердөө жилийн хугацаа үлдлээ. Ердөө жилийн дараа АН-гүй МАН-гүй, ана мана ач тас үзэлцэх эсвэл хүрээлэлдээ тонгоруулсан “Намбарваан” гарч ирэх, бүр эсвэл шинэ хуучин, зөв буруу гэж тодотгосон гуравдагч хүчин цойлох эсэхийг чухамдаа ард түмэн шийдэхээр байна. Өнгөрсөн таван сонгуулийг харвал эрх барьж байсан нам дараагийн сонгуульд ялагдан, цөөнх нь засаг барьдаг. Олонх, цөөнхийг нэг сэлгэсний дараа хоёуланд нь тэгш боломж олгодог гэх жишиг тогтсон байна. Энэ жишгээр бол яг одоо АНА, МАНА болдог цаг. Чи, би гэлтгүй, тэр, энэгүй Ардчилсан нам ч, Ардын намд ч одоо олонх болж засаглах боломж байхгүй болов уу? Чухам яагаад тэр вэ? Ардчиллын галыг тулганд асаах хувь заяатай энэ нам одоо Ерөнхийлөгчтэйгөө, рецедив лидертэйгээ тэмцэлдэн буй цаг. Ердөө л хоёр жилийн өмнө Америкийн ардчилсан намын загварыг шууд хуулж, 21 аймгаар явсны эцэст С.Эрдэнэ АН-ын тамгыг атгахаар болсон. Намын даргын сонгуулийн үеэр түүнийг “Том биетэй З.Энхболд” гэх яриа гарч байв. Олон фракцтай Ардчилсан намыг удирдах нь магадгүй Жамух “Жалайр”-ыг удирдахаас ч амаргүй ажил байж таарна. Боловсрол бүхий олон лидертэй энэ намаас цойлж гарсан цагаасаа л шүүмжлэлтэй тулгарав. Тулгарсаар, тулгарсаар одоо бүлэггүй сөрөг хүчин УИХ-д сууж байна.
#2 БАНКУУДЫН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР ИЛ БОЛСНЫ ДАРАА 840 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДЭНЭ
Бид эдийн засгийн хувьд ёстой нөгөө “орших уу, эс орших уу” гэдэг дээрээ тулчихсан хүндхэн үедээ ОУВС-гаас аврал эрж очсон билээ. Хоёр жилийн өмнөх тэр дүр зургийг өнөөдрийн тоон үзүүлэлтүүд гишгэлсэн нь үнэн. Гэхдээ ерэн оноос хойш өдийг хүртэлх гуч шахам жилийн хугацаанд бусадтай олон удаа эрх мэдлээ хуваалцаж буй бид дандаа л ийм нунж дорой байх уу, сэхсэн шиг сэхэж, өндийж ирэх үү гэдэг асуулт хариулт нэхсэн хэвээрээ л байна. Уг нь энэ онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орнуудаас 840 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх хүлээлт бий. Гэвч хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшх улирал тутмын буюу зургаа дахь шатны үнэлгээг ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн арваннэгдүгээр сард хийгээд буцсанаас хойш санхүүжилтийн урсгал зогсонги байдалд байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал илааширч, суурь үзүүлэлтүүд тогтворжсон үед заавал гадныхнаас мөнгө авах гээд улайраад байх хэрэггүй л дээ. Тэртээ тэргүй бидэнд тэрбум тэрбумаар хэмжигдэх ам.долларын өр зээл бий. Тэгвэл өдгөө санхүүжилт гацаад буйн учиг шалтгаан нь хөтөлбөрийн хүрээнд биднийг гэрийн даалгавраа гүйцэд сайн хий гэсэн шахалт юм. Тухайлбал, банкны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний бүрэн дүүрэн зураглал бэлэн болоогүйтэй холбоотой гэх мэдээлэл байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв банкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаас хойш банкны секторын тамир тэнхээний асуудал улам бүр анхаарал татаж буйг хэлэх хэрэгтэй.
#3 Г.БАТХҮҮ АГСНЫ ЦУСНААС АЛКОХОЛ ИЛЭРСЭН Ч ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ ГЭХ УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
Одоогоос нэг сарын өмнө буюу тавдугаар сарын 17-ны өдөр Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт талийгаачийн задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарч ар гэрийнхэнд нь танилцуулсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Батхүү агсны нэг нүд хөхөрсөн байсан ба бусадтай зодолдсон байж болзошгүй ул мөр талийгаачийн биед үлдсэн гэх мэдээлэл гарч байсан ч үүнийг эх сурвалж үгүйсгэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээр, талийгаачийн цуснаас их хэмжээний согтууруулах ундааны зүйл илэрсэн гэх ба хүчтэй доргилтын улмаас баруун тархинд цус харваж нас барсан болох нь тогтоогджээ. Мөн талийгаачийн өндрөөс унасан байдалд дүн шинжилгээ хийхэд гадны нөлөөтэй гэх нөхцөлд байдал тогтоогдоогүй ажээ.
#4 А.ГАНБАТ: ЦЭРГҮҮДИЙГ ШУУД ТӨМӨР ЗАМ ДЭЭР АЖИЛЛУУЛАХГҮЙ
Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Аюушийн Ганбаттай ярилцлаа.
-Та Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдоод дөрвөн сар боллоо. Өмнө нь та Жанжин штабын орлогчоор ажиллаж байгаад тухайн үеийн улс төрчийн нөлөөгөөр ажлаасаа халагдаж байсан. Харин есөн жилийн дараа даргаар томилогдон ирсэн. Хугацаат цэргийн алба хаагч нартай холбоотой олон асуудал энэ хугацаанд гарсан. Энэ бүгдийг хэрхэн цэгцлэх вэ?
-Зэвсэгт хүчин Монгол Улсын нэг эд эс, бүрэлдэхүүн юм. Тиймээс алба хааж байгаа манай бүрэлдэхүүн ч гэсэн Монголын нийгмийн нэг хэсэг. Нуух юм алга. Бидний хашиж буй алба өөрөө тун эрсдэлтэй салбар. Хүнээс хурд, хүч, оюун санааны төвлөрөл шаарддаг, маш чухал хөдөлмөр л дөө. Тэр утгаараа үүнд нийцүүлэн яаж ажиллах вэ, хүмүүсээ хэрхэн дадлагажуулах вэ, ямар байдлаар ажиллуулах шаардлагатай вэ гээд олон чухал асуудлыг баг бүрэлдэхүүнтэйгээ ярилцаж, хамтын шийдвэр гаргах гэж оролдож байна. Нөгөө талаас нийгмийн бүхий л салбарт сахилга, дэг журам алдагдсан, хөлөөрөө толгой хийчихсэн ийм дүр зураг үүсээд удсан. Үүний улбаа манай салбарт тодорхой хэмжээгээр байгааг ч нуухгүй. Хамгийн гол нь манай салбарт ч гэсэн улстөрчдийн нөлөөлөл байсаар байна. Зэвсэгт хүчинд байгаа гол гол ангиудын захирагч, өндөр албан тушаалтай хүмүүсийн томилгоонд улстөрчид оролцдог болчихсон. Хэн нэгэн улстөрчийн гаргасан тушаал шийдвэр хүмүүст их нөлөөлж байна. Үүнээс гадна, нутгийн зөвлөл гэж бас нэг нөлөөлдөг газар бий болчихож. Ийм байхад, мэргэжлийн хүн чадвартай хүн дэвших боломжгүй болж байгаа юм. Манай салбар руу хүртэл халиад орчихсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч надад “Шударга ёсыг салбартаа хэрэгжүүл” гэдэг үүрэг өгсөн. Энэ дагуу үүссэн асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна. Тиймээс зарим хүмүүст тодорхой хэмжээнд сөргөөр тусч магадгүй. Гэсэн ч бидэнд ухрах эрх байхгүй учир хичээх ёстой. Мэргэжилтэй чадвартай, олон шатны сургуулийг зохих ёсоор нь төгссөн, хот хөдөөг сэлгэж ажилласан ийм бүрэлдэхүүнийг удирдах төвшинд ажиллуулаагүйгээс ямар үр дүнд хүрснийг харцгааж байна шүү дээ. Таны хэлсэнчлэн өмнө нь би зэвсэгт хүчинд ажиллаж байхдаа ч бас энэ чиглэл дээр барьж байсан бодлогоо одоо ч дахиад барьж ажиллана. Энэ бол ямар нэгэн албан тушаал хаших, цол ахих, энхийг сахиулах ажиллагаанд явах гэж танил талаараа над руу яриулах, надад дамжсан утгаар нөлөөлөх гэж оролдсон тохиолдол бүхэн чинь 180 эргэнэ шүү гэж. Би энэ сануулгыг ажлаа аваад бүх ахлах офицер, газар, хэлтсийн дарга нарт анхааруулсан. Сануулаад байхад нөлөөлөх гэж орж ирсэн нэг ахлах офицерын үйлдлийг би хэлснээрээ шийдвэрлэсэн. Түүнд би хэлж байснаа сануулаад зөрчсөн учир ямар арга хэмжээ авч байгаагаа хэлсэн.
#5 АСАШОРЮҮ ДАГВАДОРЖ: НАДАД ӨДӨРТ ТҮМЭН ЖАРГАЛ, ЗОВЛОН ТООЧСОН МЕССЕЖ ИРДЭГ
Д.Дагвадорж 16-хан насандаа арлын Япон орныг зорьж "Мэйтокү" хэмээх спортын ахлах сургуульд элсэн орсноор сүмогийн ертөнцөд хөл тавьж, дэлхийд нэрээ мөнхөлсөн билээ. Тэрбээр цахим орчинд “Аса явуулын станц” гэдэг нэрээрээ тун чиг алдартай. Их аварга өчигдөр /2019.06.17/ өөрийн цахим хуудаснаа өөрийнх нь тухай таагүй ярианд хариулт өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )