-ОУВС-гийн Ажлын хэсэг энэ долоо хоногт Монголд ирнэ-
Бид эдийн засгийн хувьд ёстой нөгөө “орших уу, эс орших уу” гэдэг дээрээ тулчихсан хүндхэн үедээ ОУВС-гаас аврал эрж очсон билээ. Хоёр жилийн өмнөх тэр дүр зургийг өнөөдрийн тоон үзүүлэлтүүд гишгэлсэн нь үнэн. Гэхдээ ерэн оноос хойш өдийг хүртэлх гуч шахам жилийн хугацаанд бусадтай олон удаа эрх мэдлээ хуваалцаж буй бид дандаа л ийм нунж дорой байх уу, сэхсэн шиг сэхэж, өндийж ирэх үү гэдэг асуулт хариулт нэхсэн хэвээрээ л байна. Уг нь энэ онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орнуудаас 840 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх хүлээлт бий. Гэвч хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшх улирал тутмын буюу зургаа дахь шатны үнэлгээг ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн арваннэгдүгээр сард хийгээд буцсанаас хойш санхүүжилтийн урсгал зогсонги байдалд байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал илааширч, суурь үзүүлэлтүүд тогтворжсон үед заавал гадныхнаас мөнгө авах гээд улайраад байх хэрэггүй л дээ. Тэртээ тэргүй бидэнд тэрбум тэрбумаар хэмжигдэх ам.долларын өр зээл бий. Тэгвэл өдгөө санхүүжилт гацаад буйн учиг шалтгаан нь хөтөлбөрийн хүрээнд биднийг гэрийн даалгавраа гүйцэд сайн хий гэсэн шахалт юм. Тухайлбал, банкны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний бүрэн дүүрэн зураглал бэлэн болоогүйтэй холбоотой гэх мэдээлэл байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв банкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаас хойш банкны секторын тамир тэнхээний асуудал улам бүр анхаарал татаж буйг хэлэх хэрэгтэй.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр хөтөлбөрийн санхүүжилт гацсан шалтгаан банкны салбар дахь дараа дараагийн арга хэмжээтэй холбоотой болохыг бататган хэллээ. Тэрбээр ОУВС-гийн Ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт Улаанбаатарт бууна гэж хэлсэн. Хоёр талын ярилцах гол сэдэв арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг ил тод болгоход чиглэгдэх нь ээ. Энэ хүрээнд гадаадын аудитын компанийг шалгаруулан, оруулж ирэх аж.
Сануулахад, ОУВС-гийн хөтөлбөрийн багийн ахлагч Жэф Готтлийб гишүүдийн хамт энэ оны нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад ирж хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг бодлого боловсруулагч байгууллагуудын нөхдүүдтэй хийсэн юм. Ингэхдээ эдийн засгийн сэргэлт үргэлжилж, зургаан хувийг давж өсөх төлөвтэй байгааг онцолсны зэрэгцээ банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн болоод анхаарах асуудлуудыг ярилцсан юм. Ер нь банкны салбартай холбоотой асуудлаар ОУВС-гаас гадна Дэлхийн банкны зүгээс ч байр сууриа илэрхийлсэн. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан Паскаль Н.Нгану хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн активын чанарын үнэлгээ нь Монголын банкны салбарт эргэлтийн цэг байсан гэж хэлж болохоор байна. Засгийн газар болон Төвбанкнаас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгийн сэргэлт хурдтай явагдсан нь банкны салбарт нэлээд эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч сайжруулах шаардлагатай зүйлүүд байсаар байна. Тухайлбал, цөөн тооны банкуудын өөрийн хөрөнгө тийм ч хангалттай биш, банкны зохистой харьцааны үзүүлэлтийг чанд мөрдүүлэх асуудлууд, чанаргүй зээлийг бууруулах, сайн менежмент хийх асуудлуудыг сайтар анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Харин Төв банкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “ОУВС-тай хөтөлбөрийн хүрээнд нийт банкны системд Европын төв банкны аргачлалаар активын чанарын үнэлгээ хийлээ. Энэ нь Ази тивдээ анх удаа европын стандартаар активын чанарын үнэлгээ хийсэн улс болсон. Үнэлгээний үр дүн тун боломжийн буюу нийт банкны системд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Энэ нь ДНБ-ий 1.9 орчим хувьтай тэнцэж байгаа. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх зургаан сарын хугацаатай үүргийг банкуудад өгсөн. Ихэнх банкууд үүргээ биелүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Дараагийн шатанд банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгө нь хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдсөн хөрөнгө байна уу, хуулийн дагуу хийгдсэн байна уу гэдгийг шалгах ажил үлдэж байгаа” гэж буй юм.
Мөн энд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагаас манай улсын банкны секторын талаар гаргасан мэдээллийг дурдах хэрэгтэй. Фитч агентлаг Капитал банкны үйл ажиллагааг зогсоож татан буулгасан нь Монгол Улсын банкны системд бүтцийн өөрчлөлт, сайжруулалт хийгдэж буйн илрэл гэж үзсэн. Мөн түүнчлэн зарим банкуудын хувьд цаашид өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлэх шаардлага байж болзошгүй талаар, бүр Активын чанарын үнэлгээ (АЧҮ)-ний үр нөлөөгөөр үйл ажиллагааг нь зогсоож ч магадгүй. Энэ нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг чухал зорилт болох банкны тогтолцоог илүү чадавхжуулахад чиглэнэ. Активын чанар нь системийн хэмжээнд сул тал болсон хэвээр байна. Өнгөрсөн жил банкны секторын чанаргүй зээлийн харьцаа 10 хувийг давж өссөн. Зарим банкууд энэ жилийн хувьд ч өмнө олгосон зээл нь төлөгдөхгүй байгаагийн улмаас чанаргүйдэж байгааг тайландаа тусгасаар байна. Үүнээс үүдэн Монголбанк нь АЧҮ-ний дүнд үндэслэн авах арга хэмжээний хүрээнд зарим банкуудын хувьд, ялангуяа системийн нөлөө бүхий бус банкуудын хувьд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх эсвэл татан буулгах шаардлагатай дахин тулгарч болзошгүй” гэж мэдэгдсэн. Ерөнхийдөө бол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны сектороо эрүүлжүүлэх ёстой гэсэн байр суурийг Фитч агентлагийн зүгээс илэрхийлээд байна.
Төгсгөлд нь тодотгоход, Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр нааштай тоонуудыг дагуулсан нь нэг талаас биднээс үл хамаарсан дэлхийн зах зээлийн эрэлт, үнийн өсөлттэй холбоотой байсныг шинжээчид хэлж буй. Энэ нь бид дотооддоо гэрийн даалгавраа дутуу хагас хийсэн байлаа гэхэд нэг удаадаа аврагдаад өнгөрч байна гэсэн үг. Гэвч дэлхийн зах зээл дээр дандаа нар манддаггүй. Ханшийн салхи гэнэт эргэж, үнийн самбар дээр ногоон биш улаан тэмдэглэгээ тодрох үе циклийн дагуу заавал ирдэг. Уул уурхай түшсэн эдийн засаг ийм л жам ёсны үнэнтэй нүүр тулдаг гэдгийг өнгөрсөн арван хэдэн жилд ойлгохоороо нэг болсон ч харамсалтай нь тийм биш. Дэлхийн зах зээл өөрийн мөчлөгтэй шиг, Монголын улс төр, Засгийн газар ч санах ойгоо ажиллуудаг, унтраадаг бас л мөчлөгтэй явж ирснийг сануулахад илүүц болохгүй болов уу. Тэгэхээр бидний хувьд асуудлуудаа гал унтраах маягаар аргацаах бус уг үндсээр нь шийдвэрлэж, урагшаа алхах ёстой. Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт гарах өөрчлөлтүүд энэ чиглэлд хийх том алхам болж үлдэх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913