Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Аюушийн Ганбаттай ярилцлаа.
-Та Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдоод дөрвөн сар боллоо. Өмнө нь та Жанжин штабын орлогчоор ажиллаж байгаад тухайн үеийн улс төрчийн нөлөөгөөр ажлаасаа халагдаж байсан. Харин есөн жилийн дараа даргаар томилогдон ирсэн. Хугацаат цэргийн алба хаагч нартай холбоотой олон асуудал энэ хугацаанд гарсан. Энэ бүгдийг хэрхэн цэгцлэх вэ?
-Зэвсэгт хүчин Монгол Улсын нэг эд эс, бүрэлдэхүүн юм. Тиймээс алба хааж байгаа манай бүрэлдэхүүн ч гэсэн Монголын нийгмийн нэг хэсэг. Нуух юм алга. Бидний хашиж буй алба өөрөө тун эрсдэлтэй салбар. Хүнээс хурд, хүч, оюун санааны төвлөрөл шаарддаг, маш чухал хөдөлмөр л дөө. Тэр утгаараа үүнд нийцүүлэн яаж ажиллах вэ, хүмүүсээ хэрхэн дадлагажуулах вэ, ямар байдлаар ажиллуулах шаардлагатай вэ гээд олон чухал асуудлыг баг бүрэлдэхүүнтэйгээ ярилцаж, хамтын шийдвэр гаргах гэж оролдож байна. Нөгөө талаас нийгмийн бүхий л салбарт сахилга, дэг журам алдагдсан, хөлөөрөө толгой хийчихсэн ийм дүр зураг үүсээд удсан. Үүний улбаа манай салбарт тодорхой хэмжээгээр байгааг ч нуухгүй. Хамгийн гол нь манай салбарт ч гэсэн улстөрчдийн нөлөөлөл байсаар байна. Зэвсэгт хүчинд байгаа гол гол ангиудын захирагч, өндөр албан тушаалтай хүмүүсийн томилгоонд улстөрчид оролцдог болчихсон. Хэн нэгэн улстөрчийн гаргасан тушаал шийдвэр хүмүүст их нөлөөлж байна. Үүнээс гадна, нутгийн зөвлөл гэж бас нэг нөлөөлдөг газар бий болчихож. Ийм байхад, мэргэжлийн хүн чадвартай хүн дэвших боломжгүй болж байгаа юм. Манай салбар руу хүртэл халиад орчихсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч надад “Шударга ёсыг салбартаа хэрэгжүүл” гэдэг үүрэг өгсөн. Энэ дагуу үүссэн асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна. Тиймээс зарим хүмүүст тодорхой хэмжээнд сөргөөр тусч магадгүй. Гэсэн ч бидэнд ухрах эрх байхгүй учир хичээх ёстой. Мэргэжилтэй чадвартай, олон шатны сургуулийг зохих ёсоор нь төгссөн, хот хөдөөг сэлгэж ажилласан ийм бүрэлдэхүүнийг удирдах төвшинд ажиллуулаагүйгээс ямар үр дүнд хүрснийг харцгааж байна шүү дээ. Таны хэлсэнчлэн өмнө нь би зэвсэгт хүчинд ажиллаж байхдаа ч бас энэ чиглэл дээр барьж байсан бодлогоо одоо ч дахиад барьж ажиллана. Энэ бол ямар нэгэн албан тушаал хаших, цол ахих, энхийг сахиулах ажиллагаанд явах гэж танил талаараа над руу яриулах, надад дамжсан утгаар нөлөөлөх гэж оролдсон тохиолдол бүхэн чинь 180 эргэнэ шүү гэж. Би энэ сануулгыг ажлаа аваад бүх ахлах офицер, газар, хэлтсийн дарга нарт анхааруулсан. Сануулаад байхад нөлөөлөх гэж орж ирсэн нэг ахлах офицерын үйлдлийг би хэлснээрээ шийдвэрлэсэн. Түүнд би хэлж байснаа сануулаад зөрчсөн учир ямар арга хэмжээ авч байгаагаа хэлсэн.
-Ямар арга хэмжээ авсан бэ. Манайхан сануулаад байхад улстөрчдөөр, дарга нараар яриулчихвал бүтнэ гэсэн бодолтой байдаг?
-Тэтгэвэрт гарах нас нь болчихсон байгааг сануулаад тэтгэвэрт нь гаргах тушаалд гарын үсэг зурсан. Хэлээд байхад зөрчиж байгаа бол би ч гэсэн хариуцлагыг нь үүрэгжүүлэхэд асуудал алга. Ер нь танилын үг дамжуулж, албан тушаал руу зүтгэх биш дараа үедээ боломж олгож, хамтран зүтгэж улс эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэх ёстой. Цэргийн хүн бол цэргийн хүн, хариуцлагатай, сахилга баттай байх ёстой гэдгийг бүгд л мэддэг шүү дээ.
-Гэхдээ эсэргүүцэх хүмүүс гарах байх. Танил талгүйн улмаас дэвших боломжгүй, “хэлмэгддэг” хүмүүст бол таатай санагдана байх л даа. Цаг хугацаа багагүй шаардагдах нь гарцаагүй?
-Бүгдийг цэгцэнд оруулахад хугацаа шаардагдах байх. Гэхдээ, бид ирээдүйн зэвсэгт хүчнийг удирдах, авч явах офицер, ахлагч нарт боломж олгох ёстой. Тийм боломж байдаг гэдгийг харуулахыг л зорьж байна. Тэгэхгүй хэн нэгэн улстөрчийн нөлөөллөөр эсвэл Нутгийн зөвлөлийн нөлөөллөөр албан тушаалд томилогддог байдал ужгирсаар байх болно. Тиймээс ийм байдлыг таслан зогсоох болно гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар хэлж, баримталж, хэрэгжүүлнэ. Энэ тухай би офицеруудад хэлсэн, цаашид ч энэ зарчимыг баримталж ажиллана.
Цэрэгт ирсэн залуусыг шууд ажлын багаж бариулаад төмөр зам дээр ажиллуулахгүй, эхлээд сургана
-Сүүлийн жилүүдэд алба хааж буй цэргүүдтэй холбоотой гомдол санал гарах болсон. Янз бүрийн тэр мэдээллийг харсан хүмүүс хүүхдээ цэрэгт явуулах сонирхолгүй болж байх шиг?
-Ямар нэгэн хэрэг зөрчил Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд гарч байгаа нь үнэн. Гэхдээ аливаа асуудалд наанатай цаанатай хандах ёстой болов уу. Учир нь Зэвсэгт хүчин бол Монголын нийгмийн тодорхой нэг хэсэг гэж би дээр хэлсэн. Тиймээс энэ салбарт сайн, муу, сөрөг, эерэг бүхэн бий. Би статистик судалгаа авч, үзлээ. 10 мянган хүн тутамд ямар байдлаар золгүй явдал, хэрэг зөрчил, осол хэрэг гардаг тухай судалгаа юм. Энэ судалгааг өөрийн салбарын бүлгүүдэд харьцуулахад газар тэнгэр шиг л зөрүү байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сошиалаар ганцхан тийм асуудлаас болоод тэглээ гэж хэт харлуулах нь хэр зэрэг зохистойг мэдэхгүй юм. Тиймээс бидэнд байгаа зөрчлийг, дутагдлыг хэлж байгаа хүмүүсийг буруутгах утгагүй. Хамгийн гол нь зэвсэгт хүчин гэдэг нь Монгол Улсын нэг эд эс гэдгийг зөвөөр ойлгоосой гэж хүсэх байна.
-Саарын хажуугаар сайн зүйлс бий байх?
-Бүтэж байгаа ажлууд мэдээж бий. Албан тушаалтан сайн ажиллаж байгаа. Монгол Улсын төлөө зүтгэж байгаа энэ олон залуучууд, офицер ахлагч нарын хөдөлмөрийг, чармайлтыг үнэлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд ийм сөрөг мэдээллээр амьдардаг хэсэг бүлэг бий болсон нь үнэн хэдий ч уулын чимээ цагааныг туулайн чинээ хар бүрхдэг гэж хэдий болтол хар мэдээллээр салбарыг үнэлж, дүгнэж явах юм бэ. Магадгүй, өнөөдөр болоод байгаа мэт шантааж хэлбэрийн үгүйсгэл, тэгж амьдардаг бүлэглэлд цаашид удаан амьдрах ирээдүй улам байхгүй болно гэж итгэдэг. Тиймээс баталгаагүй мэдээлэлд цаг хугацаа зарцуулах хэрэггүй.
-Цэрэгт татагдаж ирсэн залуусын эрүүл мэндийн асуудал хөндөх ёстой сэдвийн нэг мөн. Цэрэгт татагдаж ирсэн залуус бэлтгэл хийх явцад бэртэх, хазгай гишгэснээс болж шагай нь мултрах, шилбэний яс цуурах гэмтэл их байдаг гэдгийг ярьдаг. Үүнийг нь ойлгох хэсэг байхад, ойлгохгүй хэсэг ч байдаг л даа?
-2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагийн дүнг Жанжин штабын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Нэлээн нухацтай яригдсан асуудал бол хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд байсан. Энэ асуудалд цаашид ямар арга хэмжээ авах вэ, ямар байгуулагад хандах вэ гэсэн асуудлыг нухацтай ярилцаж, тодорхойлсон. Нийгэм ямар байна, хүн амын амьдрал ямар байна, тэрний нөлөөлөл яалт ч үгүй хугацаат цэргийн албанд татагдсан дайчдад илэрдэг, нуух юм байхгүй. Шууд ярихад эхний ээлжинд оюутан цэргийн алба хаагчдын асуудал. Тодорхой хэмжээний боломжтой амьдралтай, дундаас дээд түвшний боломжтой нь оюутан цэрэгт татагдаж байна. Арай гайгүй боловсролтой нь их дээд сургуульд суралцаад чиглэлээрээ явчихдаг. Тиймээс хугацаат цэргийн албанд татагдаж ирж байгаа залуучуудын дийлэнх нь дундаж болон түүнээс доош орлоготой айлын хүүхдүүд ирэх хэлбэр рүү шилжсэн. Энэ хүмүүсийн амьдрал нь ямар байгаа, тэр хүмүүсийн өдөр тутамдаа авдаг калори нь ямар түвшинд байна гээд харахад сэтгэл өвдөхөөр зүйл олон бий. Хувь хүний, эрүүл зөв хооллолтоос шалтгаалах зүйл олон байдаг. Залуучууд маш ихээр хийжүүлсэн ундаа уудаг, хөдөлгөөний хомсдолд орсон, хөдөлгөөний эмгэгтэй байх нь элбэг. 18, 19 настай залуус даралт ихэсдэг өвчинтэй, даралт нь 170, 180 хүрч байна. Хүзүүний эдийн хэсгийн шохойжилттой хүмүүс ирдэг. Энэ юуг харуулаад байна гэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ спортоор хичээллүүлэх, хөдөлгөөнтэй байлгах, эрүүл аж төрөхийг нь орхигдуулдаг. Энэ зүйл зарим түвшинд дутмаг байгаагийн шинж юм болов уу гэсэн бодолтой байна.
Монгол Улсын хүн ам өнөөдрөөс хоёр дахин бага байхад одоо байгаагаас олон цэрэг татаж болдог л байлаа. Тэр үед залуус эрүүл байжээ. Одоо бол эрүүл мэндээрээ залуучууд цэрэгт тэнцэхгүй байна. Ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн асуудлыг орхигдуулсан, үүнийг анхаараагүй нь хугацаат цэргийн албанд ирж байгаа залуучуудын эрүүл мэндийн байдлаар илэрч байгаа. Үүнийг төр засгийн хэмжээнд анхаарал хандуулахгүй бол цаашид үргэлжлэх болно. Залуучуудын дунд ясны сийрэгжилт маш их. Ийм өвчтэй хүн ачаалалтай хөдөлмөрийг давахад хэцүү. Үүнээс болж, тэрхүү залуучуудыг цэргийн алба, зэвсэгт хүчинд татаж авчирсан офицерүүд буруутдаг. Гэтэл монгол эрчүүдийн, ирээдүйн аавуудын, ирээдүйн өрхийн тэргүүнүүдийг эрүүл байлгахад эрүүл мэндийн боловсрол олгоход цэцэрлэг яслиас эхлэх ёстой шүү дээ.
-“Памперсний хүүхдүүд” гэдэг өвчин байна гэх юм?
-Тийм эмгэгтэй хүүхдүүд госпитальд хэвтэн эмчлүүлж, мэс засалд орж байна. Эмч нарын судалгааны ажил эхэлсэн. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд буруу хооллохгүй, буруу зуршлаас ангид байлгах нь эцэг эхийн үүрэг. Гэтэл энэ асуудал орхигдсоноос болж үүссэн зуршлыг нэг жилийн дотор өөрчилнө гэдэг хэцүү. Дүрэмтэй, журамтай цэргийн хүнд хөдөлмөрөөр л энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэхийн тулд хугацаат цэргийн алба хаалгадаг. Гэтэл энэ албанд татагдаж ирчихээд анхны ачаалал даахгүй, бэртэл аваад эхлэхээр эцэг эхэд шууд тулгах хэцүү. Нэгэнт л алба хаалгахаар аваад ирчихсэн болохоор манай ахлах ахлагч офицерүүд анхаарч, хариуцаж ажиллаж байна. Гэвч аль аль талд нь байгаа асуудал гэдэг маш хэцүү. Тиймээс цаашид тал талдаа анхаарч үзэхээс аргагүй.
-Цэргийнхэн нэг жилийн цэрэг гэж хаана ч байхгүй. Ядаж хоёр жил болгох хэрэгтэй гэж ярьдаг?
-Дэлхийн хэмжээнд хугацаат цэргийн алба хаах хугацааг судалж үзэж байсан. Социализмын үе шиг гурван жилээр цэргийн алба хаах нь нэг бодлын амар ч гэсэн улс оронд тийм ч таатай зүйл биш. Учир нь хөдөлмөрийн насны залуучуудыг алба хааж байна гэдэг нэрээр удаан хугацаагаар барих шаардлага байхгүй. Тэгээд ч нөхцөл байдал тэс өөр болсон. Тиймээс хугацаат цэргийн албыг урт хугацаагаар хаах шаардлагагүй, тэр бүү хэл харин ч нэг жилийн хугацааг хорогдуулах боломжтой гэж үздэг хүний нэг шүү дээ, би. Хугацаат цэргийн албыг байлгая гэж бодож байгаа бол байсан шиг байлгах хэрэгтэй. Сүүлийн гурван жилд зэвсэгт хүчинд ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Хөрөнгө оруулалт байхгүй учир хугацаат цэргүүдийг байрлуулах казарм ч шинэчлэгдээгүй, ахуйг хангасан үйлчилгээний тодорхой зүйлүүд орхигдсон байх жишээтэй. Хөрөнгө оруулалт тасалдсан учир шинээр хийх боломж үндсэндээ алга. Надад урт биш хугацаагаар заавал жил гэхгүй хугацаанд Монголын бүх эрчүүд цэргийн албыг ямарваа нэгэн шалтаг тоочихгүйгээр хаадаг болчихоосой гэсэн хүсэл байдаг. Ингэвэл, монгол эрчүүдийг, Монголын ирээдүйн эцэг, аавыг зөв хүмүүжүүлж бэлтгэхэд эх орноо хамгаалах үзлээр төлөвшихөд их нэмэр болно. Цэргийн албанаас тодорхой шалтгаанаар хүмүүсийг чөлөөлдөг. Мөнгөн төлбөрөөр цэргийн албаа хааж байна. Ийм байгаа учир хугацаат цэргийн албыг ямар хүмүүс хааж байгааг хэн хүнгүй харж байна. Гэтэл Үндсэн хуульд, эх орноо хамгаалах, эр цэргийн албыг хаана гэсэн заалт бий. Тиймээс энэ үүргийг хүн бүхэн жигд биелүүлдэг байгаасай гэж хүсдэг юм. Гэвч, ингэхийн тулд бид нарт дахиад л мөнгө хэрэгтэй.
-Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа цэргүүд байдаг. Гэтэл яахаараа хөрөнгө оруулалт гурван жилээр тасарчихдаг билээ?
-Зэвсэгт хүчин бол улсынхаа тусгаар тогтнолыг гадны нөлөөллөөс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Ийм учраас хангалттай хөрөнгө оруулалт шаардлагатай тухай би хөндөж байгаа юм. Харин шинээр анги байгуулагдсан нь тодорхой цаг хугацаатай, хэдэн жилийн өмнөх ажил болов уу. Учир нь сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдсан анги байхгүй. Харин санхүүжилт яагаад хэрэгтэй байгаа тухай олон ангиудынхаа барилгын урсгал засвар, гал тогооны техник хэрэгсэл гэх мэтээр ярихад цаг хугацаа их орох учир нурших хэрэггүй гэж бодож байна. 21 дүгээр зуун гараад 19 жил болчихоод байхад ийм байдлаар цааш явах уу үгүй юу гэдэг дээр олон асуудал гарах байх.
-Эрх биш бүхэл бүтэн улс байна даа. Асуудлаа шийдэх байлгүй дээ?
-Шийдэж болох анхны гэмээр хувилбар нь Зэвсэгт хүчин төмөр замын энэ том бүтээн байгуулалтад оролцож, өөрсдөдөө тодорхой хуримтлал үүсгэх, өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд хангах зорилго агуулагдаж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийг тодорхой түвшинд мэдэж байгаа учраас наанатай, цаанатай байх ёстой. Гэсэн ч наанатай, цаанатай хандаж, зэвсэгт хүчийг тодорхой хэмжээгээр анхаарах байх гэсэн бодол байна, бидэнд. Түүнээс гадна, намайг энэ ажилд томилогдоход Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаад, “ би цэргийн сургуулийг төгссөнийхөө хувьд зэвсэгт хүчинд бүхий л боломжоороо туслах, шаардлагатай зүйл дээр дэмжиж ажиллах болно” гэж хэлсэн. Энэ бүхнээс харахад, магадгүй ирэх жилийн төсөв батлагдахад Зэвсэгт хүчинд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалт орж ирэх байх гэж итгэж, хүлээж байна.
-Зэвсэгт хүчинд алба хааж байгаа мэргэжлийн бус хүмүүсээр төмөр зам барих ажилд оролцууллаа гэсэн шүүмжлэл гарч байна?
-Монголын Ардын арми гэж байх үед манайх дотооддоо барилгын цэргийн ангитай, олон цэрэгтэй байсныг санаж байгаа байх. Барилгын цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргүүд тухайн үед Монгол Улсын гол бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байсан. Мөн хөдөлмөрөөр гол хүмүүжлийг өөртөө бий болгож байсныг дурдах нь зүйтэй. Тиймээс энэ том байгуулалтыг дамжин хугацаат цэргийн олон алба хаагч, офицерууд, цэргийн ахлагч нар улсынхаа бүтээн байгуулалтад оролцож, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байсан уламжлалтай юм. Тэр утгаараа энэ уламжлалыг сэргээхийн тулд 2010 оноос Зэвсэгт хүчний цэргийн ангид Барилгын цэргийн ангиудыг шинээр байгуулж эхэлсэн. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн өгсөн чиглэл үүргийн дагуу Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416.16 км төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр хугацаат цэргийн алба хаагчид оролцож байгаа юм. Нэг зүйлийг хэлэхэд, 1946-1949 онд Алтанбулагаас Улаанбаатар хүртэлх төмөр замыг гурван жилд багтааж тавьсан. Тэр үед одоогийнх шиг тоног төхөөрөмж байсангүй. Бид техник технологийн ямар өндөр түвшинд хүрснийг энэхүү төмөр замын бүтээн байгуулалт, энд ажиллаж байгаа алба хаагчид харуулна гэдэгт итгэж байгаа. Зэвсэгт хүчний анги байгууллагууд мэргэжилтэй боловсон хүчингээ тодорхой хугацаанд бэлдчихсэн. Барилгын цэргийн ангиуд, зэвсэгт хүчний инженерийн ангийн хүч боломжоор бид төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа тул ямар нэгэн байдлаар ажил гацах, зогсох эрсдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс үүрэг гүйцэтгэх боломжтой. УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гарч, хөрөнгө санхүүжилт нь шийдэгдсэн тул Дорноговь аймгийн Мандах суманд ажил эхэлсэн.
-Энэ бүтээн байгуулалтад оролцсоноор өөр давуу тал юу байх бол?
-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчинд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтад оролцож буй инженерийн ангиуддаа томоохон хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн. Үүнээс гадна өөр нэг том боломж нь инженерийн рот хүчний тодорхой бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах боломжтой болно. Ингээд бодохоор яалт ч үгүй зэвсэгт хүчинд хэрэгцээтэй төсөл байгаа биз дээ. Дээрээс нь манай хугацаат цэргийн албан хаагчдаас мэргэжлийн шаардлага хангасан залуусаас шигшиж цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтын ажилд оролцоно. Мөн мөнгөн хуримтлал үүсэх боломжтой гэх мэтчилэн олон давуу талтай.
-Бүтээн байгуулалтад оролцох цэргүүд хоёр сая төгрөгийн цалинтай гэсэн. Жирийн иргэдээс хавь илүү цалин хангамжтай байх нь гэдэг яриа бий. Хоёр сая төгрөгийн цалингаар хоёр, гурван жил алба хаамаар байна гэсэн хүмүүс их байгаа гэж дуулсан?
-Мэргэжилтэй хүн мэргэжлийнхээ дагуу нормоо хийгээд хоёр сая төгрөгийн цалин авах боломжтой гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Тиймээс хүмүүст цалингийн мэдээлэл хүрсэн байх. Хоёр сая төгрөг бага мөнгө биш. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй хүмүүсийн хувьд өөрт тулгамдсан нийгмийн асуудлуудаа эхнээс нь шийдэхэд боломжтой болно гэсэн үг. Инженерийн анги салбарын офицер, ахлагч нар ч уг бүтээн байгуулалтад оролцох боломжтой. Ингэснээр үндсэн цалингаасаа гадна, хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг нэмж авна. Эдийн засаг талаасаа офицер, ахлагч нарт давуу тал бий болно. Энэ том бүтээн байгуулалтад зөвхөн монгол ажилчид, монгол инженерүүд, монголын цэргийн алба хаагчид, Монголын компаниуд ажиллах тул тэдний хөлсөө дуслуулан олсон мөнгө бүр монголдоо үлдэнэ. Ингэснээр монголчууд бид бүтээж, хийж чаддаг гэдгээ харуулна.
-Бүтээн байгуулалтад оролцох цэргүүд байвал өөрсдийн саналаар орж болох юм уу. Барилгын цэргийн ангид алба хааж байгаа хугацаат цэргүүд ажиллах юм уу. Ямар нэгэн шалгуур тавьсан уу. Тэгэхгүй бол малын бэлчээр дээрээс ирсэн залуус шууд төмөр зам тавиад явна гэхэд нэг л бууж өгөхгүй байна л даа?
-Иргэдийн дунд нэг ташаа ойлголт байна лээ. Цэрэгт ирсэн залуусыг шууд ажлын багаж бариулаад төмөр зам дээр ажиллуулахгүй, эхлээд сургана. Бүтээн байгуулалтын ажилд хугацаат цэргийн алба хаагчид оролцох тохиолдолд эхний ээлжинд сургалтад хамрагдана. Энэ сургалтын хамгийн бага хугацаа нь хагас жил байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхэд шаардагдах анхан шатны буюу үндсэн сургалтад хамрагдана гэсэн үг. Төмөр замын ажилд оролцох хүсэлтэй хүн эхлээд хүсэлтээ гаргах учиртай. Бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр утгаараа юу юугүй хүрз барьж, шороо ухахгүй. Техник технологитой ажиллана. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн, замын хүнд машин махнизмын оператор, жолооч гэсэн нарийн мэргэжилтэй хугацаат цэргийн алба хаагчид л бүтээн байгуулалтын ажилд хамрагдах боломжтой юм. Дээр хэлсэн 1946-1949 онд бол хүрзээр, хүний хүчээр замын даланг барьж байгуулсан. Техник, технологийн эринд бид амьдарч байна шүү дээ.
-МСҮТ-д суралцсан, хүнд механизмын оператор залуус цэрэгт тэнцэж алба хааж чадаж байна уу?
-Бид нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар ийм мэргэжлийн залуусыг татах гэж нэлээн ажил боллоо. Харамсалтай нь мэдээлэл жаахан хоцорсон уу, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг төгссөн, мэргэшсэн залуус цөөн байсан. Тиймээс хоёрдугаар ээлжийн татлагаар бид энэ тал дээр илүү анхаарч, МСҮТ болон энэ чиглэлийн сургуульд суралцаж төгссөн, мэргэжилтэй залуусыг татах шаардлага зүй ёсоор тавьж байгаа.
-Одоо тэгээд ямар цэргүүд ажиллаж байгаа юм бэ?
-Гол ажлыг манай офицер, ахлагч нарын бүрэлдэхүүн хийж байна. Манайх Замын инженерийн нэг анги байгуулсан. Энэ ангид барилгын мэргэжилтэй 29 цэргийн л орон тоо байна. Бүтээн байгуулалтын ажилд газар дээр нь цутгалтуудыг хийх, хэв шахмал хийх барилгын ажил хийх барилгын мэргэжилтэй залуус хэрэгтэй байгаа. Түүнчлэн хүнд мехнизмын операторын жолоочийн мэргэжилтэй хугацаат цэргийн алба хаагч маш хэрэгтэй. Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдын дунд байгаа ийм мэргэжилтэй цэргүүдийг цэргийн албаны анхан шатны мэргэжлийн бэлтгэл дууссаны дараа гэрээ байгуулаад цалинтай ажиллуулна.
-Цэргүүдээс төмөр зам бариулах гэж байна гэсэн шүүмжлэл байгааг та анзаарсан байх. Гадны компаниудаар төмөр замаа тавиулж болоогүй юм болов уу?
-Гадны гүйцэтгэгч компаниудаас санал авахад ойролцоогоор нэг километр төмөр замыг гурван сая ам.доллараар барина гэсэн тооцоо гаргаж өгсөн юм билээ. Гэтэл бид дотооддоо өөрсдийнхөө мэргэжилтнүүд, монгол инженерүүд, цэргийн алба хаагч нараа ажиллуулахад дээрх өртөгийг 2-2.5 дахин хямд хийх боломжтой юм. Хамгийн гол нь тэр их мөнгө монголдоо үлдэх боломж гэж харж байгаа учраас бид Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж алба хаагчдаа ажиллуулахаар болсон. Нөгөө талаас бид төмөр замын ажлыг хийж чадвал, эхнээсээ бүтээн байгуулалтын ажлаа өөрсдөө хийчихвэл, дараа дараачийн бүтээн байгуулалтад монголчууддаа итгэх итгэх нэмэгдэх болов уу гэж бодсон. Үүн дээр нуугаад байх юм байхгүй.
-Цэргүүдийг бүтээн байгуулалтад оруулснаар ямар нэгэн эрсдэл гарах уу. Батлан хамгаалах яам, танай жанжин штабын зүгээс ямар байдлаар арга хэмжээ авч оролцож байна вэ?
-Бүтээн байгуулалтын ажилд оролцож буй ангийн алба хаагчдыг бид хөдөлмөр хамгааллын инженерүүдийн сургалтад хамруулсан. Ингэснээр хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнууд тэнд ямар дүрэм журам баримталж, яаж ажиллахыг тэнд ажиллах дарга цэргүүдээс шаардах учраас өндөр ач холбогдол өгч байна. Ямар ч ажлыг харлуулдаг зүйл бол аюулгүйн ажиллагааны горим алдагдсан, ослоос шалтгаалдаг учир бид шат шатандаа, чиглэл чиглэлдээ анхаарал тавьж ажиллаж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 24 )
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Ardiin xuuxduudiig taxir dutuu boltol zoddog yargalj alaxaa bolix boltol sain ajilaach dee.Zarim tsergiin angi uilchlegcheeree savan bok avaxuulj tseverlegee xiilgedegee shalgaach.
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913
Хууль дүрэм зөрчиж байгаагаа мэддэг л байгаадаа. Цэрэгийн албан хаагчаар барилга, зам бариулж байгаа чинь дотоодын компаниудыг монополчилж, өрсөлдөх боломж олголгүйгээр ажлыг нь булааж байгаагийн хэлбэр. Мөн тушаалаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн сэтгэгдлийг үл хүндэтгэн хүчээр томилон ажилуулж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаагийн хэлбэр. Тэгээд ч 2 саяыг биш 3, 400 мянгыг хэл ам болж байж өгч байгаа сураг байна лээ дээ.
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:
Mash zov ajil. Demjij baina.
сайн байна манай залуучууд бүтээн байгуулалтанд эх орондоо оролцож байгаа нь сахйан байна ядахдаа салхи сэнгэнэсэн нутгийн үнэр ГЭЖ САХЙАН ДАА
Yadruuhan yria .bodoltoi hvn bna tsergiin alba haaj bgaa zaluus ganz udaa buudaj vzsen bdag dain bolloo gehed beltgel muu heden tsereg l amia uguh bh daa
Uuruu huuli zurchij orj irsen hun.Daranguilagch ,shudarga tsarailsan hun bdag gej sonsson.
Амжилт хүсье
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
amjilt husie