Монголын уулчдын “Альпиниад 2019” нэгдсэн цугларалтыг зорьсон тэмдэглэл
УУЛС ДУНД...
“Ууланд авирахын юу нь тийм сайхан юм бэ?” гэж би олон уулчнаас асуухыг хүсэв. Гэсэн ч асуусангүй. Хэрэв асуусан бол тэд өөр өөрсдийнхөө өнцгөөс хамгийн үнэ цэнэтэй хариултыг хэлэх байсан нь ойлгомжтой. Энэ бол аялал дөнгөж эхлэх үед төрсөн бодол л доо. Улаанбаатараас Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Хархираа нурууны уулс хүртэл 1500 гаруй км. Хархираа нурууны Мөст оргил далайн төвшнөөс дээш 4100 метр өндөрт оршино. Монгол орны үзэсгэлэнт, сүрлэг уулсын нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ урт замыг нэг тийм хургасан айдсыг өөртөө тээн туулж байв. Хөндлөнгийн хүмүүсээс нууцласан энэ мэдрэмж нэг талаар сэтгэл хөдөлгөж догдлуулах ч “айдас” гэж тодорхойлвол илүү тохиромжтой санагдана. Бид зорьсон газраа хүрэхийн тулд Төв, Архангай зэрэг аймгаар дайран өнгөрч, 15 цагийн турш давхисаар Завхан аймгийн Тэлмэн нуурын эрэгт оройн нар жаргахтай зэрэгцэн ирлээ. Бид гэдэг нь Хархираан уулсын оргилд болох Монголын уулчдын цугларалтыг зорьж буй Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй тал талаас цугласан уулчид.
Тэнгэрийн хаяа улаарч, ягааран хачин жигтэй өнгө будгийг цогцлоожээ. Үдэш хавирган сар нуурын мандалд ойн харагдах нь юутай сэтгэл татам. Их ус, далай тэнгист буй бүхнээрээ татагддаг надад өндөр уулс угаас сүрдэм, сонин байлаа. Ийн бодоход илүү хол, бүр алс хол, бүр их өндрийг зоримоор. Аялагчид майхнаа босгож, аяны хоолоо хийхээр гал өрдөж эхлэв. Уулчдын яриа маш сонирхолтой. Бидний дунд “AC/DC”, “Metalica”, “Iron Maiden” гэх дэлхийн шилдэг рок гурван хамтлагийн тоглолтын үзсэн уулчин ч байв. Түүний яриаг “хөгшин рокууд” хэмээн үргэлжлүүлэхэд уурлаж буй нь чин сэтгэлийнх.
-Чи рок сонссдог уу?
-Сонсдог гэхэд минь “Энэ чинь л жинхэнэ рок амьдрал шүү дээ...” гэж тэр хэлэв.
Тэр гэдэг нь уулчдын дунд байгаа ганц гавьяат Г.Өсөхбаяр. Савхи өмсөж, мотоцикль унасан урт үстэй залуусыг л рок гэвэл өрөөсгөл ойлголт. Цаашлаад бидний дунд “Queen”, “Gun’s roses”, “Radiohead”, “Oasis”, “Pink Floyd” гээд рокуудын тухай олон яриа өрнөсөн. Амьдрал бол зогсолтгүй эрэл хайгуул. Өөрийнхөө нэгэн хэсгийг эрж олохоор уулчид дунд яваа минь хамгийн зөв сонголт болжээ гэдгийг тэр агшинд ухаарсан билээ. Хоорондоо жаргалтай яриа дэлгэж, элдвийг хөөрөлдсөөр аялалд гарсан эхний өдөр жаргалаа. Өглөө эртийн таван цагт майхны үүдээр нуурын мандал намуухан цэлэлзэнэ. Бидний өглөөний цай борцтой, гурилтай шөл. Хээрийн хоол амттай гэдэг дээ.
Эхний өдрөө Тэлмэн нуурын эрэгт буудалсан биднийг удаах өдрийн зам Хяргас нуурын эрэгт аваачлаа. Өмнө минь их ус, их тэнгэр нийлж үзэгдэнэ. Гадаа лав 30 хэмийн халуун байгаа нь илт. Хяргас нуурын эргээс холдож, зам өөд өгсвөл удахгүй бидний хүрэх мөнх цаст оргилууд харагдана. Хүншүүлбэл Тэлмэн нуур тайван, дөлгөөн, нөмөр нөөлөгтэй хижээл насны эр шиг. Харин Хяргас нуур залуу насны ааг омог нь цогцолж, бие боловсорч гүйцсэн бүсгүй хүн лугаа адил ажээ. Өөрөөсөө гарах дуу чимээг давалгаанаас ялган сонсоно гэдэг хэцүү. Бараг л боломжгүй гэдгийг Хяргас нуурын эрэгт хонохдоо анзаарав. Давалгаа хүчтэй. Харин түүний хажууд хүний дотоод дуу хоолой дэндүү сул аж. Өдрийн төгсгөлд давалгаа улам ширүүсэв.
Хамгийн сайн хийж чаддаг зүйлээрээ, нэг үгээр бол хоббигоороо хоолоо олж амьдрах нь хүн бүрийн хүсдэг цайлган мөрөөдөл. Гэвч хүн бүрт ийм хувь тохиодоггүй. Тиймээс л бидний ихэнх мөрөөдлүүд мөрөөдөл чигээрээ үлдэж, зарим нь ор мөргүй мартагддаг. Уулчдын алдаа эхнийх бөгөөд эцсийнх байдаг. Тэр бол “Үхэл” гэж Г.Өсөхбаяр хэлсэн нь санаанд тод үлджээ. Үнэндээ би, та, хэн байлаа ч гэсэн яг одоо эсвэл маргааш энэ эрсдэлтэй замаас буцаж магадгүй. Үхэл хэзээ ирэхийг хэн ч таашгүй. Тиймээс л уулчид ууланд авирах, аялах мөчүүдээ аз жаргалаар дүүргэхийг хичээдэг юм билээ. Тэдэнтэй хамт байх бүхий л цаг мөч хүнд агаад хөнгөн, зовлонтой мөртлөө жаргалтай тийм цаг хугацаа болж хувирдаг аж.
УУЛСЫН СҮР ХҮЧИЙГ ӨӨР ЮУ ДАВАХ...
Айдас гэдэг их сонин зүйл. Нүцгэн оргилоос айх мэдрэмжийг надаас өөр хэр олон хүн авдаг бол гэж хаа нэг бодогдоно. Бага ангид байхдаа ангийнхантайгаа нийлж хотоос зайдуу нэгэн толгод дээр гарч байснаа санадаг юм. Тэр толгод өөд яаж өгссөнөө санадаггүй. Харин яаж ч хичээгээд бууж чадахгүй байснаа, уулнаас авсан тэр хүчир дарам мэдрэмж одоо ч дотор минь амьд оршиж байдгийг л сайн мэднэ. Тиймээс л би айдастайгаа нүүр тулахаар 1500 кмыг туулсан хэрэг. Гэсэн ч уулс надад хүч чадлаасаа илүү гоо үзэсгэлэнгээ харуулсан гэж одоо бодогдном. Айдас гоо үзэсгэлэнгээр солигдох тэр агшинд биднийг дотроос минь үргэлж хэмлэн зовоодог бүх зүйл хийсвэр, хоосон гэдгийг ойлгосон билээ. Айдас, өөртөө итгэлгүй байдал бүгд хийсвэр.
Ингээд халуун зунаас цасан шуурга шуурсан Увс Аймгийн Тариалан сумын нутагт аялагчид маань хоёр өдрийн дараа очлоо. Эргэн тойрон мөнх цаст оргилууд сүндэрлэнэ. Уулс хэчнээн сүрлэг, хэчнээн сүрдэм. Нөхцөл байдал бодсоноос ч ширүүн байв. Энэ газарт “Альпиниад” наадам болох билээ. Энэ бол уулчин бүрийн дурлалт авиралт. Монголын уулчдын үндэсний холбооноос зохион байгуулдаг уулчдын нэгдсэн цугларалт “Альпиниад” 1977 оноос 2015 оныг хүртэлх хугацаанд жил бүр болжээ. Харин 2015 оноос хоёр жил тутамд нэг удаа зарлаж, энэ удаагийн авиралтыг Хархираад болзсон юм. Уулчдын нэгдсэн цугларалтад 200 орчим хүн хамрагдаж, скайраннинг, техник, чөлөөт авиралтын төрлөөр 18-35, 36-45, 46-аас дээш гэсэн насны ангилалтайгаар авиралт хийв.
1973 онд Хөвсгөл аймгийн Улаан тайгад таван эмэгтэй амжилттай авирснаар Монголын уулын спорт түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчинтай болжээ. Тэдний нэг болох ахмад уулчин, 90 настай Т.Ичинноров гуай “Альпиниад” наадмыг зорин ирсэн байлаа. Хэдийгээр ууландаа алхаж чадахгүй ч гэсэн ядаж л дэргэдээс нь хараад сүслэн залбирах гэж ирсэн талаараа тэр хуучилж байв. Аргагүй шүү дээ. “Альпинад” бол уулчдын гэр бүлийн хамгийн том баяр.
“Альпиниад”-д цугласан уулчдын нэгдсэн кампаас /бааз/ гадна Хархираа уулын бэлд тэмцээнд оролцогчид болон чөлөөт авиралтын багийнхны камп байгуулсан байлаа. Хэт өндөрт огцом гарснаас болж хүний бие организмд мэдэгдэхүйц өөрчлөлт үүсэхээс, нэг ёсондоо өндрийн өвчин тусахаас сэргийлж хоорондоо зайтай хоёр камп байгуулсан нь энэ аж.
Нэгдсэн баазад нэг хоноод маргааш өглөөний 05 цагт оргилын бэлд байгуулсан дараагийн бааз руу хөдлөхөөр тохирсон уулчид цагийн өмнө түрүүчээсээ бэлэн болж эхэлсэн байх нь тэдний хувьд хором, мөч бүр ямар үнэтэйг илтгэнэ.
Уулс дунд л хүн өөрийгөө хэн ч биш гэдгээ илүү хүчтэйгээр мэдэрдэг ажээ. Бусад үед хүн гэдэг амьтан ямар бардам, омголон, мунхаг гэдгээ мэдэрдэггүй гэдэгт итгэхээс аргагүй. Гэрийнхээ буйдан дээр зурагтын удирдлага эргүүлж хэвтсэн бол лав л ийм зүйлийг хэзээ ч ойлгохгүй өнгөрөх байсан биз ээ...
Уулчид хоёр цаг гаруй дов толгод, уул нуруу сүлжин явсаар зорьсон газар болох дараагийн бааздаа ирэв. Уул бүхэн өөрийн гэсэн араншинтай. Хархираад гэхэд өдрийн турш бороо орж, тэгснээ цасаар шуурсан өдрүүд үргэлжлэв.
Уулын бааз руу алхаж явахад хөлс гарч, халууцаж, нуруун дахь ачаа улам хүндэрнэ. Үүрч яваа ачаагаа өөрийн биений нэг хэсэг гэж төсөөлбөл харин ачаа илүү хөнгөн санагддаг аж. Бүх зүйл хүний сэтгэл санаатай нягт холбогддог гэдгийн нэг жишээ байх. Чадна гэж бодвол чадна. Чадахгүй гэж бодвол чадахгүй.
Туршлагатай, туршлага багатай олон уулчид хэнд ч саад болохгүй, өмнөх замаа туулсаар хамгийн эхний хад асгатай уулын өмнө ирлээ. Айдас, эргэлзээгээ өөрийн сэтгэлээс үлдэн хөөх ёстой гэдгийг шинэ уулчид энэ үеэс илүүтэй ойлгож ухаардаг байх. Харин түүнээс цааш бол айдсаас илүү сүрдэх мэдрэмж төрнө.
Үндсэн баазад өнжсөн өмнөх өдрийнхөөс тэс өөр мэдрэмж, өөр өдөр ийнхүү өнгөрлөө. Уулчдын эрүүл мэнд, биеийн байдлыг харгалзаж, үндсэн болон авиралтад зориулсан хоёр бааз хоорондоо багагүй зайтай. Ийнхүү бид маргаашийн жинхэнэ авиралтад бэлэн боллоо.
Хархираа нурууны ихэмсэг оргилын бэлд цугласан уулчид шиг жаргалтай хүмүүс үгүй. Уулчид ууландаа бүгд хаан мэт, эзэн мэт. Өнөөдөр бид эрт амарч, тамир тэнхээгээ сэлбэх ёстой. Удалгүй маргаашийг догдлон хүлээсэн уулчдын майхны гэрэл нэг нэгээр унтарч эхэллээ...
Үргэлжлэл бий
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
гоё бичжээ
Үнэхээрийн сайхан цугларалт болдог доо. Гоё тэмдэглэл болжээ.
Tтухайн цаг үед, цас мөстэй өндөр ууланд хамт бгааг мэт сэтгэгдэл төрлөө. Зоригтой ,эрс шулуун эрхэм найздаа өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Ойрд ийм сайхан тэмдэглэл уншсангүй үнэхээр сэтгэл татам юмаа.
Гоё...