Оргил бүхэн мөрөөдөл (Аялал яг РОК шиг)

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Монголын уулчдын “Альпиниад 2019” нэгдсэн цугларалтыг зорьсон тэмдэглэл

 

Үргэлжлэл. Эхлэлийг ЭНД дарж уншина уу!

 

***

2019.06.12. Үүрийн 04:00 цаг. Нар юу юугүй уулын цаанаас мандахаар яаран тэнгэрийн хаяа төөнөнө. Авиралт эхлэхийн өмнө уулчид хангайн уулс, хайрханыхаа элгэнд үүрд нойрссон уулчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, чимээгүй зогсдог уламжлалтай юм билээ. Уулчдын авиралт цагийн дараа гэхэд эхэлсэн байх ёстой. Цаг агаар ч авирахад нэн таатай байх шинжтэй. Гэвч хэтэрхий дулаан байж бас болохгүй. Уулчид аль болох эрт авиралтаа эхлүүлбэл үдээс өмнө оргилдоо гарч, хэт халахаас өмнө бууж ирэх зорилготой байдаг. Цас хайлж, явахад хүндрэл учирахаас сэргийлдэг гэсэн үг. Бидний гарахаар төлөвлөсөн Хархираа нурууны Мөст оргил руу алхах замын ихэнх хэсэг хөвсгөр цастай байв.

Юуны өмнө уулын спорт хэн хүний хүсэх, хүсээд хийх тийм ч амар зүйл биш гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрснээ тэмдэглэх нь зүйтэй. Ингээд бүгд аюулгүй байдлаа сайтар ханган, шалгаад алхалтаа эхэллээ. Өндөр оргил руу авирахад тод өнгийн тольтой шил, малгай, бээлий, гутлын түрий, таяг, агаар салхи нэвтрүүлж, хөлрөхөөс сэргийлэх хувцас, хөнгөн цүнх зэргээс авахуулаад бас бус зүйлс хэрэгтэй. Ер нь уулын хувцас, хэрэгсэл бусад аяллын болон спортын хувцас хэрэгслээс өртгийн хувьд хамгийн үнэтэй тусдаг. Залуу уулчид нэг удаагийн хувцас хэрэгслээ жил тойрон цуглуулдаг гэж ярьж байсан. Хэрэгсэл бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Жишээ нь, тод өнгийн тольтой шил цасанд ойсон нарны туяанаас хамгаалдаг. Ийм шил өндөр ууланд гарч байгаа уулчдын зайлшгүй авч явах хэрэгсэл.

Манай авиралтын баг Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Үндэсний уулын холбооны гишүүд, чөлөөт уулчид зэрэг 10-аад хүний бүрэлдэхүүнтэй. Бид алхалтаа эхэлснээс цаг гаруйн дараа замынхаа хагаст ирэв. Энэ үед уулчид бүгд гутлын хадаасаа зүүж, олсоор бэхэлгээ хийлээ. Ахлагчийн гишгэсэн мөр багийн уулчдын зам гэсэн үг. Замыг эвдэж болохгүй. Ахлагчийн гаргасан замаар явбал аюулгүй гэж бүгд бат итгэнэ.

“Өөгөө /Уулынхан Г.Өсөхбаярыг дотночлон дууддаг нэр/ бусад үед энгийн, чөлөөтэй, хөгжилтэй, дэндүү өөрийнхөөрөө нэгэн. Харин ууланд бол өөр хүн шүү” гэж нэг уулчин маань хэлсэн юм. Түүний хэлсэн ч яг үнэн болж таарлаа. Тэр ууланд зөвхөн өөрийн зурсан замаараа л явдаг аж. Хэзээ ч хэн нэгний гаргасан замаар явдаггүй, явахыг ч хүсдэггүй юм шиг. Бэхэлгээ хийж, бүгд аюулгүй байдлаа сайтар шалгасны дараа Мөст оргил өөд шулуун өгсөж эхлэв. Сүүлд үндсэн баазад ирэхэд биднийг тосож угтсан хүмүүс “Уул өөд хэний баг дүрэм зөрчиж, техник авиралт хийчихэв гэж гайхаж байтал танай баг чөлөөт авиралт хийж байсан байж” хэмээн хөхрөлдсөн билээ. Г.Өсөхбаяр тийм л уулчин ажээ.

Г.Өсөхбаярын багт мэргэжлийн уулчид голдуу байсан ч ямар ч туршлагагүй, анхны авирагчид хэд хэд багтсан болохоор энэ удаагийн авиралт харин ч зөөлөн байлаа гэж бусад маань дүгнэж байв. Дэлхийн хамгийн өндөр оргил бүрт мөрөө үлдээсэн уулчны арга техникээр алхаж, ур чадварыг нь дотроо биширч явсан ч гаднаа илэрхийлсэнгүй. Ямар ч салбарт мэргэжлийн байх, түүндээ сэтгэл зүрхнээсээ хандах, мэргэжлийн хэмжээнд үнэлэгдэж, хүндлэгдэж, өөрийн нэрээ өндөрт өргөнө гэдэг хүн бүрт олддоггүй хувь тавилан билээ. Энэ бүхнийг өөрийн нүдээр харж, мэдэрсэн учир түүнд магтаалын үгийг харамгүй цацмаар байгаагаа нуух юун.

Хархираа нурууны Мөст оргилд хүрэхийн тулд өөр нэгэн оргилоор дамжин очно. Харин би эхний оргилд хүрээд буцах шийдвэр гаргасан. Хүссэн оргилдоо гарсан уулчны сэтгэл зүйг тэмтэрч чадаагүй ч зорилгоо гүйцээлгүй буцаж яваа уулчинд ямар мэдрэмж төрдгийг бага ч атугай мэдэрсэн гэж найдна. Бид бүгд л хүссэн зүйлийнхээ үзүүрээс атгаад алдахдаа харамсдаг шүү дээ. Сэтгэл хоосон оргиж, шударга бус санагдсан. Хэнд гомдохоо, юу шударга бус санагдаад буйг эс мэдэх учир оюун бодлоо чөлөөлж, зөнд нь орхихыг хүсэв. Ийм учраас л хүмүүс ялалтад тэгж их шунан дурладаг байх нь.

Зүрх хүчтэй дэлсэж, хамраас зогсолтгүй цус гарсан тул багийн ахлагч буулгах шийдвэр гаргасныг би дагахаас аргагүй байлаа. Өндөрт хэд хонож, бие организм тэр орчинд дасан зохицсон гэж бодсон боловч өндрийн өвчин хөдөлсөн байжээ. Магадгүй уул хэнийг ч хамаагүй оргилдоо гаргахыг хүсдэггүй байх. Хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн л уулсын оргилд  хүрч, хүн бүхний хараа хүрч үл чадах тэр хүчирхэг гоо үзэсгэлэнг олж хардаг ч юм бил үү. Гарч үзээгүй оргил бүхэн уулчдын мөрөөдөл байдаг. Тиймээс уулчдыг оргил тосон угтах хүртэл очсоор байх болно. Энэ зам ч өмнө минь байхыг үгүйсгэхгүй ээ...  

***

Энэ бол оргил булаацалддаг тоглоом биш. Ясны ур чадвар, хүч чадал, ухаан шаардсан ертөнц. Мөст оргилд амжилттай гарсан багийнхан маань зургаан цагийн дараа бааздаа ирлээ. Уулчид авиралтын үеэр таарахдаа яг л хол замд таарсан аянчид шиг хүндэтгэлтэй мэндэлдэг. Сайн явж байна уу, сайн яваарай, сайн явж ирэв үү хэмээн тэд хоорондоо мэндэлж, тэврэлдэнэ. Энэ ёс надад дотно, сайхан санагдсан. Оргилд гарсан багийнханд маань уулчин бүр баяр хүргэж байлаа. Уулын оргилд аюул осолгүй гарч чадвал энэ нь тэдний хувьд хамгийн том баяр.

Уулсын дунд ийм аз жаргалтай хүмүүс байдаг аа. Ингэхэд миний мэдэхгүй, бидний мэдэхгүй ертөнц яасан их юм бэ? Оргилоос түүж буцсан бодол бас ямар их байв аа...

Мөнгөтэй, цаг завнаас их зүйлгүй, тун онцгүйгээр хэлэхэд тэнэг ч юм шиг хүмүүс л ууланд мацаж байдаг гэж бусад хүмүүс боддог тухай дотроо уудлан уулчид ярина. Ажиглаад байхад ихэнх хүмүүсийн хандлага ийм юм билээ. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Уулчид завтайдаа эсвэл зав гарахаараа л оргилыг зорьдоггүй. Тэд бүгд хувийн амьдралтай. Харин ч бүр тусгайгаас тусгай, чухалаас чухал цаг хугацаа, өдөр хоногийг зөвхөн ууланд зориулан гаргадаг. Амьдрал хэчнээн буцалж байсан ч тэд хэзээд ууландаа очсоор байх болно. Өөдөө өгссөөр байх цаг хугацаа нь хэзээ ч зогсохгүй.  

Уулчидтай хамт тэдний ертөнцөөр хэдэн өдөр аялахад амьдрал хэчнээн сонирхолтой санагдана гээч. Ийм ертөнцийг хэрхэвч үгүйсгэж болохгүй. Хүн байгальтай ойр байхдаа л оршихуйгаа илүү мэдэрч, анирдаж чаддаг ажээ. Байгалийн өмнө хүний бие өт хорхойноос нэг их ялгаагүй. Харин бид өөрсдийн төрөлх ахуйгаасаа ямар их алсран холдоо вэ?

Уулыг хүн бүр ажиглаж, сонирхдоггүй. Түүний дотоодод нэвтрэхийг оролддоггүй. Модтой модгүй, цастай цасгүй, хад асгатай, асгагүй олон уул бий. Гэвч чухамдаа уул гэж яг юу юм бэ? Уулс бүхнийг сонсож мэдэрдэг. Уулс бүхнийг хардаг. Сүр бараат тэр уулстай амь нэг хүн цөөн. Уулсыг хараад юу өгүүлж байгааг нь уулчин бүр уншиж чадахгүй. Уул чамд нэг бол оргилоо, эсвэл илүү эмгэнэлтэй зүйлийг л санал болгох болно. Үнэндээ долоохон хоног хамт байснаараа уулчдыг ойлгоно гэдэг утгагүй хэрэг. Аз туршиж, аюулын өөдөөс сөрж байж л хүнд шинэ ухаарал төрдөг.

Монголын уулчдын үндэсний холбоо 2019 оныг уулын спортын аюулгүй байдлыг дэмжих жил болгон ажиллаж байгаа юм. Тэдний зохион байгуулсан үйл хэрэг ч алдаа эндэгдэлгүй, авиралт амжилттай болж өндөрлөлөө. Бүгд сэтгэл хангалуун байгаа нь илт.

Хотоос гарахад надад аз хүссэн хүмүүс олон байсан. Өмнө нь ойр дотны ганц хоёр найз нөхөд, гэр бүлийнхэн миний өмнөөс санаа зовдог байлаа. Одоо тэдэндээ буцаж очиж, үзэж туулсан бүхнээ ярина гэж бодоход өөрийн эрхгүй догдолж байв. Ууланд өнгөрүүлсэн өдрүүд мэдээж харилцаа холбооны хэрэгслээс хол байсан. Утасны цэнэг дуусаж, унтраад хэд хонов. Орон хотод минь одоо амьдрал ид буцалж байгаа даа. Сүрлэг Хархираа уулсын бэлээс бид удахгүй хөдлөх гэж байна. Эргэн тойрон дүнсийн орших уулсын орой нэг манантан, нэг цэлмэж, үүлэн дунд хөвөх аж. Нэгэн биений жаргал, зовлонгоо уулс дунд эдлэхээр сонгосон бидний хэсэг хүмүүс дор бүрнээ ачаа тээшээ бэлтгэв. Тэд дотроо юу бодож байсан бол... 

Аялагчид, уулчдын машин эхнээсээ буцаж эхэллээ. Хархираа уулсаа ширтэн сүүлийн удаа цайлав. Тува улсаас зорьж ирсэн уулчид өөрийн орны идээний дээж, цай тэргүүтэй гарын бэлгийг дурсгасан юм. Тэдний цай бидний аялалд бас нэг сайхан амт оруулж байсан билээ. Танилцаад л өнгөрсөн ч талархаж явах хүмүүс амьдралд бишгүй учрах ажээ. Өмнө минь буй оргилууд эрхгүй сэтгэл эзэмдэж, догдлуулсан хэвээр. Ирэхдээ би сүрлэг уулсаас “айж” байсан. Харин одоо надад аль хэдийн даваад ард нь гарчихсан цасан уул, хад чулууд аймаар санагдахгүй байна. Халуун зүрхэнд үлдсэн Хархираан уулс минь баяртай.  

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zayashka(103.212.116.118) 2019 оны 06 сарын 21

Saihan nudend haragdtal biyend medregdtel bichjee. Zuragnuud bas goy bn

0  |  0
С(103.212.117.62) 2019 оны 06 сарын 21

Сайхан бичвэр баына. Сүүлийн удаа цайлав! гэдэг л таалагдсангүй. Аялалын сүүлчийн цай гэдэг ч юмуу, хөдлөхийн өмнө цайлав гэдэг ч юмуу. Сүүлийн гэдэг үгийг зөвхөн тэр үйл ядьлын сүүлийн гэдэгээр тодотгож байгаарай.

0  |  0
Zay(112.72.11.122) 2019 оны 06 сарын 20

Uuruu medreegui ch temtreh bolomj olgosond bayarlalaa Davaasuren Zindaa. . Zaaval yavj uzmeer sanagdaj bn

0  |  0
Од(150.129.143.217) 2019 оны 06 сарын 20

Гое2

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

1  |  0
Зочин(202.179.24.68) 2019 оны 11 сарын 08

Сайхан бичсэн байна,баярлалаа.Оргилд гарсан хүн л дараагийн өндөр оргилыг хардаг,тэгээд тэр лүү зоридог,,гэсэн үг байдаг

1  |  1
Eiw!(103.57.93.19) 2019 оны 06 сарын 20

Yanztai...

0  |  0
Top