Олон улсын сансрын станцын багийн гурван гишүүн бүхий "Союз МС-11" сансрын хөлөг Казахстаны Жезказган хотоос 145 км зайд тал дээр амжилттай газардлаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Оросын Роскосмос корпорацын сансрын нисэгч Олег Кононенко, АНУ-ын НАСА агентлагийн сансрын нисэгч Энн Макклейн болон Канадын сансрын агентлагийн сансрын нисэгч Давид Сен-Жак нар эх дэлхийдээ буцаж иржээ. Сансрын хөлөг Олон улсын сансрын станцаас Москвагийн цагаар 02.25 салж, Жезказганд 05.48 цагт газардсан байна. Багийн гишүүдийн бие сайн байгаа бөгөөд аврагчид хөлгөөс амжилттай гаргаж авчээ. Сансрын хөлгийг хамгаалалтад авсан гэнэ.
Одоогоор Олон улсын сансрын станц дээр Алексей Овчинин /ОХУ/, Ник Хэйг /АНУ/ болон Кристина Кук /АНУ/ нар ажиллаж байгаа аж. Дараагийн баг энэ оны долоодугаар сарын 20-ны өдөр Байконур сансрын буудлаас "Союз МС-13" сансрын хөлгөөр хөөрөх бөгөөд багт Александр Скворцов /ОХУ/, Эндрю Морган /АНУ/, Лука Пармитано /Итали/ нар багтах юм.
Сэтгэгдэл ( 0 )