Ядуу гучуу иргэдийн тоо яагаад ийм олон байна вэ. Яагаад Монголчууд бидний нэг сая орчим нь ядуусын хорооллыг бүрдүүлж байна вэ гэдэг асуултад товч хариулах боломжгүй. Гэхдээ нэн тэргүүнд баялаг хийгээд боломжийн тэгш бус хуваарилалтын тухай л ярих ёстой болж байна. Уг нь байгалийн баялгийн ихээхэн нөөц манайд бий. Харин нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсны үр шимийг иргэдийн олонх нь хүртэж чадахгүй байгаад асуудал бий. Үр өгөөж хүртэж болох боломж нь байсаар атал нийт олонд гавьтай наалдахгүй байна гэдэг бол манай улс баялгийн хараалд өртсөний шинж мөн билээ. Мельбурны их сургуулийн багш, олон улсын харилцааны профессор Эндрью Уолтер нэгэнтээ манай улсыг “бүсэлхий орчим” хүртлээ баялгийн хараалд өртчихөөд байна гэж тодорхойлсон байсан. Мөн тэрбээр биднийг уул уурхайн салбараас олсон орлогоо үр ашиг муутай зарцуулж буйг, хуваарилалт нь буруу байгааг хэлсэн байдаг. Нэг үгээр хэлбэл манай улсад баялгийн засаглал тааруу байна гэсэн үг юм. Үүнийг судалгаа илтгэнэ.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргадаг Баялгийн засаглалын индекс 2017 оны тайланд тулгуурлан өгүүлэхэд, Орлогын менежмент гэх үзүүлэлтээр манай улс 100 онооноос 54 оноо авсан бол Төрийн өмчийн компанийн засаглалын тал дээр 100 оноо авахаас 40 оноо авсан байдаг. Мөн үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сангийн хувьд 100 оноо авахаас 42 оноо авсан байгаа юм.
Эдгээр үзүүлэлт нь манай улсыг баялгийн засаглал султай, дундаас доогуур болон дундаж орчим л явна. Тэгэхээр Баялгийн засаглалын асуудлыг оновчтой болгох бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх магадлал улам хумигдаж болзошгүй байна.
Бид баялагтай хэрнээ засаглал муу байгааг илтгэсэн үзүүлэлттэй гарахад төрийн өмчийн компанийн менежментийн асуудал нөлөөлсөн байдаг. Төрийн өмчийн компанийн засаглалын хувьд 100-гаас 40 оноо авснаар Евразийн есөн улсаас долоод жагссан. Бүр тодруулбал, төрийн өмчит "Эрдэнэс Монгол" нь санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой голлох мэдээллийг нийтэлдэггүй зэрэг ил тод байдлыг хангах үндсэн асуудлуудаар дутагдалтай байна гэж судлаачид дүгнэсэн байдаг. Тэгвэл Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2016, 2017 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийснээ энэ сарын 18-ны өдөр танилцууллаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Хөндлөнгийн үнэлгээ учир гарсан дүгнэлтэд санал нийлэх, нийлэхгүй зүйл байна” гэж байсан.
Мөн манай улсын индексийг хойш чангаасан нэг гол үзүүлэлт үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сан 100-гаас 42 оноо авснаар уг төслийн хүрээнд үнэлгээ өгсөн 34 сангаас 18-д жагссан байдаг. Хууль тогтоох байгууллагын хяналт сул байгаа нь сангийн засаглалд сөрөг нөлөөтэйг судлаачид онцолсон байдаг. За мөн төр засгийн зүгээс төсвийн дүрмүүдийг зөрчдөг гэдгийг ч тодотгосон. Уг нь манай тухайд уул уурхайн салбар эдийн засагт жин дарж эхлэхтэй зэрэгцэн Баялгийн сан байгуулж, дэлхийн жишгийг дагахаар шийдвэрлэсэн билээ. Тэгээд эрдэс баялгийн орлогыг хуримтлуулах зорилгоор үндэсний баялгийн хоёр сан байгуулсан. Нэг нь уул уурхайн орлогын өсөлт бууралтын үед түшиг болж байх учиртай эрсдэлийн сан болох Төсвийн Тогтворжуулалтын сан. Нөгөө нь баялгийн орлогыг хойч үедээ үлдээхийг зорьсон “Ирээдүйн өв сан” юм. Гэвч өнөөдрийн тухайд энэ хоёр сан нэр төдий. Эрх баригчид ч Баялгийн сангийн сонгодог хувилбар хайсан хэвээрээ. Гэтэл бодит байдал дээр хэчнээн сан байлаа гээд хяналтын механизмгүй гэдгийг судлаачид хэлээд буйг түрүүн цухас дурдсан билээ. Сангийн яамны мэдээллээр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Тогтворжуулалтын санд 13.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 79 хувь буурсан үзүүлэлт. Өдгөө дэлхийн зах зээл дээрх алтны ханш боломжийн байгаа бол зэсийн ханш уруудсан төлөвтэй байна. Тэгэхээр үнийн зөрүүгээс тус санд мөнгө төвлөрүүлэх боломж буурч байна гэсэн үг л дээ. Сан байлаа гээд, хураалаа гээд элс рүү аягатай ус хийсэн лугаа адил дүр зурагтай байдаг бидний хувьд дэлхийн зах зээлийн үнээр бүсээ чангалуулдаг гэдгээ дандаа санаж явмаар байгаа юм.
Байгалийн баялгийн сангийн хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь хэлэхдээ “Хэрвээ баялаг нь ард иргэддээ хүртээмжгүй, үр өгөөжгүй байвал тухайн улсад засаглалын асуудлууд байна л гэсэн үг. Засаглалын гол үндэс бол бодлого, хууль дүрэм журам. Үүний дараа мэдээж тэдгээрийн хэрэгжилтийн тухай яригдана. Сайн бодлого гарах үндэс суурь нь дүрэм журам л байдаг. Баялагтай байна гэдэг давуу тал юм. Түүнийгээ хэрхэн удирдах вэ тогтолцоогоо сайжруулах, нээлттэй ил тод байдлыг дээд зэргээр хангах, авлигатай тэмцэх, иргэдтэйгээ хэлэлцэн зөвшилцдөг тогтолцоогоо сайжруулах шаардлагатай. Засаглалаа сайжруулах юм бол хөгжих магадлал өндөр гэдгийг гадаадын орнуудын жишээ ч манай сүүлийн 20-оод жилийн түүх ч харуулж байна” гэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.