Манай гараг дээрх атомын цахилгаан станцууд

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Атомын цахилгаан станц гэдэг нь цацраг идэвхт хүнд элементийн /голчлон уран-233, уран-235, плутони-239/ цөм хуваагдах гинжин урвалын үр дүнд цөмийн реакторт үүсэж буй дулааныг ашиглах замаар цахилгаан эрчим хүч гаргаж авахад зориулсан систем, тоног төхөөрөмж, байгууламжийн цогцолбор юм. Цөмийн реакторын идэвхтэй бүсэд бий болж буй дулааныг дулаан тээгчээр дамжуулан усны уурт хүргэснээр турбогенератор буюу хөдөлгүүрт үүсгүүр бүхий уурын турбин ажиллаж, механик эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг байна. Цахилгаан эрчим хүч цахилгааны шугамаар дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Энгийн болон хүнд ус, усны уур, шингэн металл, органик шингэн болон гелий, нүүрсхүчлийн зэрэг хийг дулаан тээгчийн хувиар ашигладаг байна.

Энгийн дулааны цахилгаан станцыг бодвол атомын цахилгаан станц нь экологийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадгаараа давуу талтай. Гэхдээ үүний тулд цөмийн реакторуудыг цэвэр мэргэжлийн түвшинд ажиллуулах нь хамгийн чухал юм. Атомын цахилгаан станцын цацрагийн аюулгүй байдлыг хангах төхөөрөмжүүд нь цацраг идэвхт хуваагдлын бүтээгдэхүүнээр бохирдохоос сэргийлдэг байна.

Атомын цахилгаан станцыг гол төлөв эрчим хүч хэрэглэгчдийн ойр барьж байгуулдаг. Ингэхдээ хот суурин газартай ойрхон, салхины доор чиглэлд байгуулдаг аж. Атомын цахилгаан станцыг тойруулаад ариун цэвэр, хамгаалалтын болон ажиглалтын бүсийг байгуулдаг байна. Ажиглалтын бүсэд хүрээлэн буй орчныг байнга хянах зориулалт бүхий хяналт, хэмжүүрийн багаж  суурилуулдаг аж. 

Атомын цахилгаан станц түлшээ солихгүй удаан хугацаанд ажиллах боломжтой байдаг тул ийм төрлийн станцыг алслагдмал бүс нутагт байгуулах нь тохиромжтой байдаг. Атомын цахилгаан станцыг ашиглах хугацаа ойролцоогоор 25-30 жил байдаг байна.

Дэлхий дээрх хамгийн анхны атомын цахилгааны станцыг ЗХУ Калуж мужийн Обнинск хотын ойролцоо барьж байжээ. Атомын цахилгааны станцын реакторыг барих тухай саналыг анх 1949 оны арваннэгдүгээр сард цөмийн төслийн эрдэм шинжилгээний удирдагч Игорь Курчатовын зөвлөгөөний үеэр тавьж байв. Реакторын зураг төслийг тухайн үеийн ЗХУ-ын Физик, эрчим хүчний хүрээлэнгийн ажилтнууд хийжээ. Энэхүү хүрээлэнг 1946 онд цөмийн физик, реакторын физикийн судалгаа явуулах зорилгоор байгуулсан эрдэм шинжилгээ, судалгааны “В” нууц лабораторийг түшиглэн 1950 онд үндэслэн байгуулж байжээ. 1951 оны есдүгээр сард дэлхий дээрх анхны атомын станцын барилгын ажил эхлэв. 1954 оны тавдугаар сарын 9-ний өдөр реакторын идэвхт бүсийг түлшээр цэнэглэх ажлыг эхлүүлж, ураны хуваагдлын гинжин урвалыг гүйцэтгэсэн байна. Энэхүү ажиллагаанд Игорь Курчатов өөрийн биеэр байлцсан аж.

1954 оны зургаадугаар сарын 27-ны өдөр атомын цахилгаан станц анхны цахилгаанаа дамжуулж байжээ. 1954 оны аравдугаар сард атомын цахилгааны станц төслийн буюу 5 мВт бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна.

Атомын цахилгаан станц дээрх технологийн бүх процессын удирдлагыг бүрэн автоматжуулсан байв. Манай гараг дээрх хамгийн ууган атомын цахилгаан станц 48 жил ажилласны дараа 2002 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр реакторыг нь үүрд унтраажээ. Энэхүү атомын станц цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх түүхэн үүргээ бүрэн гүйцэтгэв. Тус атомын цахилгаан станцын суурин дээр 2006 онд дурсгалын цогцолборыг байгуулж, 2016 онд дэлхийн цөмийн эрчим хүчний музейг байгуулах санамж бичиг байгуулсан байна.

Обнинскийн станцын халааг 1956 онд Их Британийн Колдер-Холлд ашиглалтад орсон хоёр дахь атомын цахилгаан станц авчээ. Түүний хүчин чадал 46 мВт байсан бол АНУ-ын Шиппингпортод баригдсан дэлхийн гурав дахь атомын цахилгаан станц 60 мВт хүчин чадалтай байв.

1974 онд дэлхий дээрх анхны атомын дулааны цахилгааны станц ашиглалтад орж байв. Хуучнаар ЗХУ-ын Чукотскийн автономит тойрогт байгуулагдаж байсан атомын дулааны цахилгаан станцыг орон сууц болон үйлдвэрийн барилга, байгууламжийг халуун ус, дулаанаар хангах зорилгоор барьсан байна.

Харин 1960-аад оны хоёрдугаар хагасаас эхлэн эдийн засгийн хувьд ашигтай том хэмжээний атомын цахилгаан станцыг олон тоогоор барьж эхэлсэн байна. Энэ үзэгдэл 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр дэлхий дээрх дөрөв дэх болох өнөөгийн Украины газар нутагт байрлалтай Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр эрчим хүчний блок дээр дэлбэрэлт болох хүртэл үргэлжилсэн билээ. Ослын улмаас Чернобылийн атомын цахилгаан станцын реактор бүрэн сүйрч, их хэмжээний цацраг идэвхт бодис хүрээлэн буй орчинд цацагдсан байдаг. Үүнээс болж ОХУ, Украин, Беларус зэрэг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ихэнх улс орны газар нутаг цацрагийн бохирдолд өртсөн. ОХУ, Украин, Беларусын нийт 8,4 сая иргэн цацрагийн нөлөөнд өртсөн байдаг.

Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш атомын цахилгааны станцын “нэр хүнд” илт унаж, уламжлалт түлш, эрчим хүчний нөөц ихтэй ОХУ, АНУ, Их Британи, Герман зэрэг улсад атомын цахилгаан станцыг шинээр барих ажил бараг зогсжээ.

XXI зууны эхээр газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт, дэлхийн дулаарлын асуудлаас үүдэн дэлхий дахин “цөмийн эрчим хүчний сэргэлт”-ийн талаар дахин ярьж эхэлсэн. Өнөө үед атомын цахилгааны станцын аюулгүй байдлын систем дээд хэмжээнд боловсронгуй болж, хүний хүчин зүйлсээс шалтгаалахгүй болжээ.

Гэтэл 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Японы Фукушимагийн 1-р атомын цахилгаан станц дээр гарсан осол дэлхий дахины цөмийн эрчим хүчний хөгжлийг дахин зогсооход хүргэв. Энэ осол Номхон далайн гүнд 9.0-9.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэнээс үүдэлтэй. Цунамийн хүчтэй давлагаа атомын цахилгаан станцын эрчим хүчний хангамжийн гадаад төхөөрөмж болон нөөц дизель реакторуудыг ажиллагаагүй болгосон бөгөөд үүний улмаас цөмийн реакторуудыг хөргөх бүх системийг мөн ажиллагаагүй болсон юм. Энэ нь тус станцын гурван эрчим хүчний блок дахь реакторуудын идэвхт бүсийг хайлуулахад хүргэсэн юм. 2013 оны арванхоёрдугаар сард Фукушимагийн атомын цахилгаан станцыг албан ёсоор хаасан билээ.

Өнөөдөр дэлхий дахин цөмийн эрчим хүчийг дахин өргөнөөр ашиглах болсон төдийгүй дэлхийн олон улс орон өөрийн цөмийн салбарыг хөгжүүлэх болсон тухай мэдэгдэж байна.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн цөмийн реакторуудын  системийн мэдээллээс үзвэл, 2019 оны зургаадугаар сарын байдлаар дэлхий дээр нийт 397 650 мВт хүчин чадал бүхий 449 атомын цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд нэмж 54 цөмийн реактор баригдаж байна.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас 2019 онд гаргасан мэдээллээр 2018 онд АНУ-д нийт 98 цөмийн реактор, Франц улсад 58, БНХАУ-д 46, Японд 39, БНСУ-д 24, Энэтхэгт 22, Канадад 19, Их Британи болон Украинд 15 цөмийн реактор тус тус ажиллаж байжээ.

ОХУ-ын Росатом корпорацын мэдээлснээр тус улсад 35 эрчим хүчний блок бүхий 10 атомын цахилгаан станц ажиллаж байна. Одоогийн байдлаар, Росатом тус улсад нэмж зургаан цөмийн реактор барьж байгаа бол Турк, Беларус, БНХАУ зэрэг улс оронд нийт 36 цөмийн реакторын барилгын ажлыг эхлүүлээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ммм(122.201.22.74) 2024 оны 03 сарын 13

Ммммммм

2  |  0
Top