#1 Б.ХУРЦ НАР ШҮҮГЧДЭЭС ТАТГАЛЗСАН ТУЛ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.07.23/ 11:00 цагт хаалттай эхэлсэн ч шүүх хурал 14:00 цаг хүртэл хойшлоод байсан билээ. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс ялтнуудыг дарамталсан гэх Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулахаар авчирсан бөгөөд хурал хоёр цаг хаалттай үргэлжилсний эцэст 16:10 цагт завсарласан. Шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир Шүүх бүрэлдэхүүн хурлыг ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
#2 ШИНЭ ДҮРЭМ: ТОРГУУЛЬТАЙ МАШИНЫГ ХОТЫН ТӨВӨӨР ЗОРЧУУЛАХГҮЙ
Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах болсон талаар өнөөдөр /2019.07.23/ мэдээлэл хийлээ. Шинэ дүрмийг наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлнэ.
Нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд хуваах аж.
Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, төлбөр төлөөгүй, үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй, мөн тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийхээр болжээ. Харин хотын захын хэсэг буюу С бүсийн хэсэгт иргэд машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх юм байна.
#3 “ШАВАРТ УНАСАН ШАРЫН ЭЗЭН” ХҮЧТЭЙ БУЮУ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨВШИЛЦӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, нэгдүгээр шатаа даваад байна. Тэгвэл Төрийн тэргүүний зүгээс санаачилсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа УИХ-д өргөн барьснаар хэлэлцүүлэг гацаанд орсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн зөвхөн нэг төслийг хэлэлцэхээр заасан байдаг. Тиймээс Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зайлшгүй хэлэлцэх учиртай. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан хэлэлцэхээр шийдвэрлэж, ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга ахалж байгаа юм. Парламентад 64-үүлээ “илүүрхэж” байгаа эрх баригч намын дарга, Ерөнхий сайд одоогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан өөрийн байр суурийг огт илэрхийлээгүй. Тэгвэл Зөвшилцлийн ажлын хэсгийн орлогч даргаар У.Хүрэлсүхийг томилсон тул удахгүй байр сууриа илэрхийлэх байх гэдэг хүлээлт байгаа юм.
Зөвшилцлийн ажлын хэсгийн зүгээс өчигдөр /2019.07.23/ Төрийн ордонд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр улс төрийн намын төлөөлөл, эрх зүйч, Үндсэн хууль судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь 20 зүйл 49 заалтад өөрчлөлт оруулахаар анх орж ирсэн нь Үндсэн хуулийн 28 хувьтай тэнцэж байсан бол Ерөнхийлөгчийн төсөл, санал орж ирснээр энэ хувь нэмэгдэж 41 болсон байна. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөл биш шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр онцолж байлаа. Цаашид энэ мэтчилэн хууль зөрчөөд яваад байж болохгүй гэв. Харин Зөвшилцөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт агуулгын хувьд нэгтгэн 35 хувьд багтаах болно гэдгийг хэлж байв.
#4 SOS: 22 ХҮН ХОРДСОН ХАВЧУУРГАТАЙ ТАЛХЫГ ОРОН СУУЦАНД БЭЛТГЭЖЭЭ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдээс кимбаб, пирожки, ороомог, сэндвич зэрэг бүтээгдэхүүн худалдан авч идэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь өнгөрсөн амралтын өдөр /2019.07.18/ Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ТҮЦ-т худалдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор хүргэгдэн ирж, заримынх нь биеийн байдал муудсан юм.
Түргэн үйлчилгээний цэгт хүнсний бүтээгдэхүүн зарах хориотой гэдгийг мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд анхааруулж байна. Түргэн үйлчилгээний цэгээс сэндвич авч идээд хордсон иргэдийн асуудлаар НИХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт буюу долоодугаар сарын 18-ны өдөр сэндвич буюу өндөг, хиамтай талх худалдан авч идсэний улмаас хордлого авсан гэсэн мэдээлэл ХӨСҮТ-ээс ирсэн. ХӨСҮТ-ээс ирсэн мэдээллээр 22 хүн өвдсөн байсан. Иймд тухайн иргэдээс хаанаас, ямар төрлийн бүтээгдэхүүн худалдаж авсныг тодруулахад “Тэнгис” кино театрын урд байрлах ТҮЦ, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах ТҮЦ, Багшийн дээдийн урд байрлах ТҮЦ, "Бөхийн өргөө"-ний урд байрлах ТҮЦ-ээс авсан сэндвич буюу талхан дээр шарсан өндөг, хиам тавьсан бүтээгдэхүүн худалдаж авсан байсан. Үүний дагуу үлдэгдэл бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан ба бүтээгдэхүүнээс дээж аван, шинжилгээнд өгсөн. Одоогийн байдлаар хариу гараагүй байна. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газарт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулахад харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй боловч тэр газар бүртгүүлээгүй байсан. Мөн хаяг, шошгогүй бүтээгдэхүүн худалдсан, орон сууцанд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн ийм зөрчил илэрсэн" гэлээ.
#5 ЧАНДРАЯАН-2: ЭНЭТХЭГ УЛС САР РУУ НИСЭЖ БАЙНА
Энэтхэг улсын сар руу сансрын хөлөг хөөргөх хоёр дахь удаагийн оролдлого амжилттай болж, сансрын их гүрэн болох зорилго тээж буй Энэтхэг үндэстний хувьд түүхэн өдөр тохиов. Чандраяан-2 буюу санскритаар “сарны тэрэг” гэх нэртэй сансрын хөлөг даваа гарагт орон нутгийн цагаар 14.43 цагт Андра Прадеш мужийн Шрихарикота арал дээрх Сатиш Дхаван төвөөс хөөрчээ. “Чандраяан-2” хөлгийг анхандаа энэ сарын 15-ны өдөр хөөргөх хуваарьтай байсан ч техникийн саатлаас болж хөөрөхөөс нь 56 минутын өмнө цуцалсан юм. Ингэснээр Энэтхэг улс саран дээр хөлгөө буулгасан дэлхийн дөрөв дэх орон болох замдаа гарлаа. Үүнээс өмнө АНУ, хуучин ЗХУ, БНХАУ дэлхийн дагуул дээр сансрын хөөлөг буулгасан билээ. Энэтхэгийн сансар судлалын байгууллагын бүтээсэн “Чандраяан-2” хөлөг нь 3.8 тонн жинтэй бөгөөд 13 ашигтай ачаа тээвэрлэх хүчинтэй чадалтай. Эл хөлөг сарны тойрог замын нислэгийн аппарат, зөөлөн буулт хийлгэдэг нисдэг аппарат, сансрын хөлөг зэрэг гурван хэсгээс бүрджээ.
“Чандраяан-2” хөлөг хоёр сарын дараа сарны гадаргуугаас дээш 100 км зайд орших тойрог замд орно. Тэндээс Энэтхэгийн сансрын хөтөлбөрийн анхдагч Викрам Сарабхайн нэрээр нэрлэгдсэн зөөлөн буулт хийлгэдэг нисдэг аппарат үндсэн хөлгөөс салж, сарны өмнөд туйл орчим зөөлөн газардах юм. Амжилттай газардсан тохиолдолд 145 сая ам.долларын өртөг бүхий “Чандраяан-2” хөлөг сарны өмнөд туйлд буусан түүхэн дэх анхны хөлөг болох юм.
Сэтгэгдэл ( 0 )