ЧАНДРАЯАН-2: Энэтхэг улс сар руу нисэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Энэтхэг улсын сар руу сансрын хөлөг хөөргөх хоёр дахь удаагийн оролдлого амжилттай болж, сансрын их гүрэн болох зорилго тээж буй Энэтхэг үндэстний хувьд түүхэн өдөр тохиов.

Чандраяан-2 буюу санскритаар “сарны тэрэг” гэх нэртэй сансрын хөлөг даваа гарагт орон нутгийн цагаар 14.43 цагт Андра Прадеш мужийн Шрихарикота арал дээрх Сатиш Дхаван төвөөс хөөрчээ. “Чандраяан-2” хөлгийг анхандаа энэ сарын 15-ны өдөр хөөргөх хуваарьтай байсан ч техникийн саатлаас болж хөөрөхөөс нь 56 минутын өмнө цуцалсан юм. Ингэснээр Энэтхэг улс саран дээр хөлгөө буулгасан дэлхийн дөрөв дэх орон болох замдаа гарлаа. Үүнээс өмнө АНУ, хуучин ЗХУ, БНХАУ дэлхийн дагуул дээр сансрын хөөлөг буулгасан билээ.

Энэтхэгийн сансар судлалын байгууллагын бүтээсэн “Чандраяан-2” хөлөг нь 3.8 тонн жинтэй бөгөөд 13 ашигтай ачаа тээвэрлэх хүчинтэй чадалтай. Эл хөлөг сарны тойрог замын нислэгийн аппарат, зөөлөн буулт хийлгэдэг нисдэг аппарат, сансрын хөлөг зэрэг гурван хэсгээс бүрджээ.

“Чандраяан-2” хөлөг хоёр сарын дараа сарны гадаргуугаас дээш 100 км зайд орших тойрог замд орно. Тэндээс Энэтхэгийн сансрын хөтөлбөрийн анхдагч Викрам Сарабхайн нэрээр нэрлэгдсэн зөөлөн буулт хийлгэдэг нисдэг аппарат үндсэн хөлгөөс салж, сарны өмнөд туйл орчим зөөлөн газардах юм. Амжилттай газардсан тохиолдолд 145 сая ам.долларын өртөг бүхий “Чандраяан-2” хөлөг сарны өмнөд туйлд буусан түүхэн дэх анхны хөлөг болох юм.

Үүний дараа Праяан буюу санскритаар “билиг ухаан” нэртэй робот хөлөг нэг сарны хоног буюу дэлхийн 14 хоногийн турш сарны гадаргуугаас эрдэс болон химийн дээж цуглуулах бол сарны тойрог замын нислэгийн аппарат нь сарны гадаргуун газрын зургийг авч, дэлхийн дагуулын гадаад агаар мандлыг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн судлах юм.

Дэлгэрэнгүйг "Өглөөний сонин"-ы маргаашийн дугаараас уншина уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.115.82) 2019 оны 07 сарын 23

эрэг боолтоо ч хийж чаддагүй үхэр монголчууд яана даа

0  |  0
Top