“Шаварт унасан шарын эзэн” хүчтэй буюу Үндсэн хуулийн зөвшилцөх хэлэлцүүлэг эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, нэгдүгээр шатаа даваад байна.

Тэгвэл Төрийн тэргүүний зүгээс санаачилсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа УИХ-д өргөн барьснаар хэлэлцүүлэг гацаанд орсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн зөвхөн нэг төслийг хэлэлцэхээр заасан байдаг. Тиймээс Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зайлшгүй хэлэлцэх учиртай. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан хэлэлцэхээр шийдвэрлэж, ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга ахалж байгаа юм. Парламентад 64-үүлээ “илүүрхэж” байгаа эрх баригч намын дарга, Ерөнхий сайд одоогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан өөрийн байр суурийг огт илэрхийлээгүй. Тэгвэл Зөвшилцлийн ажлын хэсгийн орлогч даргаар У.Хүрэлсүхийг томилсон тул удахгүй байр сууриа илэрхийлэх байх гэдэг хүлээлт байгаа юм.

Зөвшилцлийн ажлын хэсгийн зүгээс өчигдөр /2019.07.23/ Төрийн ордонд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр улс төрийн намын төлөөлөл, эрх зүйч, Үндсэн хууль судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь 20 зүйл 49 заалтад өөрчлөлт оруулахаар анх орж ирсэн нь Үндсэн хуулийн 28 хувьтай тэнцэж байсан бол Ерөнхийлөгчийн төсөл, санал орж ирснээр энэ хувь нэмэгдэж 41 болсон байна. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөл биш шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр онцолж байлаа. Цаашид энэ мэтчилэн хууль зөрчөөд яваад байж болохгүй гэв. Харин Зөвшилцөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт агуулгын хувьд нэгтгэн 35 хувьд багтаах болно гэдгийг хэлж байв.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр “УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Засгийн газрын яамдын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуц­лагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого юм. УИХ-аас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт, бичгүүд олныг баталдаг. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх үүрэг Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу Засгийн газарт бүрэн ногддог боловч өнгөрсөн жилүүдэд бодлогын баримт, бичгүүд хангалттай хэмжээнд хэрэгжсэнгүй. Зарим тохиолдолд хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө үндэсний аюулгүй байдалд харшлахуйц байдлаар зөрчих явдал гаргасан зэрэг нь ийм шаардлага бий болгох үндэслэл байгааг харуулаад байна” гэдгийг онцолсон. Мөн “Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо хэрхэн бүрдэхийг, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэдгийг тодорхой заасан байдаг. Гэвч төрийн энэ бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнийг иргэд маш энгийнээр Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдсан гэж дүгнэн хэлдэг. Энэ дүгнэлт ортой, ортой төдийгүй бодитой гэдгийг Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гадныханд өгөхөөр оролдсон, мөн Оюу толгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ. Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж буй юм” гэв.

УИХ дахь АН-ын зөвлөлийн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг АН-ын зөвлөл хоёр үндсэн шалтгаанаар дэмжээгүй учраас төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Дэм­жээгүй шалтгааны тухай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж хуулийн төслийг өргөн барьсан. Тухайлбал, төслийг өргөн барихаас өмнө Ерөнхийлөгчөөс саналыг нь, мөн Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг бусад холбогдох байгууллагуудын саналыг авч  улс төрийн намуудтай нэгдсэн зөвшилцөлд хүрсний дараа нь хуулийн төслийг өргөн барих ёстой байв. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ямар хуулиар хэлэлцэх нь тодорхойгүй байсан учир АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт ороогүй. Мөн УИХ дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхзүйн чадамж, ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болж байна. Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсан тул АН-ын зөвлөл төслийн хэд хэдэн саналыг дэмжиж байгаа учраас цаашид хэлэлцүүлэгт оролцож зөвлөлийн байр сууриа илэрхийлэх шийдэлд хүрсэн. Мөн АН хуулийн төсөлд тусгах саналаа боловсруулж байна. АН-ын байр суурь "Давхар дээл"-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй санал нэг байна. Парламентын гишүүдийн өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байна гэж тусгасныг Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө зөвхөн Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх саналыг оруулж ирсэнд АН санал нэг байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох гэсэн саналыг дэмжиж байна.

Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, эхлэн арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөвшөөрөхгүй байна. Ерөнхийлөгч төсөлдөө сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналыг АН дэмжиж байгаа" гэдгийг хэллээ.

Зарим намын төлөөлөл “Ардчил­сан нам хулгайч луйварчдаар Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүй гээд нэгдүгээр хэлэлцүүлгийг орхиж гар­сан. Ерөнхийлөгч саналаа өгчихөөр хэлэлцэнэ гээд ярьж байх юм. Ерөнхийлөгч санал өгснөөр энэ хүмүүс хулгай хийхээ больчих юм уу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр бүх зүйл сайхан болох уу” гэж байв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар олон хүмүүс янз бүрийн тайлбар хийж байна. Үндсэн хууль 27 жил хэрэгжиж, харьцангуй тогтвортой хэрэгжиж ирсэн. Энэ хуульд бахархууштай олон зүйл байсныг онцолж хэлмээр байна. Өнөөгийн нийгэмд бий болсон алдаа завхрал хуулиас болсон уу гэж асууж байна. Хуулийг  зарчимд нь нийцүүлж хэрэглэж чаддаггүйгээс болоод алдаа завхрал гарсан гэдэгтэй санал нэг байна” гэдгийг хариултдаа онцолж байсан юм.

Н.ЭНХБАЯР: ЗАСГИЙН ГАЗРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОЛГОЙЛДОГ БОЛЪЁ

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт онолын дагуу явагдах учиртай. Харамсалтай нь, ийм байж чадахгүй байна. Парламентын гишүүдийг ард түмэн сонгож чадаж байгаа ч Засгийн газрын гишүүдийн сонгож чадахгүй хэвээрээ л байгаа юм. Засгийн газрын гишүүд нь парламент дотроос сонгогддог. Парламент, Засгийн газар хоорондоо холилдсоноор Засгийн газарт парламент нь хариуц­­лага тооцож чаддаггүй. Тиймээс сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад хариуцлага тооцдог субъект байхгүй болсон. Тиймээс бидний зүгээс дэвшүүлж байгаа санал бол Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх. Харин намууд өрсөлдөж парламентад олонх, цөөн­хийг бүрдүүлэх. Ингэснээр Засгийн газар, парламент хоёр хоорондоо огт холбоогүй болно.

Засгийн газрыг Ерөнхийлөгч толгойлсноор Засгийн газрын нэг ч гишүүн парламентад байхгүй тус тусдаа болсноор хяналтын систем нэмэгдэнэ. Өнөөдөр олонх болсон намын дарга Засгийн газ­раа толгойлсноор Засгийн газар, парламент хоёр бие биеэ хянаж чадахгүй хэмжээнд хүрсэн. Мөн шүүхийг ч ард түмэн сонгодог болох ёстой. Ерөнхийлөгч төсөлдөө парламентын гишүүдийн тоог 108 болгох гэсэн нь  хэт олон тоо. Манай намын зүгээс 55 болговол зохистой гэж үзэж байна. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байх нь зөв гэж бодож байна. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй  байхад хангалттай” гэдгийг онцолсон юм.

Эрх зүйч, улс төр судлаач Б.Энхбаяр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол хийгдэж буй зарчим нь тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг байгуулдаг болох юм. Энэ зарчмаа барих юм бол УИХ-ын гишүүдээс оруулж ирсэн төсөлд Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн дөрвөн яамны сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж ирсэн нь боломжтой санал. Учир нь нэг нам үнэмлэхүй олонх болсон гэдгээр нь асуудлыг хараад байж болохгүй. 1992 оноос хойш зургаан удаагийн парламент байгуулагдаж, одоо долоо дахь парламентын дүр зургийг харж байхад үнэмлэхүй олонхын парламент бүрдсэн хоёр тохиолдол л бий. Тэр байтугай 2004-2008 оны парламентад улс төрийн таван нам нэгдэн Их эвслийн Засгийн газар байгуулсан түүх байдаг. Энэ агуулгаар нь бодоход бид хэн ч олонх болохгүй байх нөхцөл байдлыг бодолцох ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ойрдоо 20-30 жил цаашлаад 200-300 жилийн тогтвортой байдлыг харж Үндсэн хуулийг бид батлах шаардлагатай. Тиймээс улс төрийн намуудын лидерүүд зөвшилцөж, Засгийн газрын танхимд багтаж Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэхгүй бол зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэвэл сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй. Учир нь аль ч нам олонх болоогүй тохиолдолд улс төрийн намууд Засгийн газраа бүрдүүлэхийн тулд эсрэгээр нь өөрсдөө Засгийн газарт орохгүй тул 10 яамыг 20 яам болгож тэлээд нэг дэд сайд хоёр, гурван дэд сайдтай болж нөгөө намуудын төлөөллийг багтаах байдлаар данхар бүтэц бий болгох эрсдэлтэй. Тиймээс бид цомхон чадварлаг байх боломжийг харах ёстой” гэлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төсөл, санал хоёрыг Их хурал хэлэлцэхээр Төрийн ордонд таван өдрийн зөвшилцөх хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж, УИХ-ын гишүүдийг өөр өөрсдийнх нь тойрог руу илгээгээд байгаа юм. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн нэгдүгээр “шатаа” давсны дараа Ерөнхийлөгч төслөө “хождож” илгээсэн тул яах аргагүй “шаварт унасан шарын эзэн” хүчтэй гэгчээр ажлын хэсгийг өөрөө ахалж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхаарал хандуулаад байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (203.91.115.41) 2019 оны 07 сарын 24

Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь одоо биш . Ерөнхийлөгчийн санал бүхэлдээ төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх гэсэн санаа агуулсан

2  |  0
matilda(197.234.221.28) 2019 оны 07 сарын 23

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top