Ираны тээвэрлэгч хөлгийн хямрал: Ормузын хоолойд юу болов?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Ираны газрын тос тээвэрлэгч усан онгоцтой холбоотой хямрал Их Британийн дипломат бодлого болон тус улсын шинэ Ерөнхий сайдыг сорих том шалгалт болоод байна.

Их Британийн Засгийн газрын албаны төв, MI6 тагнуулын алба Ираны тагнуулын албаныхан Стэна Имперо тээвэрлэгч усан хөлөгт хуурамч дохио явуулсан эсэхийг шалгаж байна. Стэна Имперо хөлгийг өнгөрсөн баасан гарагт Ираны зэвсэгт хүчний­хэн саатуулсан. Хөлгийн дээгүүр нисдэг тэрэг эргэлдэн, автомат буугаар зэвсэглэсэн зургаан цэрэг хөлгийн тавцанд бууж буй нь дүрс бичлэгт гарчээ.

Тээвэрлэгч онгоцыг тойрон хэд хэдэн моторт завь эргэлдэж буй нь мөн бичигджээ. Хөлөгт тусламж үзүүлэхээр Хатан хааны Монтроуз цэргийн усан онгоц очиж байсан ч 10 минут хоцорсон байна. Цэргийн усан онгоц тушаал авах үед тээвэрлэгч хөлөг Оманы усан хилд байсан бөгөөд очих үед Ираны усан хилээр нэвтэрсэн байжээ. Аюулгүй байдлын албаны эх сурвалж Ираны нисгэгчгүй онгоц GPS хуурамч дохио явуулсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Энэ хэрэг явдалд технологийн ул мөр бий эсэхийг мөн барууны тагнуулын онгоц энэ бүсэд сэжигтэй дохио бүртгэсэн эсэхийг шалгаж байна. Британийн тусгай албаныхан Тегеран Оросын тагнуулын технологийг ашигласан гэж сэжиглээд байгаа юм.

Тээвэрлэгч хөлгийн хямрал хэрхэн өрнөв:

Зургаадугаар сарын 4. Хатан хааны “42 Коммандо” тусгай албаны тэнгисийн явган цэргүүд Гибралторын эрэг орчим Сири рүү газрын тос тээвэрлэж байсан гэгдэх супер тээвэрлэгч хөлгийг саатуулах ажиллагаанд оролцов. Тэд Гибралторын эрх баригчдад Европын холбооны хоригийг зөрчин Сирийн Баньяс дахь газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос тээвэрлэж байсан гэгдэх Ираны “Грейс-1” тээвэрлэгч хөлгийг саатуулахад тусалж байжээ. Тухайн үед Ираны зэвсэгт хүчин хариу алхам болгож Британийн газрын тос тээвэрлэгч хөлгийг саа­туулна гэж анхааруулж байв.

Зургаадугаар сарын 13. Ормузын хоолой орчим АНУ-ын газ­рын тос тээвэрлэгч хоёр хөлөг дайралтад өртсөний улмаас нэг нь шатаж, нөгөө нь удирдлагаа алдав. Болсон хэрэгт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираныг буруутгасан. Ираны зүгээс энэ хэрэгт хамаагүй хэмээн мэдэгдэв.

Зургаадугаар сарын 20. АНУ-ын нисгэгчгүй цэргийн онгоцыг Тегеран унагав. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани онгоцнууд Ираны агаарын хилийг зөрчсөн гэж мэдэгдэв. Доналд Трамп Иранд өгөх хариу цохилт өгөх шийдвэрээ цуцлав.

Долоодугаар сарын 10. Брита­нийн “British Heritage” арил­жааны хөлөг онгоцыг зогсоохыг оролдсон Ираны гурван моторт завийг Хатан хааны усан цэргийн флотын “Монтроуз” хөлөг онгоц хөөн зайлуулав.

Долоодугаар сарын 11. Гибралторын цагдаагийн алба Сирийн эсрэг тавь­сан Европын Холбооны хоригийг зөрчсөнтэй холбогдуулан Ираны “Грейс-1” супер тээвэрлэгч хөлгийн ахмадыг баривчлав. Хоёр хоногийн дараа тус хөлгийн ахмад, ахлах туслах, хоёрдугаар туслахуудыг суллав.

Долоодугаар сарын 13. Их Британийн гадаад хэргийн сайд Жереми Хант Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай утсаар холбогдон, Тегеран Сирийн эсрэг тавьсан Европын Холбооны хоригийг зөрчихгүй гэсэн баталгаа өгсөн тохиолдолд “Грейс-1” хөлгийг суллах санал тавив.

Долоодугаар сарын 17. АНУ Арабын Нэгдсэн Эмиратаас Ормузын хоолойгоор дам­жин явж байсан Панамын газрын тос тээвэрлэгч хөлгийг булаан авсанд Ираныг сэжиглэж буйгаа мэдэгдсэн. Хожим нь Ираны тал тус улсаас газрын тосны хууль бус наймаа хийсэн хэргээр гаднын тээвэрлэгч онгоцыг саатуулсан тухай мэдэгдэв.

Долоодугаар сарын 18. Доналд Трамп АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Boxer” хөлөг анхааруулах дохиог үл тоомсорлон тус хөлгөөс нэг км-ийн зайд нисэж байсан Ираны нисгэгчгүй онгоцыг унагав. Ираны цэргийн албан тушаалтнууд нисгэгчгүй онгоц Ормузын хоолой орчим алга болсныг няцаав.

Долоодугаар сарын 19. Ираны эрх баригчид Персийн буланд газрын тос тээвэрлэгч хоёр хөлгийг саатуулсан тухай мэдээлэл гарав. Энэхүү хэрэг явдлын дараа Их Британийн эрх баригчид НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хандан, танкерыг саатуулсан явдлыг хууль бус гэж онцолжээ. Лондонгийн үзэж буйгаар хэрэг явдал Оманы усан хилийн дотор болсон гэнэ. Ормузын хоолойд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Их Британийн сайд нарын танхимын онцгой байдлын хороо КОБРА хуралдаж Британийн хөрөг онгоцуудад Ормузын хоолойгоор тодорхой хугацаанд явахгүй байхыг зөвлөв. Персийн буланг далайтай холбодог стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойгоор байгалийн шингэ­рүүлсэн хийн эргэл­тийн гуравны нэг, газрын тосны тавны нэг буюу өдөрт 17 сая баррель газрын тос тээвэрлэгддэг тул Британийн далбаан доор тээвэрлэлт хийж буй компаниудад Ормузын хоолойд үүсээд буй нөхцөл байдал хүнд цохилт болж байна. Ираны энэ үйлдлийн эсрэг Лондон дипломат болон эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Үүнээс гадна Их Британийн 2015 онд байгуулсан Ираны цөмийн гэрээний дагуу цуцалсан Европын Холбооны болон НҮБ-ын хориг арга хэмжээг сэргээх тал дээр хүчин чармайлт гаргана гэсэн хүлээлт байна.

The Telegraph сонинд бичсэнээр, тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулсан явдал Их Британийн хувьд хамгийн “тааламжгүй” цагт болоод байна. Учир нь Их Британийн одоогийн Ерөнхий сайд Тереза Мэйд албан тушаалаа өгөх гэж байна. Энэ сарын 23-ны өдөр Консерватив намын шинэ тэргүүний нэр тодорсны дараа Их Британийн Ерөн­хий сайдын албан тушаал түүнд шилжинэ. The Telegraph мэдээлснээр, Тереза Мэй “Sentinel” ажиллагаанд нэгдэх АНУ-ын саналаас татгалзсан билээ. Энэхүү санал нь тэнгисийн цэргийн эвсэл байгуулах замаар Иран, Йемений эрэг орчим усан онгоцнуудыг хамгаалахад чиглэгдэж буй юм. Британийн цэргийнхэн АНУ-ын энэхүү саналыг “сайхан боломж” гэж үзсэн бол Ерөнхий сайд үүнийг Их Британи Ираны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баримталж буй хатуу байр суурийг дэмжиж байна гэж хүлээн авахаас эмээсэн гэж шинжээчид үзэж байна.

Үүний сацуу Их Британи Персийн булан руу цөмийн шумбагч онгоц явуулахаар зэхэж буй нь тодорхой болоод байна. Гэхдээ тус онгоц зөвхөн батлан хамгаалах үүрэг гүйцэтгэх болно гэж эх сурвалжууд онцолжээ.

Ормузын хоолойд нөхцөл байдал хурцдахын хэрээр бензиний үнэ нэмэгдэж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top