Монгол Улс 101 жилийн өмнө анх удаа хүнээ тоолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 03

Монгол Улс хүн амын тооллогыг  2020 оны  нэгдүгээр сард  зохион байгуулж, явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлж байна.  Манай улс түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа явуулсан байдаг. Тодруулбал, анх 1918 онд анх хүн амаа тоолсон бол  удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон 2010 онуудад, завсрын тооллогыг 2015 онд явуулсны дотор сүүлийн  дөрвөн тооллогыг орон сууцны нөхцөлийн тооллоготой хамтатган зохион байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн ам 3 238 479 байна.

1918 оны хүн амын тооллого бол Богд хаант Монгол Улсын үед явагдсан албан ёсны үйл явц гэгддэг бөгөөд тэр үед 647.5 мянган хүн тоологджээ.

Ер нь бол хүн амын тооллого нь 200 гаруй жилийн тэртээгээс тодорхой давтамжтайгаар явагдаж, үр дүн нь албан ёсоор тэмдэглэгдэж ирлээ. Гэхдээ Монгол Улсад хүн амын тооллого XX зууныг хүртэл тогтмол явагдаж байгаагүй бөгөөд XX зууны анхны тооллого  түрүүн дурдсанчлан 1918 оных гэж судлаачид үздэг.  Хүн амын 1956 оны тооллогыг бие даасан мэргэжлийн байгууллага явуулсан бөгөөд тэр үедээ аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон гэж тооцогддог.

Шинэ шинэ дэвшилтүүдийг 1963 оны тооллогоор нэвтрүүлжээ. Жишээлбэл тооллогын үйл ажиллагааг хурдасгах болон тооллогын аргачлалыг улам сайжруулах зорилгоор анх удаа цахим тооцоолуур машиныг ашигласан байна. Уг тооллогын хөтөлбөрийг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын аргачлалын дагуу боловсруулсан юм.

1963 оны тооллогоор нийт 1017.1 мянган хүн тоолуулсан. 1969, 1979, 1989 оны тооллогыг ЭЗХТЗ-өөс гаргасан аргачлалын дагуу явуулсан. Мөн түүнчлэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр тооллогыг 10 жилд нэг удаа явуулснаас гадна орон сууцны талаарх асуултуудыг оруулсан байна. Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоос эхлэн тооллоготой хамтруулан хүн амын зарим бүлгийн дотор тодорхой сэдвээр өргөн хүрээтэй асуулгаар түүвэр судалгаа явуулж байв. Тухайлбал 1979 оны тооллоготой хамт аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагч “Ажилчин”, “Малчин”-ы судалгааг, 1989 онд ажил эрхлээгүй хүн амын судалгаа, нөхөн үржихүйн асуудлаар эмэгтэйчүүдийн дунд түүвэр судалгааг явуулсан байна.

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого нь өмнөх тооллогуудаас ихээхэн онцлогтой болж өнгөрсөн. Энэхүү тооллого нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа үед хийгдсэн анхны тооллого болсны хувьд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шинэчлэн өөрчлөх шаардлагыг тусгах хэрэгтэй байв. 2000 оны тооллого нь НҮБ-ын удирдамж, зөвлөмжүүдийг голчлон удирдлага болгосон тул олон улсын стандартад нийцсэн, Монгол Улсад явагдсан анхны орчин үеийн тооллого болсон гэж үзэж болно.

2000 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар 2 373 493 хүн Монгол Улсын байнгын оршин суугчаар тоологдсоны дотор 1 177 981 нь эрэгтэйчүүд, 1 195 512 нь эмэгтэйчүүд байна. 1989 оны тооллогоор суурин хүн амын тоо 2 043 954 байв. 1989-2000 оны хоорондох 11 жилд хүн ам 16,1 хувиар өссөн нь жилийн дундаж өсөлт нь 1,4 хувь болж байна. Өсөлтийн энэ хувь урд өмнөх тооллого хоорондын өсөлтийн хувьтай харьцуулахад ихээхэн доогуур байгаа юм. 1956 оноос хүн амын жилийн дундаж өсөлт огцом нэмэгдэж, 1989 он хүртэл жилийн дундаж өсөлт 2.5 хувиас дээш байлаа. Одоогийн энэ өсөлтийн хувь 1944 оноос хойших  хугацаанд хамгийн бага нь гэж судлаачид хэлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.45.31) 2019 оны 08 сарын 04

Иргэд хүн амын тооллогуудын материалуудыг чөлөөтэй үзэж ураг удмаа тодруулж, ургийн бичгээ хойч үедээ үлдээмээр байхын. Тооллогын материалуудыг криллээр цахим байдалтай болгох талаар архивынхан шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Юуг нь нууцлаад байдаг юм бэ ?

0  |  0
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(66.181.181.119) 2019 оны 08 сарын 03

заавал мэдээлэх албагүй сэдэв

0  |  2
Top