ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг “Армейские игры” буюу цэргийн тоглолт 2015 онд ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд С.Шойгугын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жилийн олон улсын цэргийн наадам дэлхийн 10 орны нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэлж, 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин зэрэг өрсөлдөж байна.
Үүний нэг төрөл нь болох “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан нь дэлхийд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийлээ. Монголыг дэлхийд таниулах уг уралдаанд үндсэн оролцогчоор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс оролцож байгаа бол ажиглагчаар БНХАУ, АНУ, Бүгд Найрамдах социалист Вьетнам улс, Бүгд Найрамдах Зимбабве улс оролцож байна. Хустайн нуруун дахь байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт болох тэмцээнд сугалаа ёсоор өнгөрөгч бямба гарагийн нэгдүгээр гараанд Бүгд Найрамдах Казахстан Улс, хоёрдугаар гараанд Бүгд Найрамдах Киргиз Улс, ням гарагийн нэгдүгээр гараанд Монгол Улс, хоёрдугаар гараанд ОХУ-ын баг тамирчид 130 км маршид гарсан юм. Баг тамирчид 130 км замыг туулах явцдаа дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн бөгөөд алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжилнэ. Шүүгчийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ийн хурандаа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Цог-Эрдэнэ Ерөнхий шүүгчээр ажиллах бол орон бүрээс нэг шүүгч ажиллаж байна.
Оролцогч орноос зохион байгуулагч орон болсон нь
Уралдааныг нээж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хэлсэн үгэндээ “Дэлхийн улс бүхэн өөрийн орны аюулгүй байдлыг сахин хамгаалах цэрэг армитай бөгөөд цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэлийг өндөр түвшинд байлгахыг эрмэлзэж, дасгал сургуулилтыг тасралтгүй зохион байгуулдаг билээ. Цэргийн алба хаагч бүрийн олон талт бэлтгэл сургуулилтын нэгээхэн хэсгийн үр дүнг бодитоор шалгаж, дүгнэх боломжийг олон улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа “Аравт” морин цэргийн уралдаан бидэнд олгож байна. Манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, олон орны Зэвсэгт хүчнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр байгаа юм” гэсэн юм.
Монголын түүх бол морьтон дайчдын түүх юм
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд амжилт хүсэж, мэндчилгээ ирүүлснийг уралдааны Ерөнхий шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ уншиж сонордуулсан юм. Ерөнхийлөгчийн илтгээлтэд “ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсад анх удаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж байгаад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд баяртай байна. “Аравт” бол Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс уламжлан, Чингис хаан “Их Монгол” улсыг байгуулах үестээ улам боловсронгуй болгож, улсаа засаглахад ашигласан цэрэг-иргэний шинжийг хослуулсан засаг захиргааны систем. Монголын төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд алдаршсан нарийн чанд зохион байгуулалттай нэгж бүтэц байлаа. Монголын түүх бол морьтон дайчдын түүх гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Чингис хаан болон түүний залгамжлагчдын дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулал бол чухамдаа морин цэргийн түүх юм” гээд уралдаанд оролцогчид, ажиглагчдад амжилт хүссэн байлаа.
Сүр жавхлант нээлтийн сониноос
Нээлтийг хөтлөгчид монгол, орос хэлээр хөтлөн оролцогч багуудыг зарлахад “Аравт-2019” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар баг тамирчдынхаа хамт морьтой ёслолын жагсаалыг үзүүллээ. Сугалаа ёсоор унах морьдын зүсийг ялган, ижилсүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдоор гоёжээ. Хүндэтгэлийн аялгуу эгшиглэж Монгол төрийн хүндэт харуулын цэргүүд морин цэргийн уралдааны сүлд тугийг хүндэтгэлтэйгээр залснаар нээлт эхэлж, Монгол Улсын төрийн дуулал” -ыг Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид дуулав. Оролцож буй бие бүрэлдэхүүнд амжилт хүсээд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим сүр жавхлантайгаар мэндчилгээ дэвшүүлэв. Үүний дараа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга тоглолт дэглэж, Соёлын тэргүүний ажилтан Г.Дөлбадрах “Цэрэг эрс”, Соёлын тэргүүний ажилтан С.Хүрэлбаатар “Дайчин хорооны анд”, эмэгтэй дуучид “Мөрдөс гоёсон бүсгүй” дууг дуулсан бол ОХУ-ын баг хамт олон “Катюша”, “Смуглянка” дуугаараа ая дууны мэнд хүргэлээ.
Нээлтийн индэр урд жигүүрт засагдаж зочид төлөөлөгчид хойд жигүүрт зассан суудал болоод асрыг эзэгнэн тухалсан байлаа. Зүүн жигүүрт эгнэн ярайсан орон орны цэргүүд зүс ижил харагдаж байгаа нь сонирхол татаж байв. Баруун жигүүрт тамирчдын ар гэр, найз нөхөд төдийгүй нээлтийн арга хэмжээг үзэхээр зорин ирсэн ард иргэд дүүрэн байлаа. Харин хойд дэнжид дөрвөн цагаан гэрийг эгнүүлэн босгожээ. Хамгийн баруун гэрт “Монгол цэргийн музей”-н сан хөмрөгөөс дэлгэн харуулсан байв. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн газар нутгийн зураг, цэрэг зэвсгийн бүтэц, зохион байгуулалтыг харуулсан зураг болон хөө хуяг малгай, дуулга, нум сум, хоромсог саадаг тэргүүтнээс эхлээд дайн байлдааны үед хэрэглэж байсан гар буу, төөнүүр буу, цахиур буу, винтов, монгол цэргийн гар хийцийн эмээл, тохош, богц, дөрөө, тах гээд морин цэргийн эдлэл хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Мөн 1938 оны Бригад командлан захирагчийн дүрэмт хувцас, 1944-1952 оны хооронд Маршал Х.Чойбалсангийн өмсөж байсан цэргийн дүрэмт хувцсыг хойморт байрлуулжээ. Удаах гэрт Ахмад дайчин Н.Чинбат 50 гаруй жил цуглуулсан ил захидал, дугтуй, марк тэмдэг зэрэг арвин баялаг сангаасаа дэлгэн үзүүлсэн нь олны анхаарлыг татсан зүйл байв. Үүнээс сорчилж Чингис хааны үеийн байлдан дагуулал, морин цэргийн холбоотой цуглуулгаа нямбайлан өрсөн байлаа. Гурав дахь гэрт хүлээлгийн өрөө буюу амралтын өрөө, сүүлийн гэрт түргэн үйлчилгээний цэг байрлуулжээ.
Монгол адуу бусад орныг бодвол давжаа биетэй ч саад, бартааг илүү сайн туулдаг
ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрджээ. Олонх нь Зэвсэгт хүчний уралдаан тэмцээний тэргүүн эгнээнд явдаг тамирчид. Тухайлбал, тасгийн дарга, дэслэгч Т.Түмэнцэнд гэхэд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик, гурван төрөлт, саадын зурвас мэргэн буудагчийн хоёр төрөлт, өвлийн хоёр төрөлт, зуны таван төрөлт, цэрэгжлийн гимнастик гээд олон уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн спортын мастер. Жүдо бөхийн дэд мастер. Зэвсэгт хүчний уралдаан тэмцээн бүрд манлайлан оролцдог дэслэгч маань Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн биеийн тамир, спортын дарга бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумынх. Магадгүй малчин айлд төрж өссөн түүний хувьд эмнэг сургаж, хурдны морь унах нь гар доорх “ажил” нь байх. “Моринд эрэмгий, спортод гарамгай энэ залуу эх орондоо зохион байгуулагдаж байгаа морин цэргийн уралдаанд монгол цэрэг л түрүүлэх ёстой. Түүний төлөө манай баг тамирчид маш их хичээж байгаа” гэлээ. Агт сургагч, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож “Зүүн гурван аймгаас морьдыг сонгож, Зэвсэгт хүчний үндсэн сүргээс нийтдээ 200 агт морь бэлтгэснээс 100 морийг уг тэмцээнд тусгайлан бэлдсэн” гэлээ. Киргизстан улсын Жанжин штабын тактикийн тусгай хүчний дэд хурандаа Кайр Айдарбек “Цаг агаарын хувьд манайхтай ойролцоо байна. Манай морь өндөр бол монгол морь намхан юм байна. Эхний байруудад багтах зорилготой ирсэн” гэсэн бол Казахстаны багийн ерөнхий дасгалжуулагч Сейсебаев Мереке “Манай зэвсэгт хүчин “Аравт” олон улсын уралдааны дүрэм журмын дагуу дотооддоо тэмцээн зохион байгуулж, хамгийн шилдэг 23 алба хаагчаа энэ тэмцээнд илгээсэн. Монгол адуу манай морийг бодвол давжаа биетэй боловч саад, бартааг илүү сайн туулдаг юм байна. Мөн монголчууд маш зочломтгой найрсаг ард түмэн гэж санагдлаа. Манай баг тамирчдыг ирсэн мөчөөс эхлэн халуун дотноор хүлээж авсан. Тэмцээний бэлтгэлийн явцад ямар нэг бэрхшээл, хүндрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй шийдэж өгдөг. “Аравт” уралдааны зохион байгуулалт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маш өндөр түвшинд болж байна” гэлээ.
“Аравт"-ын баг бүрт GPS суулгав
“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалын холбоо, хяналтын системийг бүрэн суурилууллаа. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас шаардлага тавьсны дагуу манай цэргийн холбооныхон богино зайн маршийн цэгүүдэд хяналтын камерууд суурилуулж, алсын зайн маршийн маршрутын дагуух таван цэгт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн холбоочид команд штабын машинтайгаа байрлаж эхэллээ. Тэд усан саад, морь бугуйлдаж, уналгад бэлтгэх, хээрийн хоноглолт, шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум, галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах цэг бүр дээр томилогдон үүрэг гүйцэтгэж байна. Дэд хурандаа М.Батхуяг алсын зайн маршийн маршрутын цэгүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын бэлтгэл ажлыг шалгаад гарах зөвшөөрлийг өгсөн юм. Харин тамирчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд баг бүрд зүг чиг заагч буюу GPS суулгав. Ингэснээр хиймэл дагуулаас тухайн баг тамирчдыг хаана явж байгааг 24 цагийн туршид хянах боломжтой болж байгаа юм. Холбооныхны “Аравт” уралдааны үеэр ашиглах өөр нэг томоохон ажил нь IP технологид суурилсан радио станц. Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа нэвтрүүлж байгаа энэ технологийн ачаар 130 км-ын цаанаас ч гар станцаар холбогдож, цагийн байдлын мэдээ, мэдээллийг шууд дамжуулна гэсэн үг. Холбооныхны амжилт үүгээр зогсохгүй 15 метр өндөр бүхий станцтай болж. Энэ станцад тоон радио станцуудыг дахин дэмжүүлэгч болон үүрэн телефоны антеныг суурилуулснаар 4G системийг нэвтрүүлэх боломж бүрдэж, холбоо тасралтгүй, чанартай явагдах орчин ийнхүү бүрдсэн нь энэ. Цаашдаа энэхүү станцыг “Аравт”-аар хязгаарлагдахгүйгээр олон улсын болон хамтарсан сургуулиуд, томоохон арга хэмжээнд ашиглах боломжтой боллоо. Энэхүү томоохон ажлыг явуулахад Монгол Улсын холбоо мэдээллийн байгууллагууд, үүрэн телефоны хувийн компаниудтай хамтран ажилласан байна. “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны дүн энэ сарын 8-ны өдөр эцэслэн гарч, хаалтын ажиллагаагаар өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913