ТОЙМ: Жеффри Эпштэйний үхлийн асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч нараас байцаалт авна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тус улсын Ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын найз, тэрбумтан Жеффри Эпштэйн шоронд амиа хорлосон билээ. Түүнийг хүний наймааны хэрэгт сэжиглэж байсан юм. Эпштэйнийг бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан, 25 хүнийг бэлгийн мөлжлөг хийхийг шаардсан зэрэг хэргээр түр саатуулж байв.

Тэрээр Манхэттэн дэх шоронгийн камерт амиа хорлосон байжээ. 66 настай бизнесмен өнгөрсөн долоодугаар сарын эхэн үеэс хойш цагдан хоригдоод байсан билээ.

Тэрээр гэм буруугүй гэж мэдүүлж байв

Мөрдөн байцаалтын дагуу тэрбумтны харшид 2002-2005 онд насанд хүрээгүй охидыг дарамталж, хүчирхийлж байсан гэж тогтоожээ. Жеффри Эпштэйн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хохирогчид түүнтэй сайн дураар холбоо барьсан гэж мэдэгдсэн байна. Мөн тэднийг 18-аас дээш настай гэж бодож байсан гэжээ. 10 гаруй жилийн өмнө Эпштэйн мөн үүнтэй ижил төстэй хэрэгт яллагдагчаар татагдаж байв. Түүнийг олон жил шоронд хоригдох аюул заналхийлж байсан ч 2008 онд мөрдөн байцаалтын явцад тохиролцоонд хүрч чаджээ. Тэрээр насанд хүрээгүй хүнийг биеэ үнэлэх үйл ажиллагаанд оролцсонд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, олон хохирогчид нөхөн төлбөр олгосон байна. Тэр 13 сар шоронд суужээ.

Нөлөө бүхий танилууд

Дээрх хэргийг хурдан хаасан явдал нь Америкийн нийгэмд ихээхэн эсэргүүцэл үүсгэсэн. Жеффри Эпштэйнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Ерөнхийлөгч Доналд Трамп, Их Британийн ханхүү Эндрю, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак, Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салман зэрэг нөлөө бүхий дотно танил хүмүүс байжээ. Манхеттэн хотын мөрдөн шалгах хороо Доналд Трамп, Билл Клинтон нараас байцаалт авахаар хувийн төлөөлөгчдөд нь хандсан байна.

Зарим хохирогч Эпштэйний үдэшлэг дээр түүний зарим зочинтой бэлгийн харьцаанд орсон гэж мэдэгдсэн байдаг. 2008 онд Эпштэйнтэй хийсэн гэрээг хянаж байсан хүн Доналд Трампын засаг захиргаанд 2019 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байжээ. Эпштэйнийг баривчлагдсаны дараа тэрбээр огцрохоо зарлажээ. Их Британийн ханхүү Эндрю, Тони Блэр, Вуди Аллен, Кевин Спэйси нар түүнийг маш сайн мэддэг байсан аж.

Эпштэйний үхэл

Хүний наймаанд буруутгагдсан Жеффри Эпштэйн энэ сарын 10-нд Нью-Йоркийн Манхеттэн дэх шоронд амиа хорлов. 66 настай түүнийг өнгөрсөн долоодугаар сарын 7-ноос хойш цагдан хорьжээ. Хуульчид нь шүүхээс Эпштэйнийг батлан даалтад гаргахыг хүссэн ч татгалзсан хариу авсан байна. Түүнийг баривчлагдсаны дараа хууль сахиулах байгууллагын ажилтнууд гэрээс нь нүцгэн эмэгтэй, насанд хүрээгүй охидын олон мянган гэрэл зургийг олжээ. Мөн сейфээс нь Эпштэйний өөрийн гараар бичсэн бичээс, эротик агууламж бүхий бичлэгүүдийг олсон байна.

Трамп түүний үдэшлэгийн байнгын зочин байв

Эпштэйн олон нөлөө бүхий хүнтэй найз байсан. Тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, тэрбумтан, одоо АНУ-ын Ерөнхийлөгч болсон Доналд Трамп, Их Британийн ханхүү Эндрю, Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд асан Тони Блэр, Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак, Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салман, дэлхийд алдартай найруулагч Вуди Аллен, алдарт жүжигчин Кевин Спэйси болон бусад олон хүн бий. Доналд Трамп түүний зохион байгуулсан үдэшлэгт байнга очдог байжээ. Эпштэйний хэрэг элитүүдтэй холбоотой байсан учир АНУ-д маш их эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Сэтгүүлч нар Эпштэйний хүчирхийллийн хохирогч болсон 60 гаруй хүнийг олж чаджээ.

“Лолита Экспресс”

Жеффри Эпштэйн нь 1953 оны нэгдүгээр сарын 20-нд Нью-Йоркийн Бруклин хотод төржээ. Санхүүч тэрээр ажлын гараагаа нэгэн хөрөнгө оруулалтын банкнаас эхэлсэн бөгөөд дараа нь өөрийн бие даасан “J. Epstein & Co” компанийг байгуулсан байна. Эпштэйн нь “Лолита Экспресс” нэртэй хувийн “Боинг 727” онгоцыг эзэмшдэг байв. Тэр ихэнхдээ зочидтойгоо хамт нисдэг байжээ. Тухайлбал, 2002 оны есдүгээр сард Эпштэйн Билл Клинтон, Кевин Спэйси, Крис Такер нартай хамт Африк руу ниссэн байна.

Нислэгийн бүртгэлээс харахад Билл Клинтон Эпштэйний онгоцоор АНУ-аас гадуур дор хаяж 12 өөр газарт 26 удаа нисчээ. Клинтон өөрөө тэрбумтантай хамт дөрвөн удаа ниссэн гэж хэлдэг аж. Энэ нь Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч байсан үед хамаатай гэнэ.

“Фэнүүдийн үг”

Доналд Трамп 2002 онд Нью-Йоркийн сэтгүүлд “Би Жеффийг 15 жилийн турш мэднэ. Тэр гайхалтай залуу. Түүнтэй байх маш хөгжилтэй. Түүнийг надтай адил сайхан эмэгтэйчүүдэд дуртай гэж ярьдаг шүү дээ” гэж ярьж байжээ. Харин 2019 онд Трамп өөр зүйл ярьсан байна. Тэр “15 жилийн турш Эпштэйнтэй дотно харилцаатай байгаагүй” гэсэн байна. 2003 онд тэрбумтан Лесли Векслер Эпштэйний талаар маш зусар үг хэлжээ. “Тэр маш ухаантай. Хурц оюун ухаан, мэргэжлийн өндөр стандартыг хослуулсан. Түүнээс гадна үнэнч найз” гэж тэр хэлсэн байна. 2019 онд Векслерийн хэвлэлийн төлөөлөгч “Forbes”-т ярихдаа “Ноён Векслер ноён Эпштэйнтэй харилцаагаа 10 гаруй жилийн өмнө тасалсан” гэжээ. Билл Клинтон Эпштэйнийг “үнэнч, өгөөмөр сэтгэлтэй хүн” гэж магтсан байна. Эпштэйн Рокфеллерийн сангийн ТУЗ-д ажиллаж, Харвардын их сургуульд хандивлагч байсан бөгөөд Америкийн Бүгд найрамдах болон Ардчилсан намыг санхүүжүүлжээ.

Эпштэйн тэрбумтан мөн үү?

Эпштейнийг ихэвчлэн "тэрбумтан" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч олон шинжээч, сэтгүүлч үүнд эргэлздэг байна. Тэр анх 2001 онд тэрбумтан гэгдэж байсан бөгөөд дараа нь 2008 онд түүний өмгөөлөгч нар нь үүнийг мөн шаардаж байжээ. Гэхдээ “New York Times” сонин Эпштэйний найзууд түүний үл хөдлөх хөрөнгийг “баримтаас илүү хуурмаг зүйл” гэж нэрлэдгийг олж мэдсэн байна. Дараа нь “Forbes” “Яагаад бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштэйн тэрбумтан биш вэ” гэх нийтлэл гаргаж байжээ. Уг нийтлэлд мэргэжилтнүүд 2008 оны дэлхийн хямралын дараа түүний чинээлэг ивээн тэтгэгчид Эпштэйнээс холдсон, Эпштэйн үнэхээр баян байхаа больсон гэж үзсэн байв. Хэдийгээр тэр оффшор бүсэд хөрөнгөтэй ч баян хүн биш гэж үзжээ.

Түүнийг хөнөөсөн гэв

Эпштэйн хүний наймааны хэрэгт буруугүй гэдгээ мэдэгдэж, ирэх жил эхлэх байсан шүүх хурлыг хүлээж байв. Зарим яриагаар тэрбумтан хүзүүндээ хөх няцтай, нүцгэн байжээ. Энэ нь хүн амины хэрэг байсан гэж таамаглаж буйгаа Доналд Трамп мэдэгдсэн бол Цагаан ордоноос “Ерөнхийлөгч зүгээр л бүх зүйлийг шалгаж өгөхийг хүсэж байна” гэх тайлбар өгсөн байна. Ийнхүү Жеффри Эпштэйний үхэл “хуйвалдааны шинэ онол”-ыг дэвшүүлж байна гэж гаднын зарим хэвлэл мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top