Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг сунгасан

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах шийд­вэрийг ажлын хэсгээс гаргажээ. Энэ сарын 18-нд хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар 2019 оны гуравдугаар сарын 6-нд тус үйлдвэрт тогтоосон зургаан сарын хугацаатай онцгой дэглэмийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.


-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг сунгах тухай мэдээлэл гаргах боллоо. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хурал уржигдар болсон. Ерөнхийдөө “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон хугацаанд ямар үр дүн гарав гэдгийг тооцож үзсэн. Төсвийн бүрдүүлэлт сайн байна. Тат­вар төлөлт нэмэгдсэн дүнтэй байгаа. Үүнийг лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нийтэд ил болгох байх. “Эрдэнэт” үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. ОХУ-тай холбоотой өмнөх хэлцлүүд хүчингүй болсноор үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд УИХ-ын 23 дугаар тогтоолын хоёр заалт бүтэн хэрэгжсэн гэж үзэж болно. Гол заалт бол суутган тооцох замаар энэ асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдэх гэдэг заалт байгаа. Тэр асуудлыг шийдэх гэхээр шүүх дээр явж байгаа. Шүүхийн процессыг дуусах хүртэлх хугацаанд холбогдох байнгын хороонд танилцуулж нэг удаа сунгах боломжтой. Тиймээс онцгой дэглэм үргэлж­лэх нь эрх зүйн хувьд зүйтэй гэж үзсэн.

-Онцгой дэглэм хэр удаан үргэлжлэх вэ?

-Хуулиараа зургаан сар байдаг.

-Монголын зэс корпо­рацийн зүгээс Засгийн газар бидэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсэхгүй байна гэж тайлбарласан. Хэлэлцээр хэзээ хийгдэх вэ?

-Нийтдээ 400 сая ам.доллараар худалдан авалт хийсэн. Засгийн газраас холбогдох материалуудыг үзээд үүнийг шүүхээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Яг хэдэн төгрөг төрөөс, хэдэн төгрөг Худалдаа хөгжлийн банкнаас гарсан бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Эхэндээ Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө гараагүй гэж байсан бол сүүлдээ Худалдаа хөгжлийн банкнаас гарсан болсон. Хөгжлийн банкны эх үүсвэрээс хэдэн төгрөг, Монголбанкнаас хэдэн төгрөг авсан бэ гэдгийг тогтооно. Мөнгөтэй холбоотой асуудлуудыг шүүх л нэг талд нь гаргана. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсчихээд явж байгаа тохиолдолд иргэний журмаар асуудлыг хэлэлцээрийн ширээний ард суух боломжгүй болж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top