Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой тохиож буй энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон 2020 оны “Тэргүүний хөрөнгө оруулагч” байгууллага боллоо. Уурхай болон баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг өргөжүүлэхэд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, улс орны нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван гарах болон уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж, уг шагналыг хүртээсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас жил бүр салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг геологийн судалгаа, геологи хайгуулын шилдэг байгууллага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч, тэргүүний нөхөн сэргээгч, шилдэг зураг төсөл боловсруулагч, шилдэг туслан гүйцэтгэгч, шилдэг ханган нийлүүлэгч зэрэг есөн номинациар шалгаруулан, батламж гардуулдаг уламжлалтай. Батламж гардуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын хамт олонд хандаж мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр, “Монгол Улсын Засгийн газраас энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль, болон санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссоос холбогдох шийдвэрийг гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд манай уурхайчид цаг наргүй, идэвхи зүтгэлтэй ажилласны хүчинд эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг тодорхой хэмжээнд бууруулж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдөр уул уурхайн салбарт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаа бөгөөд тус салбарын хөгжилд жирийн ажилчнаас эхлээд инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Тэдний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд улсын төсвийн орлого найдвартай бүрдэн хүн бүрийн амьдралд шинэ шинэ итгэл найдвар, гэрэл гэгээ авчирч байгаад Монголын ард түмэн баярлаж байдаг билээ” хэмээн тэмдэглэсэн байна.
М.Балжинням
Сэтгэгдэл ( 0 )