Г.Бадамхатан: Улаанбаатарын 220 мянган өрхийн хоёр сарын хэрэгцээг хангах түлшийг нөөцлөөд байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Засгийн газраас түүхий нүүрсийг 2019 оны тавдугаар сарын 15-наас хэрэглэхийг хориглосонтой холбогдуулж сайжруулсан шахмал түлш хийх үүрэг аван ажиллаж буй “Тавантолгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ахлах зөвлөх, Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатантай ярилцлаа. 


- Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

- Би шахмал түлшний талаар 40-өөд жил судалсан хүн. “Монгол орны чулуун ба хүрэн нүүрсээр шахмал түлш бэлтгэх технологи” гэдэг сэдвээр 2000 онд докторын зэрэг хамгаалсан бол 2005 онд нүүрсний боловсруулалт, шахмал түлшний үйлдвэр­лэлийн чиглэлээр Зөвлөх инженер болсон.

- “Тавантолгой түлш” сайжруулсан түлшний ТЭЗҮ яг хэзээ батлагдаж, үйлдвэрлэлд нэвтрээд  явж байгаа вэ?

- “Тавантолгой түлш” байгуулагдаад хамгийн түрүүнд хийсэн ажил бол сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрчим хүчний яамны техникийн зөвлөлөөр 2018 онд батлуулсан. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад түлшний стандартаас гадна бат бэхийн стандарт, утааны стандарт, ажилтны тоо, хөрөнгө оруулалт, технологи, орц найрлага, татвар түрээс, түгээн борлуулалт зэрэг бүхий л төсөв тооцоо, тайлангаа гаргаж байж ТЭЗҮ-д ордог. 2018 онд Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний институттэй хамтарч, 30 гаруй төрлийн хувилбараар туршаад, сайжруулсан шахмал түлшний стандартыг шинээр боловсруулан гаргаж, 2019 оны тавдугаар сард шинэчилсэн стандартыг баталсан. Үүнийг батлахын тулд Түлш, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөл, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурал, иргэдийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

- Шахмал түлшний үйлдвэр нь жилд хэдэн тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

- Жилд 6000 тонн хүчин чадалтай шахмал түлшний үйлдвэр Толгойтод баригдаж байгаа бөгөөд ирэх сард бүрэн хүчин чадалтайгаар ажлаа эхлүүлнэ. ТЭЗҮ батлуулахын зэрэгцээ Түлш, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр сайжруулсан шахмал түлшний орц норм, технологийг боловсруулж 2019 оны дөрөвдүгээр сард батлуулсан. Энэ орц, нормын дагуу 24 цагаар гурван ээлжээр үйлдвэрлэж байна. Ард түмэндээ дүнгээ тавиулах цаг улирал ч ирж байна.

- Одоогийн байдлаар хэдэн тонн шахмал түлш үйлдвэрлэж, нөөцлөөд байна вэ.  Түгээн борлуулах талаар мэдээлэл хүргэвэл?

- Өнөөдрийн байдлаар 170 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд байна. Улаанбаатарын нийт 220 мянган айл өрхийн хоёр сарын хэрэгцээг хангах хэмжээний түлш. Түлшийг борлуулах 540 гаруй цэгийг байгуулж ажиллах төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 300 гаруй цэг байгуулагдсан. Ирэх сарын 1-нд бүх цэгийн үйл ажиллагаа нь жигдэрнэ. Түлшээ цахим картаар худалдан авах боломжтой бөгөөд харьяалагдах хорооноосоо авч болно. Зургаан дүүрэгт шахмал түлшний нөөцийн агуулах байгуулсан. “Тавантолгой түлш” компанид 107 цэг Улаанбаатар хотод олгосон. Энэ цэгт нүүрс хадгалах, борлуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

- 1978 оноос хойш сайжруулсан түлшний талаар яригдаж байсан гэдэг. Яагаад ийм хожуу хэрэгжүүлэх болов?

-Тийм. Тухайн үед нүүрсний хаягдал их гардаг байсан. Айл бүхэн тонн нүүрс авахад тал нь нунтаг нүүрсний хог үлддэг, уурын зуухны гадна 20,30 тонноороо үлддэг байж. Тэр үед олон улсын туршлагаар нунтаг нүүрсийг хаяхгүй, түлш эрчим хүчээ хэмнэе гэсэн аян явагдаж байсан. Манай Засгийн газар шахмал түлшний үйлдвэр өндөр хөгжсөн Герман улсын технологийг нэвтрүүлэх ажил эхэлж байсан боловч үр дүнд хүрэлгүй, хөрөнгө мөнгөний асуудлаар орхигдсон. 2000-2010 оны үед агаарын бохирдлын асуудал яригдаж эхлэх үеэр хувийн хэвшлийнхэн Хятад Улсаас бага оврын тоног төхөөрөмж авчирч, шахмал түлш үйлдвэрлэж байсан. Хувийн хэвшлийн 10 гаруй компани жилдээ 5000 тонн хүрэхгүй түлш үйлдвэрлэдэг боловч 1000 айлын л хэрэгцээг хангадаг байж. Тухайн үед 180 гаруй мянган өрх айл байсан бол одоо 220 мянган зуух, яндантай өрх айл байна.  “Амаро интернэйшнл” гэдэг компани 2004 оны үед Хоёрдугаар Цахилгаан станцын хашаанд 17 тэрбум төгрөгийн өртөгтэй үйлдвэр байгуулсан боловч амжилт олоогүй.

- Шахмал түлшийг хэрэглэж байсан бусад орны туршлага, түүхээс хуваалцана уу?

- Шахмал түлшийг 1800 оноос үүсэлтэй гэж үздэг бөгөөд дэлхийн олон улс хэрэглэж үр дүнд хүрсэн. Англи улс 1952 онд агаарын бохирдол туйлдаа хүрч, хүчлээр бороо орж, хоёр, гуравхан өдрийн дотор 10 хэдэн мянган хүн амь насаа алдаж байсан гашуун түүхтэй. Английн Засгийн газар Цэвэр агаарын хууль гаргаад, түүхий нүүрсийг хориглож, Германы туршлага, технологийг ашиглан утаа багатай шахмал түлш, бүрэн шаталттай зуух төслийг өрнүүлж маш богино хугацаанд агаарын бохирдлоосоо ангижирч байсан түүхтэй.

- Хүмүүс анх удаа шахмал түлшийг  хэрэглэж байгаа учир шахмал түлшний орц найрлага болон хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ үү?

- Хэрэглэгчдийг зөв технологиор түлэх тал дээр зөвлөгөө мэдээлэл түгээх, сурталчилгаа хийх өдөрлөгт 40-өөд мянган өрхийг бүртгэж авлаа. Хэрэглэгчид түлж, шатааж сураагүй, хэвшээгүй тул бүх цэгээр, айлуудаар явж сургалт явуулж байгаа. Агаарын бохирдлоос ангижрахын тулд иргэн бүр хичээл зүтгэл гаргаж, сайжруулсан түлшээ түлж сурцгаая гэж уриалж байна. Манай шахмал түлшний орц найрлага нь олон улсын жишигт нийцсэн сайн чанарын түлш гаргахын тулд түүхий эдийн сонголтыг Тавантолгойн ордоос нүүрсийг ашигласан. Утаанд агуулагдах дэгдэмхий бодисын хэмжээ нь бусад уурхайн нүүрснээс хоёр дахин бага, илчлэгийн хэмжээ нь хоёр дахин их юм. Шаталтын үед яндангаар гарах утаа бага, үнэргүй болно. Шаталтын хувьд түүхий нүүрснээс хоёр гурван цагаар урт учраас түлэх нүүрсний хэмжээ буурч, хэрэглэгчийн хувьд эдийн засгийн хэмнэлттэй болно. Нүүрсийг баяжуулах үйлдвэрээр орж угаагдан хагас боловсруулсны дараа нүүрсэнд гурван төрлийн нэмэлт бодис хольдог. Нэгдүгээрт, нунтаг нүүрсийг бэхжүүлэх зорилготой SB1 гэдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн, үнэр танаргүй цавуулаг бодис хольдог. Хоёрдугаарт, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн SOUTHHFREE гэдэг бодис хольдог. Энэ бодис нь нүүрстөрөгч, устөрөгчийн дутуу шаталтыг дэмжиж, сайн шатаадаг, хөө тортгийг дардаг, зуух яндан, төмрийг зэврэлтээс хамгаалдаг бөгөөд энэ бүтээгдэхүүн сүүлийн 10-аад жил дэлхийн олон улсад нэвтэрчээ. Гуравдугаарт, хүхрийн агууламжийг дарахын тулд шатаасан шохойг бага зэргийг хольдог. Үүний үр дүнд хөө тортог, утаа, нүүрсхүчлийн хий, азотын хий, хүхэрлэг хийний хэмжээ дөрөв дахин буурч байгаа. Энэ технологийг гаргахын тулд маш олон удаагийн туршилт, судалгаа хийсэн.

- Таны 40-өөд жил судалсан нөр их ажил агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна уу?

- Маш их итгэлтэй байна. Монгол орны олон төрлийн нүүрсийг гадаадад аваачиж, тэдний техник, технологи дээр туршиж байсан. Хамгийн оновчтой хувилбараар шахмал түлшээ боловсруулж байна. Агаарын бохирдол 50-60 хувь буурна гэдгийг яагаад баттай хэлээд байна гэхээр нийслэлд өнгөрөгч оны тооцоогоор 220 мянга гаруй өрх 1.200.000 тонн түүхий нүүрсийг түлж өвлийн ачааллаа давж байжээ. Ирэх өвөл хэрэглэх 600 мянган тонн шахмал түлш, 1.2 сая тонн түүхий нүүрсийг орлоно. Нэг тонн нүүрсийг шатаахад 1.5 тонн утаа гардаг. Хоногт 100 вагон нүүрс түлдэг байсан бол 50 вагон нүүрс түлнэ.

- Агаарын бохирдлыг бууруулах хамгийн сайн гарцыг сайжруулсан түлш гэж та хэлж байна уу?

- Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн түрүүнд орон сууцжуулах, цахилгаан халаалтыг хэрэгжүүлэх, шатах хий буюу газ хэрэглэх зэрэг маш олон арга бий. Жилд ашиглалтад оруулж байгаа орон сууцны тоо бага байна. Нийслэлийн инженерийн шугам сүлжээний даац хэтэрсэн. Эдийн засгийн байдал хүнд, иргэдийн худалдан авах чадвар хангалтгүй байгаа учир ойрын таван жилдээ шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлоо бууруулахад анхаарах хэрэгтэй юм. Цаашид шингэрүүлсэн хий, шатдаг хийг нэвтрүүлэх шаардлагатай. Үүнээс гадна айл гэр, албан байгууллага бүр дулаалгаа маш сайн хийх хэрэгтэй. Ингэснээр түлшний хэрэглээ 20-30 хувь буурдаг. 

- Агаар бохирдуулах хүчин зүйлийн хэдэн хувийг түүхий нүүрс эзлээд байна вэ?

- Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа гурван том эх үүсвэр байна. Нэгдүгээрт, жилд 4-5 сая тонн нүүрс хэрэглэдэг цахилгаан станцууд байна. Хоёрдугаарт, авто техникууд. Сүүлийн үед нийслэлд 900 мянган авто техник хөдөлгөөнд оролцож байна. Гуравдугаарт, агаарын бохирдлын 80 хувийг үүсгээд байгаа гэр хорооллын яндангийн утаа эзэлдэг. Бид Азийн цагаан дагина нэртэй байсан, ямар ч утаагүй, цэвэрхэн хот байсан. Тэр сайхан нэрээ эргэж олж авахын тулд ард иргэдийн оролцоо чухал.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.188.70) 2019 оны 08 сарын 29

Амжилт

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
mn(202.131.243.186) 2019 оны 08 сарын 30

Багш маань олон жил шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж зүтгэсэн. Биелэх цаг нь ирж. амжилт хүсье. Сонирхуулахад багш маань Суварган цэнхэр уулс УСК-нд амь үрэгддэг Сүрэн гэдэг байлдагчийн дүрд залуудаа тоглосон байдаг.

1  |  0
Puje (103.10.22.12) 2019 оны 08 сарын 29

Zuw sanaa jinhen eh ornoo ur udmaa eruul bailgay gesen hunii 40.n jiliin khudulmur demjij bna

0  |  0
Top