Өөрийнхөө жамаар мөлхөж буй аялал жуулчлалын салбар

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

-Бид зүдүүхэн урлагийн шоу, допингтой допинггүй бөхчүүд, эрлийз морьдынхоо уяачдаас залхжээ-

Аялал жуулчлалын оргил цаг өнгөрч, улирал өөрөө ая тухаа хумиж буй цаг хэдий ч дурдахаас өөр аргагүй үйл явдал өрнөж, тоо баримт хөвөрч байна. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэхдээ жуулчдын тоог нэг саяд хүргэхээ илэрхийлсэн. Энэ цагаас хойш бараг таван жилийн хугацаа өнгөрч Монгол Улсад жилдээ 500 мянгаас төдийлөн давсан жуулчин ирсэнгүй. Харин монголчууд бид өөрсдөө 2019 оны байдлаар гадагшаа нэг саяулаа аялсан байх юм. Энд дэлхийн соёлтой танилцах гэсэн дотоодын аялагчдыг буруушаах гэсэнгүй. Гагцхүү дотоодын аялагчдын гадагшаа аялах урсгал жил ирэх тусам нэмэгдээд байхад гадны жуулчдын урсгал яагаад нэмэгдэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг л хөндөх гэсэн юм.

Монгол Улс зам харгуйгаа барьж, нисэх буудлуудаа өргөтгөн засч байгаа нь иргэдийнхээ ая тухад анхаарч байгаагийн зэрэгцээ аялал жуулчлалаа хөгжүүлэх нэгэн стратеги төлөвлөгөө хэмээн Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яамнаас тайлбарлаж буй. Энэ бүтээн байгуулалт бол аялал жуулчлал хөгжихөд ихээхэн түлхэц болох ажлууд мөн үү гэвэл мөн. Гэвч бид үүнээс өөрөөр жуулчдыг татах юу хийсэн билээ гэхээр товойлгон хэлэх зүйл алга.

Цонжин болдогт буй Чингис хааны цогцолбор, Аглаг бүтээлийн хийд, Хэрлэнгийн хөдөө аралд буй гэрэлт хөшөө тэргүүтэн бүтээн байгуулалтыг үгүйсгээд яахав. Гэхдээ л Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм, Эйфелийн цамхаг, Энэтхэгийн Чанд Баорийг үзэхсэн гэдэг шиг жуулчид цувахаар бүтээн байгуулалт биш гэдэг нь Монгол Улсад ирж буй жуулчдын тооноос харагдана.

Хамгийн гол нь үүнийхээ утга учир, үүх түүхийг хэнд ч хаана ч нээн таниулаагүй болохоор тэр. Нөгөө талд бидэнд аялал жуулчлалын менежмент алга. Бодлого ч алга.  Бид дэлхий дээрх хамгийн сүүлчийн нүүдэлчдийн хувьд үндэсний соёл урлаг, нүүдэлчдийн ахуйгаар дамжсан аялал жуулчлалын бүсийг бий болгох хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд хэлж буй.

Үүний зэрэгцээ сүүлийн үеийн нэгэн жишээ анхаарал татаж байна. Саяхан ОХУ-ын “Русские Витязи” багийнхан сөнөөгч онгоцны нисэгчид Хүйн долоо худагт нисэх үзүүлбэр хийхэд хэчнээн мянган монголчууд очсныг харахад яах аргагүй шинэ зүйл хүсч байгааг харууллаа. Энэхүү нисэгчдийн үзүүлбэр үзэхээр Хүйн долоон худгийг зорьсон хүмүүс үндэсний баяр наадмаар ч ийм түгжрэл үүсдэггүй хэмээн ярьж байна. Тэгэхээр бидэнд шинэ зүйл зайлшгүй хэрэгтэй болжээ. Шинэ гэдэг нь үндэсний урлагийг олон улсын хэмжээнд сурталчилан таниулах, нүүдэлчдийн соёлыг дэлхий дахинд мэдрүүлэх кампанит ажил хэрэгтэй байна гэсэн үг. Энэ бол дэлхийн хаанаас ч сонирхож үзэх бидний бренд юм. Аялал жуулчлалын гол менежмент юм. Гэтэл бид гадаад сурталчилгаандаа 100 гаруйхан сая төгрөг төсөвлөдөг нь даанч чамлалтай.

Өдгөө зам харгуй, нисэх зурвас харьцангуй гайгүй болсон цагт байгалийн сонин хачинг үзэх гэсэн гадна дотны жуулчид саадгүй болжээ. Гэвч нэгэн судалгаанаас авч үзэхэд жуулчид энэ дэлхийн тогтоц, байгалийг үзэх гэж шунахдаа бус тухайн улс орны онцлог, түүх соёл, хүний гараар бүтсэн гайхамшгийг үзэх гэж нэн тэргүүнд дэлхийгээр нэг хэрэн тэнэдэг байна. Түүнээс бус байгалийн тогтоц бол хоёрдугаар асуудал гэдгийг дурдажээ. Урлаг соёл, ялангуяа үндэстний дархлааг тээж яваа язгуур урлаг, ардын авьяастнуудаа мартсан улс бол Монгол. Харин түүний оронд арга ядсан шоучдыг дэмжих, тэднээр дамжуулан нийгэмд ил гарах гэсэн хүмүүсийн тоо л олон байна. Шийдвэр гаргах түвшинд ч хэдэн шоучдаа дэмжинэ үү гэхээс уламжлалт урлаг соёл, зарим мартагдах шахсан үндэсний асар том өвийг тээж яваа хүмүүсээ огт дэмждэггүй нь хэтдээ аялал жуулчлал хөгжих нь бүү хэл үндэсний том соёл устах ч аюул нүүрлэж магадгүй болжээ. 

Олон ястны өлгий нутагт монголчууд өөрсдөө гайхмаар урлаг соёл, шагширмаар өвөрмөц зан үйл бий. Энэ бүхэн л дэлхийн анхаарлыг татаж чадна. Түүнээс суурин иргэншилтэй шоучид, чулуун суурьтай хэдэн хөшөө татахгүй л болов уу.

Үүнээс гадна нүүдэлчдийн соёлыг хадгалж  яваа малчдын амьдрал ахуй өөрөө тэр чигээрээ жуулчдыг татах нэгэн гол цөм юм. Өнөөдр үүнийг үзэх л гэж жуулчид ирж байна, алс Хөвсгөл аймгийн баруун, зүүн тайгад цаатны амьдрал ахуйтай танилцах гэж очиж байна, говь талын малчныд очиж байна. Ховд аймагт зохион байгуулагддаг олон ястны урлагийн наадмыг үзэхээр зорьдог. Түүнээс хотоос зайдуу хэдэн хөшөө баримал үзэх гэж ирсэн нь тун ховор.

Дэлхийн түүхийг бүтээсэн монголчуудын өөрсдийнх нь түүх яах аргагүй олон улсын анхааралд байдаг зүйл. Үүнийгээ олон улсад сурталчилан таниулсан ямар нэгэн ажил зохион байгуулах, үүгээр дамжсан бүтээн байгуулалтыг өндөр зэрэглэлд бүтээх цаг нь болсон гэдгийг ч салбарынхан сануулсаар.

Хүйн долоо худагт морь уралдаж л байдаг, бөх барилдаж л байдаг. Гэтэл ОХУ-ын хэдэн сөнөөгч онгоцны үзүүлбэр үзэх гэж цугласан шиг тийм олон хүн цугладаггүй гэдгийг хүмүүс ярьж байна. Тэгэхээр бид тулга тойрсон урлагийн шоу, допингтой допинггүй бөхчүүд, эрлийз хурлийз морьдын уяачдаас залхасан байгааг анзаарлаа. Бөхчүүд, уяачид маань үндэсний өв соёлыг тээгчид гэдгийг үгүйсгэх гэсэнгүй, гагцхүү худлаа уралдаж хуурамч барилдаж байгаагаас тань залхаад байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл үл итгэлцэл бий болж, үндэсний их өв соёлоо ч ад шоо үзэхэд хүргэж байгаагийн нэг жишээ энэ.  Түүнээс бус монгол хүн монгол хэвээрээ байна. Нөгөө талд даяаршиж буй энэ үед тэс өөр зүйл хүсч байгаа хэрэг. Хэдийгээр бид даяаршлын шуурганд тэсч үлдэх учиртай үндэстэн ч нөхцөл байдлаа өөрчлөх цаг болжээ гэдгийг энэ хэдхэн минутын нислэг харуулав. Гагцхүү шинэ зүйл хийж байна гээд үндэсний бүхнээ умартаж болохгүй нь ойлгомжтой.

Уг нь 1954 онд манай улсын Гадаад худалдааны яамны дэргэд “Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо” нэртэй өдгөөгийн “Жуулчин” компани байгуулагдсан цагаас хойш өдгөө нэгэн жарны босго даваад байгаа ч энэ салбар хөгжсөнгүй гэдгийг өдгөөгийн нөхцөл байдлаас харж болно. Энэ цагаас хойш олон ч баримт бичиг үйлдэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэрнээ огт бодлого хэрэгжихгүй байгаад шүүмжлэлтэй хандах болсон юм.

Өнгөрөгч 2015 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан дагуу 2017 онд “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл хэрэгжүүлээд Герман, Тайланд улстай хамтран ажиллаад бараг гурван жилийн нүүр үзлээ. Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Аялал жуулчлал тогтвортой хөгжихөөс гадна, эдийн засгийг хүртээмжтэй байлгах үүднээс ийнхүү хамтран ажиллаж айсуй 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг ахин дэвшүүлсэн. Гэтэл 2018 онд 529 мянган жуулчин хүлээн авсан бол энэ онд мөн л дээрх тоо мөргөж байгаа бололтой.

Бас нэгэн баримт бий. Манай улс 3.3 сая хүн амтай. Үүний 2.5 сая нь буюу 80 хувь нь гадны аль нэг улс руу аялсан гэх судалгаа байгаа нь ч анхаарал татна. Гэхдээ 2007 оноос жуулчдын тоо өнөөдрийг хүртэл тогтмол өсч ирсэн гэгээлэг статистик бий. Энэ нь шийдвэр гаргах түвшинд бодлого боловсруулаад түүнийгээ хэрэгжүүлсэн бус жамаараа өсч буй тоо юм. Хэрвээ аялал жуулчлалын салбарт бодлого хэрэгжүүлсэн бол өдийд арай өөр түвшинд байх учиртайг энэ салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Мөн нэгэн баримт бий. Өнгөрөгч жил Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран гадаадын жуулчид Монгол Улсад аялахдаа гаргадаг зардлыг судалжээ. Судалгаагаар жуулчид дунджаар хоёр долоо хоногийг Монгол Улсад өнгөрүүлэхдээ хувийн аялагчид 1526 ам.доллар, компаниар үйлчлүүлсэн аялагчид 2383 ам.долларыг тус тус зарцуулдаг нь тогтоогджээ. Жуулчид манай улсад аялах хугацаандаа төлбөр тооцооны 74 хувийг бэлнээр, 26 хувийг төлбөрийн карт ашиглан хийдэг аж. Судалгаанд Монгол Улсад аялсан 1233 жуулчныг санамсаргүй түүврийн аргаар хамруулжээ. Энэхүү судалгаа нь бид аялал жуулчлалаа хөгжүүлэх нь юу юунаас чухал гэдгийг харуулж байна. Даанч бодлогоор бус өөрийнхөө жамаар мөлхөж буй салбар юм даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top